Эдийн засаг
Ипотекийн зээлийн төлбөрийг түр хойшлуулахтай холбоотой түгээмэл асуултууд

Асуулт-1: Энэ арга хэмжээнд ямар зээлдэгч хамрагдах вэ?
Хариулт: Энэхүү арга хэмжээнд Төрөөс санхүүжүүлж буй орон сууцны ипотекийн 8 болон 5 хувийн хүүтэй зээл авсан иргэд хамрагдана.
Асуулт-2: Ипотекийн зээлийн төлбөрөө хэвийн төлж байгаа зээлдэгч төлбөрөө хойшлуулах боломжтой юу?
Хариулт: Ипотекийн зээлийн төлбөрөө хэвийн төлж байгаа зээлдэгч төлбөрөө хойшлуулж болно. Зээлдэгч харилцагч банкиндаа хүсэлт гарган, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулснаар дараагийн төлбөрийн хуваарьт өдрөөс эхлэн 3 хүртэл сараар зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулна.
Асуулт-3: Зээлийн төлбөрийн хугацаа хэтэрсэн зээлдэгчийн хувьд төлбөрөө хойшлуулж болох уу?
Хариулт: Зээлийн төлбөрт нь 2020 оны 1 сарын 31-ний өдрөөс хойш доголдол үүссэн зээлдэгч төлбөрөө хойшлуулж болно. Жишээлбэл, зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтөд 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс доголдол үүссэн бол зээлдэгч хүсэлт гарган, гэрээнд өөрчлөлт оруулсны үндсэн дээр 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл төлбөрөө хойшлуулна.
Асуулт-4: Зээлдэгч хэдэн удаа төлбөрөө хойшлуулж болох вэ?
Хариулт: Зээлдэгч зөвхөн нэг удаа 3 хүртэл сараар үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулж болно.
Асуулт-5: Зээлийн төлбөрийг хойшлуулахад ямар баримт материал, нотолгоо бүрдүүлэх шаардлагатай вэ?
Хариулт: Зээлдэгчийн зүгээс нэмэлт баримт материал, орлогын нотолгоо шаардлагагүй бөгөөд харилцагч банкиндаа 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө хүсэлт гарган, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн байгуулсан байх шаардлагатай.
Асуулт-6: Зээлийн төлбөрийг хойшлуулахтай холбогдуулан зээлийн гэрээг шинэчлэхэд зээлдэгчийн өр орлогын харьцаа, зээлийн хугацааны дээд хязгаар зэрэг зохицуулалтуудыг мөрдүүлэх үү?
Хариулт: Энэхүү арга хэмжээний хүрээнд өр, орлогын харьцаа, зээлийн хугацааны дээд хязгаар зэрэг Монголбанк, Сангийн яам болон бусад холбогдох байгууллагуудаас тогтоосон зохицуулалтууд, хязгаарлалтуудыг мөрдүүлэхгүй.
Асуулт-7: Зээлийн төлбөрийн хугацааг хойшлуулснаар сард төлдөг зээлийн төлбөр өөрчлөгдөх үү?
Хариулт: Сард төлдөг байсан зээлийн төлбөрт өөрчлөлт орохгүй бөгөөд төлбөрийг 3 сар хойшлуулсны дараа 4 дэх сараасаа хуучин төлдөг байсан дүнгээр төлбөрөө үргэлжлүүлэн төлнө.
Асуулт-8: Зээлийн төлбөрийг хойшлуулсан хугацаанд ямар нэг хүүгийн төлбөр төлөх үү? Зээлийн хугацаанд өөрчлөлт орох уу?
Хариулт: Зээлийн төлбөр хойшлуулсан хугацаанд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр төлөхгүй бөгөөд хойшлуусан хугацаагаар зээлийн хуваарийг уртасгана. Жишээлбэл, зээлийн гэрээ 2030 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр дуусах байсан болон төлбөрийг хойшлуулснаар гэрээний хугацаа 3 сараар сунгагдаж, 2030 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр дуусна.
Асуулт-9: Энэхүү арга хэмжээнээс өмнө зээлдэгчийн төлбөрт доголдол үүссэнтэй холбогдуулан ногдуулаад байсан нэмэгдүүлсэн хүүг банкууд харилцагчдаа буцаан олгох уу?
Хариулт: МИК ОССК ХХК-иас нэмэгдүүлсэн хүүг ямар хэлбэрээр банкны харицагчдад буцаан олгох талаар ойрын хугацаанд банкуудад чиглэл өгөхөөр ажиллаж байна.
Асуулт-10: Зээлдэгч төлбөрөө хойшлуулснаар зээлийн ангилалд өөрчлөлт орох уу?
Хариулт: Монголбанкаас 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-д холбогдох өөрчлөлтийг оруулж, 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мөрдүүлэхээр болсон тул зээлдэгч төлбөрөө хойшлуулснаар зээлийн ангилалд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Гэхдээ зээлийн гэрээний өөрчлөлтийг Зээлийн мэдээллийн санд бүртгэнэ.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.
-
Энтертайнмент8 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм11 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр13 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Энтертайнмент12 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм13 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм11 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм13 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм12 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