24 баримт
Анхны долоогийн түүхэнд гүйцэтгэсэн 5 чухал үүрэг
Монголын улс төрийг ууган хүчин Монгол Ардын Нам байгуулагдсаны 99 жилийн ой энэ жил тохиож байна. Жил бүрийн 3 дугаар сарын 1-ний Эх орончдын баярын энэ өдөр бид улс төрийн намыг үүсгэн байгуулж, Ардын хувьсгалыг удирдан, тусгаар тогтнолоо сэргээж чадсан төр, нийгмгийн зүтгэлтнүүд, эх орончдоо дурсах учиртай юм.
Ардын нам, Ардын хувьсгалын “анхны долоо” хэмээн мөнхөрсөн Солийн Данзан, Догсомын Бодоо, Дамдины Сүхбаатар, Хорлоогийн Чойбалсан, Дансранбилэгийн Догсом, Дамбын Чагдаржав, Дарьзавын Лосол нарын Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг асар их. Эдгээрээс хамгийн чухал 5 үйл явдлыг онцолж байна.
Анхны улс төрийн нам байгуулав
Монгол Улсад улс төрийн ууган хүчин Монгол Ардын намыг анхлан байгуулж, үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, бүтэц, зохион байгуулалтыг хийж, байгууллагын соёл, үнэт зүйлийг бий болгосон.
Анхны долоогийн үүсгэн байгуулсан Хүрээний ба Консулын 2 бүлгэм 1920 оны 6 сарын 25-нд нэгдэж “Монгол Ардын нам” нэртэй улс төрийн байгууллага болсон нь Монголын анхны улс төрийн нам байв. 1921 оны 3-р сарын 1-нд Монгол Ардын Намыг албан ёсоор байгуулж, улмаар Түр засгийн газрыг байгуулав. Ардын хувьсгал ялсны дараа анхны долоо нь Ардын засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллацгаасан байдаг. Ардын түр Засгийн газар нь
- Ард олны эрх ашгийг хамгаалах
- Эрдэм соёлыг хөгжүүлэх
- Монголын ард түмний төлөөлөгчдийн их хурлыг хуралдуулж Үндсэн хууль цаазыг тогтоох,
- Хөрш зэргэлдээ улсуудтай найрсаг харилцаа тогтоон бэхжүүлэх зорилгоор ажиллаж байв.
Монгол орныг харийн түрэмгийлэгчдээс чөлөөлж, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолыг сэргээв
ХХ зууны эхэн үед Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн алдагдаж, Монгол орон нийгмийн хоцрогдол, харийн дарлалд нэрвэгдэж, дөнгөж олсон үндэсний эрх чөлөө, автономит төрийн тусгаар тогтнолоо бүрэн алдаж, гадаад ертөнцөд төв Азийн өндөрлөг дэх мөхөж буй үндэс гэгдэж байв. Энэ үед Монголын хатан зоригт эрэлхэг хөвгүүд улс орныхоо тусгаар тогтнолыг буцаан сэргээх зорилго дор бүлгэм болж нэгдэж, тэмцлийн замыг эрэлхийлж эхэлсэн нь анхны долоо байв. Ийм эгзэгтэй цаг үед тэд тусгаар тогтнолын төлөөх ард олныхоо хүчийг нэгтгэн, зохион байгуулж, тэмцлийг манлайлан удирдсан. Ингэснээр 1921 онд Монгол Улс тусгаар тогтнолоо дахин сэргээж, Монголын ард түмний 200 гаруй жилийн чин хүслэн биелсэн билээ. Тэд эх орноо чөлөөлөх тэмцэлд ард түмнээ удирдаж, 1921 оны хувьсгалыг ялалтад хүргэснээр улс үндэснийхээ тусгаар байдлыг сэргээн тогтоож, нийгмийн шинэчлэлийн үйл хэргийг эхлүүлсэн түүхтэй.
Түүнчлэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо гадаад дотоодод хүлээн зөвшөөрүүлж, Бүрэн эрхт бүгд найрамдах Улсыг байгуулахын төлөө олон чухал ажлуудыг хийсэн байдаг. Үүнд:
- 1924 онд Анхдугаар үндсэн хууль баталж
- 1945 онд Ялтын гурван улсын гэрээг амжилттай хийж, гадаад орнуудад тусгаар улс гэдгээ хүлээн зөвшөөрүүлж
- 1945 онд улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнолыг Бүх ард түмний санал асуулгаар баталгаажуулж,
- 1946 онд Монгол Улсыг тусгаар тогтнолыг олон улсын тавцанд хүлээн зөвшөөрүүлэхийн тулд НҮБ-д элсэх хүсэлтийг анх удаагаа гаргав.
Ардчилсан засаглалыг тогтоож, феодализм хамжлагат ёсыг халав
Монголын түүхэнд нийгмийн гишүүдийн олонхийн эрх ашгийг хамгаалсан, төлөөллийн ардчиллаар бүрдсэн засаг төрийн тогтолцоог анхлан бий болгож, хамжлагат ёсыг халсан.
Ардын хувьсгалын гол зорилго нь тусгаар тогтнолоо олох явдал байсан боловч уг хувьсгалын үр дүн нь нийгмийн эрс өөрчлөлт авчирч чадсан. 1921 оны хувьсгалаар Богд хааныг ширээнд нь залсан хэдий ч эрх мэдлийг хязгаарлан зөвхөн билэг тэмдгийн төдий буюу шашны хэргийг хамааруулсан нь шашин төрийн хэргийг тусгаарласан, илүү ардчилсан засаглал тогтоож, нийгмийн хөгжилд саад тотгор болж байсан феодализм, хамжлагат ёсыг халсан. Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжин, хамжлагат ёсыг халсан нь Монгол орны хувьд улс төр, нийгмийн хөгжлийн үсрэнгүй том дэвшил, Монголын түүхэнд тодоор тэмдэглэгдэх чухал үйл явдал болсон билээ.
Орчин үеийн Монгол Улсыг Цогцлоон байгуулав
1921 оны Ардын хувьсгалын дараа нийгэм, эдийн засгийн бүх салбарт цогц шинэчлэл хийж, эдийн засгийн бодлогын баримт бичгийг батлан, ХАА, газар тариалан, үйлдвэрлэл, боловсрол, эрүүл мэндийг хөгжүүлэх суурийг тавьж, орчин үеийн Монгол Улсыг цогцлоон байгуулав.
Үндэсний ардчилсан хувьсгалын дараа хүн амын ихэнх нь үндэсний бичиг үсгээ мэдэхгүй байв. 1923 онд хуралдсан МАХН одоогийн /МАН/-ын II их хурлаас ард түмнийг бичиг үсэг ба бусад олон зүйлийн эрдэмд боловсруулах шийдвэр гарч, үүний үр дүнд 1921-1940 оны хооронд 127000 гаруй хүнийг үндэсний бичиг үсэгтэн болгов.
ХХ зууны Монгол орны хөгжил дэвшлийн түүх нь анхны долоогийн үүсгэн байгуулсан Монгол Ардын Намтай салшгүй холбоотой бөгөөд монголчууд үйлдвэр байгуулж, цахилгаан станц барьж, уурхайгаас ашигт малтмал олборлож, галт тэрэг барьж, онгоц жолоодож, сансарт нисэж чадсан түүхэн үйл явдлууд нь тэдний тэмцлийн үр дүн байв.
Ардын армийг бий болгож, эх орныхоо аюулгүй байдлыг батжуулав
Ардын журамт цэргийг эмхлэн байгуулж, ардын арми бий болгон 1921 оны Ардын хувьсгал, 1939 оны Халх голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайны ялалтыг авч ирсэн.
