Уг нь төр засаг, төв банкнаас COVID-19-өөс болж хөл хорионд орсонтой холбоотойгоор бизнесийн зарим үйл ажиллагаа зогсох, иргэдийн цалин орлого тасалдаж, хугацаандаа зээлээ төлж чадахгүйд хүрсэн иргэддээ туслахыг зорьжээ.
Гэвч энэ нь бүүр хавтгайрсан яриа болж, орлого үйл ажиллагаа нь хэвийн байгаа ААН болон иргэд зарга хийн бүх зээлийг хойшлуулах ёстой гэж хэл ам хийж байх юм. Нөгөө нэг барьцамтгай Монголын тамын тогооны үлгэр үргэлжилсээр. Ингэж байхаар хэрэглээний бүх зээлийг тэглэхгүй яасын гээд л бүүр нэг хүний өмнөөс зээл авсан мэт аашлах нь нэг талаар харамсалтай. Зээл авахдаа уургын морь мэт, харин зээлээ төлөхдөө ургаа хад мэт гэдэг болж байх шиг. Жаахан хүн чанар ёс суртахуун Монгол түмэнд минь дутвуу гэлтэй. Үнэхээр зээлээ төлж чадахгүй хүндэрсэн хүмүүстээ боломж өгөх сэтгэлтэй баймаар байна. Юунд бас заргалдаж, барьцана вэ.
Тэгвэл хэрэглээний зээл гэж юу вэ? Таны хэрэглээгээ зээлээр шийдсэн бүхэн “Хэрэглээний зээл” юм.
Зарим зүйлийг эхлээд ухаж ойлгох чухал байна. Та энэ удаа 90 хоногтоо зээлээ төлөхгүй байлаа ч чөлөөлөгдөж байгаа гэсэн үг огт биш юм. Эргээд харин ч хуримтлагдан энэ төлөлтөө бөөнд нь төлөх учир хэвийн зээлээ төлөхгүй муутгаж, бүү өөрийгөө хорлох түн. Татвар төлөх нь үнэн гэдэг шиг зээл авсан бол төлөх нь үнэн.
Зээлийн мэдээллийн санд “Чанаргүй” ангилалд бүртгэгдэх хугацааг түр хойшлуулж байгаа болохоос иргэдийг зээлээ төлөхгүй байж болно гээгүй. Энэ шийдвэрийг дэлгэрэнгүй тайлбарлавал зохицуулалт үйлчлэх өдрийн байдлаар 30 хоногоор хугацаа хэтрүүлсэн зээлтэй байгаа иргэн Зээлийн мэдээллийн санд “Анхаарал хандуулах” буюу хугацаа хэтэрсэн зээлээр бүртгэгдэж байсан. Ирэх 60 хоногтоо багтаан хоцроосон зээлээ төлөх боломжийг олгож байгаа бөгөөд энэ хугацаанд “Хэвийн” ангиллаар Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ гэсэн үг юм.
Хэрвээ хүсвэл зээлтэй банкныхаа салбар дээр очоод гэрээний бүтэцдээ өөрчлөлт оруулан, хугацаагаа хойшлуулж болно. Ингэхдээ тухайн банк яг зээл авдаг шиг материалуудаа бүрдүүлж авна гэж байналээ. Тиймээс орлого хэвийн хүмүүс элдэв зүйлд найдалгүй зээлээ хэвийн төлж байсан нь өлзийтэй.
Мөн хэрэглээний энэ их зээлийг бүгдийг тэглэнэ гэж хий хоосон зүйлд бүү итгэ. Боломж байгаа дээрээ харин ч нэг хоногийн өмнө төлж, зээлээ болон хүүгийн төлбөрөө багасгах ашигтай шүү.
Иргэд дунд хэрэглээний зээл гэж яг юуг хэлээд байгааг ойлгохгүй хүмүүс их байна. Тэгвэл хэрэглээний зээл гэж юу вэ? Таны хэрэглээгээ зээлээр шийдсэн бүхэн “Хэрэглээний зээл” юм. Тухайлбал цалин, тэтгэврийн зээл, орон сууц, автомашин, гар утас, сургалтын төлбөр, эмчилгээний зардлын зээлийг нэрлэж болно. Ер нь хэрэглээний зээлийг их л бодож байж авах нь чухал. Манайхан шиг цагаан сараар эсвэл шинэ жилээр зээл аваад нэг өдөр бүх мөнгөөрөө цэнгээд нэг жил матийтлаа ажиллаж зээлээ төлдөг тэнэг хүмүүс хаана ч байхгүй. Хэрэглээний зээл бүхэн буруу биш л дээ. Үнэхээр хэцүү үед цалингийн зээл аминд орох удаа их. Мөн орон сууц болон сургалтын төлбөрийн зээл танд насан туршид чинь орших хөрөнгө оруулалт болдог. Тиймээс ийм хэрэглээний зээл авахад танд тустай.
Харин баяр цэнгэлд, эсвэл хэрэгцээ биш хэт их хүсэлдээ зориулан зээл авах буруу.
Иргэд орлогодоо тохирсон хэрэглээтэй, даахгүй хэмжээний зээл авч, ѳрийн тойрогт орохгүй байх нь чухал. Гэвч цалин орлогынх нь 80-90% зээлийн эргэн тѳлбѳрт явдаг, эргээд зээл авч амьдардаг хүмүүс бий. Ийм хүмүүс цаашид ихсэх нь компаниудын борлуулалтад ч, улс орны амьдралд ч сѳрѳг нѳлѳѳтэй. Учир нь сарын орлогынхоо ихэнхийг зээлийн тѳлбѳрт ѳгдѳг хүн эдийн засагт тогтвортой худалдан авагч, үйлчлүүлэгч байж чадахгүй. Мөн таны аз жаргалтай амьдралын чанар ч буурах юм.
Харин эсэргээрээ зээлдэж баяр тэмдэглэх биш нэг удаа өнжөөд тэр мөнгөө хуримтлуулдаг болбол танд ашигтай. Хуримтлалтай хүн зээлийг хүүг буугаасай гэж заргалдах биш харин ч нэмэгдээсэй гэж хүснэ. Учир нь хадгаламжийн хүү нэмэгдэх юм. Таны нөгөө маргаж, шаналдаг өндөр хүү танд ашигтай болж, өгөөж өгнө гээд бод доо. Ийм л ухаалаг хэрэглээтэй ард түмэнтэй болчихвол улс орон минь хөгжих гээд байна даа. За тэгээд COVID-19-өөс болж орлого нь муудаад байгаа хүмүүстэйгээ хэвийн орлоготой байж барьцах эсвэл заргалдахаа болино уу. Жаахан бусдыгаа боддог сэтгэлтэй эх оронч байцгаая. Баялагтай биш ухаалаг иргэдтэй улс л хөгждөг юм шүү.