Эдийн засаг
Улсын эдийн засаг чухал уу, сонгууль чухал уу
Бид өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдын “АМЛАЛТ”-ыг сонсож баахан шуугилдлаа. Бүх нийтээрээ эцсийн шийдвэр гэж бодож баярлалаа. Өмнө зээлийн хүү төлөлтийг хойшлуулна гэдэг дээр баярласнаасаа хэд дахин илүү баярлацгаалаа. Өнөөдрийг хүртэл энэ асуудлаар Засгийн газрын тогтоол гараагүй бололтой, олж харсан хүн алга. Тэр амлалтын дагуу нэр бүхий хуулиудад нэмэлт өөрчлөлт орж байж хэрэгжих ёстойг олон хуульчид сануулж ярьж бичиж байна. Энэ нь эцсийн шийдвэр биш АМЛАЛТ байсан гэдгийг нийт иргэдийн бараг 0% нь ч мэдээгүй баярлацгаасан байх. Уг нь гүйцэтгэх засаглалын тэргүүн асуудлыг хэрхэн шийдэх шийдвэрээ гаргаж албажуулчхаад дараа нь иргэд олон нийтэд танилцуулдаг байх нь зөв хандлага, зөв зарчим байх ёстой.
Сангийн сайд төсөв тодотгохгүй гэж олонтоо зарласан гүрийлтийг энэ удаа Ерөнхий сайд бас баталгаажуулж өглөө. Дэлхийн улс орнууд коронагаас үүдэлтэй энэ эдийн засгийн хямралын эсрэг төлөвлөгөөг 2-3 жилээр төсөөлж төлөвлөж байна. Харин манай эрх баригчид 6 сарын 24-нд болох сонгуулиар төсөөлж харж байна. 2020 оны улсын төсвийн алдагдал 2.1 их наяд, үүний 2 их наядыг оны эхний 6 сар дотор гаргахаар тэд төлөвлөсөн. Тэд ямар ч тохиолдолд сонгууль угтсан олон ажлаа санхүүжүүлэхээр шийдчихжээ. Иргэд, судлаачид, олон нийт төсвөө яаралтай тодотгож, хөрөнгө оруулалтаа танаж, зардлаа хэмнэхийг олон хоног ярьж, сануулж, гуйж байна. Гэвч эрх баригчдын чих нь дүлий байсаар. Угтаа өнөөдөр улс орны эрх ашгийн үүднээс асуудалд ханддаг улс төрчдийн хувьд улсын эдийн засаг нэгдүгээрт, энэ удаагийн сонгууль гучдугаарт байх ёстой.
Өнөөдөр манай улсад өмнөх жилүүдэд эхлүүлсэн он дамнасан хөрөнгө оруулалтын ажлууд хангалттай олон байгаа. Энэ жилийн сонгууль угтаад эхлүүлэх их хэмжээний хөрөнгө оруулалт нь эдийн засгийн хямралд өртөөд олон жилээр царцвал олон хүндрэл үүснэ. Мэдээж өртөг зардал маш ихээр өснө, тэр алдагдлыг хэн хариуцах бол. Өмнө явж ирсэн жишгийн дагуу хэн ч хариуцахгүй улс төрийн хэрүүл болоод дуусах уу. Яг өнөөдрийн нөхцөл байдалд манай төрийн шийдвэрүүд нэг л суурьгүй яваад байх юм. Хэдхэн хоногийн өмнө бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 10 хувьд хүргэсан багц арга хэмжээний дүнд банкуудын зээлийн хүү 1 нэгж хувиар буурах, зах зээлд хамгийн багадаа 300-400 тэрбум төгрөгийн зээл шинээр гарах боломжтой боллоо гэсэн мэдэгдлийг Сангийн сайд сүртэйгээр хийсэн. Гэвч энэ арга хэмжээ үр дүнгүй болж байгаа бололтой. Нэг талаасаа зээлийн шаардлага хангах аж ахуйн нэгж өнөөдрийн нөхцөл байдалд тун ховор, бараг олдохгүй, нөгөө талаас банкууд ч том эрсдэлтэй тулахаас зайлсхийх нь тодорхой. Тиймээс дээрх эх үүсвэр төв банкны үнэт цаасыг буцаан худалдан авахад зарцуулагдаад дуусах бололтой. Сонгууль угтсан хөрөнгө оруулалтууд, хямралын эсрэг судалгаа муутай эхлүүлсэн арга хэмжээнүүд нь дээрх шийдвэр шиг байгаа онохгүй улсын эдийн засгийг улам сөхрүүлж мэдэхээр байна.
Улсын эдийн засаг чухал уу, энэ зун болох ээлжит сонгуулийн үр дүн чухал уу гэдэг сонголт бидний өмнө байна. Хэрэв улстөрчид, эрх баригчид улсынхаа эдийн засгийг чухалчилж байгаа бол улсын төсвөө хурдан тодотгох, хямралын үед авч хэрэгжүүлэх эдийн засгийн арга хэмжээгээ шинэчилж илүү нарийвчлалтай болгох, төсвийн зарчмуудыг илүү тодорхой ойлгомжтой хэмжиж болохуйц болгох хууль эрх зүйн орчинг сайжруулж дархлаатай болгох зэрэг ажлуудыг хурдан шийдэх шаардлагатай байна.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.