Монгол улсын эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн хэлхээст түүх нь монгол цэргийн түүхтэй салшгүй холбоотой. 1921 онд ардын журамт цэрэг бүрэлдэн бий болсноос хойш Монгол Улсын зэвсэгт хүчний шинэ үеийн эхлэлийг тавьсан гэж үздэг. 1939 оны Халхын голын болон 1945 оны Чөлөөлөх дайны түүхэн ялалт, эх орныхоо энх цагийн бүтээн байгуулалт, даян дэлхийн энхийн үйлст хувь нэмэр оруулж байгаа Монгол улсын цэрэг, армийн түүх нь 1921 оны Ардын хувьсгал, газар нутгийнхаа халдашгүй дархан байдлыг хамгаалахын төлөө анхны долоо тэр дундаа их жанжин Д.Сүхбаатарын эмхлэн байгуулан ардын журамт цэргээс эхтэй билээ.
24 баримт
ГАВЬЯАТ БОКСЧИН М.НАНДИНЦЭЦЭГИЙН ТУХАЙ 24 БАРИМТ
24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийн 24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийг таалал төгссөн (2022.09.08) мэдээг зарлалаа.
II Элизабет Хатан хаан бол Нэгдсэн Вант Улс болон Хамтын нөхөрлөлийн бусад 14 хаант
улсын хатан хаан байсан юм. 70 жил Их Британийн хаан ширээнд суусан II Элизабет таалал
төгссөнөөр түүний хүү Чарльз III 74 насандаа хаан болж буй юм.
Хатан хаан II Элизабетийн
талаархи 24 баримтыг хүргэе.
24 баримт
ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ 24 БАРИМТ ЖҮДО БӨХИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА Ё.БАСХҮҮ
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Нур-Султан хотноо
үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд 17 улсын 168 шилдэг тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд
Монгол Улсаа төлөөлөн олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар, Ё.Басхүү, Б.Хорлоодой
тэргүүтэй 18 бөх оролцож буй. Эрэгтэйчүүдийн -66 кг жинд өрсөлдсөн Ё.Басхүү алтан
медалийн төлөө Японы Рёома Танакаг ялж Азийн аварга цолны эзэн боллоо.
БАРИМТ 1. Ё.Басхүү нь 1993 оны аравдугаар сарын 1-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төржээ.
БАРИМТ 2. Энэ жил 29 нас хүр яваа тэрбээр үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны харьяат тамирчин юм.
БАРИМТ 3. Түүний биеийн өндөр 175 см, 66 кг жинтэй. 66 кг-ийн жинд барилддаг.
БАРИМТ 4. Ё.Басхүү 2019 онд Токиод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож тавдугаар байр эзэлж байсан.
БАРИМТ 5. Түүний дараа 2021 оны Будапештийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртжээ.
БАРИМТ 6. Тус тэмцээн дээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны бөх Елдос Жумакановтой учраа таарсан хэдий ч гэмтлийн улмаас дэвжээнд гараагүй байна.
БАРИМТ 7. Ё.Басхүү, Елдос Жумаканов хоёр нь өмнө нь хоёр удаа дэвжээнд таарч байсан бөгөөд Ё.Басхүү хоёр удаа давж байжээ.
БАРИМТ 8. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2019 оны дэлхийн аваргад эхнээсээ хүндхэн барилдаануудыг хийсэн. Дэлхийн аваргын бэлтгэл дээр эхний 20 бөхийн барилдааны бичлэгийг үзсэн ч яагаад ч юм Молдавын бөхийн бичлэгийг үзмээргүй санагдаад байсан. Гэтэл нөгөөх чинь надад нэг мэх бэлдсэн байж. Намайг лав барингуут шахаж татаад унагачихсан. Маш их харамссан, уйлмаар байсан. Дэлхийн дэвжээнээс медаль хүртэхийн төлөө хоёр жил уйгагүй бэлдсэний хүчинд санасандаа хүрсэн дээ” хэмээжээ.
БАРИМТ 9. Харин Токио 2020 олимпын наадмын шөвгийн наймд Ё.Басхүү, Японы Хифүми Абэтэй таарч вазари үнэлгээгээр ялагдсан.
БАРИМТ 10. Тэрбээр энэ талаараа “Хифүми Абэтэй хоёрдугаарт таарахдаа төлөвлөсөн барилдаанаа хийж чадаагүй. Үндсэн цагт оноо алдахгүй байгаад нэмэлт цагт явъя гэсэн бодолтой гарсан маань буруудсан ч байж магадгүй. Эхнээсээ л явдгаараа яваад барилдсан бол яах ч байсан юм билээ. Абэ аваргатай өмнө нь 2018 оны Осакагийн Гранд Слам, 2019 оны дэлхийн аваргад таарч хожигдож байсан. Хоёр хожигдлоо, хожлоо тайлъя гэж бодсон ч чадаагүй” хэмээн ярьсан.
БАРИМТ 11. Дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аварга Ё.Басхүү дотоодын улсын аварга шалгаруулах тэмцээнээс аварга авч үзээгүй гэнэ.
БАРИМТ 12. Улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа оролцсон ч 2018, 2019 онуудад хүрэл медаль хүртэж байжээ.
БАРИМТ 13. 2020 онд ОХУ-ын Екатеринбург хотод зохион байгуулагдсан “Их дуулга” тэмцээний 73 кг-ийн барилдаанд оролцоод шагналт долоодугаар байранд орсон.
БАРИМТ 14. Энэ тэмцээн түүний хувьд хамгийн дурсамжтай, урам өгсөн ялалт байсан тухай нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
БАРИМТ 15. Учир нь 66 кг-ийн жинд Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх нар барилдахаар болж Ё.Басхүүг 73 кг-ийн жинд барилдуулахаар болжээ. Шалгуулах гэтэл цагаан кимоногүй хэмээн бүртгэхээс татгалзсан тул Х.Цагаанбаатар уулзаад “Энэ 66 кг-д барилддаг хүүхэд. Хаашдаа 73 кг-д шалихгүй байх, бүртгээд авчхаач” гэж гуйгаад зөвшөөрүүлж байжээ.
БАРИМТ 16. Түүний жүдогийн анхны багш нь Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, аймгийн заан Г.Батцэрэн бол хотод ирж “Аврагч” спорт хорооны Ц.Шийрэв багш дээр иржээ. Харин одоо үндэсний шигшээ багт ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар тэргүүтэй багш нарын бэлтгэл дор удирдуулж байна.
БАРИМТ 17. Харин түүнийг жүдо бөхөөр хичээллэхэд хамгийн их нөлөөлсөн хүн нь улсын гарьд М.Баяржавхлан. М.Баяржавхлан нь түүний өвөөгийн талын ойрын хамаатан юм.
БАРИМТ 18. Ё.Басхүү дээрээ нэг төрсөн ахтай. Түүний ах Ё.Улсболд нь Завхан аймгийн начин цолтой.
БАРИМТ 19. Тэрбээр бага наснаасаа эхэлж барилдаж эхэлжээ. “Найзууд, дүү нартайгаа орой, шөнө байсан ч сарны гэрэлд ч хамаагүй барилддаг байсан. Г.Батцэрэн багш маань хивс дэвсэж байгаад барилдуулдаг байсан” гэв.
БАРИМТ 20. Жүдо бөхөөс гадна үндэсний бөх, самбо, кураш бөхөөр барилддаг. Завхан аймагтаа дөрвөн сумын нэгдсэн барилдаанд зодоглож түрүүлж байсан.
БАРИМТ 21. Хамгийн анхны тэмцээн нь самбо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний 62 кг-д барилдаж хүрэл медаль хүртэж байсан бол жүдо бөхөөр “Шонхор кап” тэмцээнд оролцож түрүүлж байжээ.
БАРИМТ 22. Ардын хувьсгалын түүхт 100,101 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд зодоглож нэгийн даваанд улсын заан Н.Жаргалбаяртай учраа таарч өвдөг шороодсон.
БАРИМТ 23. Хүүхэд байхдаа хурдан моринд хайртай, морь унах дуртай байв.
БАРИМТ 24. Эдгээр өдрүүдэд Казахстан улсын Нур-Султан хотноо зохион байгуулагдаж байгаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 18 жүдоч оролцсоноос -66 кг жинд Японы Риома Танакаг ялж Ё.Басхүү алтан медаль хүртсэн.