24 баримт
Өвгөн партизаны ач хүүд цулбуураа атгуулсан алтайчууд
Говь-Алтай аймаг Баянхонгор, Завхан, Ховдтой хил залгаа оршдог. Хөгжил дэвшлийн тухайд тоосонд нь даруулж үлдсэн алтайчуудын хувь заяа өнөөдөр ч бүрсгэр хэвээр байгаа. Уг нь алтайн хөх харчуудыг барж ард нь гардаггүй л байсан юм гэнэ лээ. Халх дөрөв, шавь таван аймгийнхан хөх сарьдаг шиг ээ хөх салхиндаа ч хөхөрч үлдсэн хөх эрчүүдэд нь цагаахнаар атаархахдаа ийн шүүрс алдсан болов уу. Гэвч энэ цагт өвгөдийн атаархал цөхрөлөөр солигдсон нь нутаг орноо өөд татан авч явж чадахгүй байгаа байдал. Ялангуяа сүүлийн дөрвөн жил засагласан ноёд нь эрх мэдэл, албан тушаалын төлөө өөр хоорондоо хэмлэлдэх болсон. Сар гарангийн өмнө төр, засгаа дорд үзсэн засаг ноён нь албан өрөөндөө архидалт зохион байгуулсны улмаас төрийн албан хаагч бүсгүй амиа алдсан хэрэг гарсан байх жишээний. Ийм зүйл болсон гээд аймаг нь засаглалгүй байлтай биш. Ж. Ганбат хэмээх эрхмийг үүрэг гүйцэтгэгчээр томилоод удаагүй байна. Түүнд итгэл үзүүлэх эсэх нь алтайчуудын хэрэг. Ямартай ч түүний тухай өгүүлэх 24 баримтыг уншигч таны хүртээл болгоё.
Баримт 1. Ямартай ч Жигжидсүрэнгийн Ганбат нь удам сайтай хүний үр аж. Түүний өвөг эцэг хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Цэдэндамба нь шинэ цагийн Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө халуун ам, бүлээн цусаа хайрлаагүй партизан. Хатанбаатар Магсаржавын холбоочин цэрэг гэдгээрээ БНМАУ-ын түүхийн хуудаснаа алтан үсгээр тэмдэглэгдэн үлдэж. Тэрээр капитализмыг алгасч социализмд шилжих шилжилтийн он жилүүдэд харилцаа холбооны салбарыг тэргүүлсэн ахмад холбоочин. Тодруулбал, Холбооны яамны дэд сайдаар ажиллаж байсан нэгэн. Нөгөөтэйгүүр, өвгөн буурлыг Увс аймгийн Баруунтурууны буурлууд андахгүй. САА-г байгуулж, анхны даргаар нь ажилласан болохоор тэр шүү дээ. Ийм эгэлгүй эрхэм бол Ж. Ганбатын өвөг эцэг.
Баримт 2. Харин эцэг Ц.Жигжидсүрэнгийн тухайд эгэл жирийн холбоочин эр. Тэрээр аймгийнхаа холбооны салбарт 30 жил техникчээр ажиллаад тэтгэвэртээ гарчээ.
Баримт3.Ээж Жавзмаа нь бас л алтайчуудын бахархал болсон буурлуудын нэг. Бүхий л насаараа аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт асрагчаар ажилласан, сайхан зантай ижий бурхан.
Баримт 4. Жигжидсүрэнгийнх арван хүүхэдтэй өнөр өтгөн айл. Ганбат тэдний долоо дахь хүү.
Баримт 5. Тэрбээр Есөнбулаг суманд 1974 оны хоёрдугаар сарын 03-нд төрсөн. Цагаан сар болох гээд айл бүхэн бууз, баншаа бэлдэн завгүй харайцгаасан өдөр төрсөн хорвоод дуугаа хадаасан эр.
Баримт 6. Дээрээ олон ах эгчтэй, доороо гарын үзүүрт гүйлгэх дүү нартай болоод тэр байх орны хөндийд Ж.Ганбат ном уншаад л хэвтэж байх дуртай хүүхэд байсан гэж ээж нь дурссан байдаг. Аминдаа арчаатай, цэвэрч хүү байсан тул ангийнхаа ариун цэврийн даргаар сонгогдож байжээ. Гэвч тэрбээр “ариун цэврийн дарга чинь охидуудын ажил юм байна “гээд албан тушаалаасаа сайн дураараа огцорсон гэнэ.
Баримт 7. Говь-Алтай аймгийн арван жилийн нэгдүгээр дунд сургуулийн босгыг 1982 алхан орж 1992 онд төгссөн. Мань хүний хүүхэд насаар аялах аваас эцэг эхийнхээ чихийг халууцуулж,самбарын өмнө номхон команд дор зогсож байсан түүх байхгүй. Үеийн хөвгүүдтэй хөл бөмбөг өшиглөж, гудамжинд өнжин гараа сайрттал гар бөмбөг өшиглөж явсангүй. Тэгэхээр тэрүүхэндээ амиа бөөцийлөөд явдаг нөхөр байсан байгаа биз.
Баримт 8. Тэрбээр 1992 оны хавар ЕБС –иа дүүргэн тухайн үеийн Багшийн дээд сургуулийн хуваарь авч. Дургүйд хүчгүй гэдгээр хоёр жил сураад сургуулиа орхисон байдаг. Багын мөрөөдөл нь санхүүч болох явдал байсан учраас тэр.
Баримт 9. Мань хүнд аз тохион Монгол Улсын Их Сургуулийн харьяа эдийн засгийн сургуульд элсэн суралцах боломж олдов. Амжилттай төгсч, эдийн засагчийн диплом өвөртлөсөн байна.
Баримт 10. Төрд алба хашихад хос дипломтой байж гэмээнэ давуу тал болдгийг мэдэрсэр тэрбээр Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежерээр 2007 онд төгсчээ.
Баримт 11. Түүнийг сэнтийд залрахын одонд төрсөн гэж хэлж болохоор. Хашсан албан тушаалууд нь дандаа дарга. Тодруулбал,
– 2000-2002 онд Алтай трейтин ХХК-нд Менежер
– 2002-2013 онд Эрдэнэт хивс ХХК-нд Салбарын захирал
– 2006-2008 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Орлогч
– 2008-2017 онд Говь-Алтай аймгийн Говь-Ноос ХХК-ий Захирал
– 2013-2016 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг дарга
– 2016-оноос Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч гэхчилэн хөврөх аж.
Баримт 12. Бизнест зүтгэсэн он жил нь цөөн ч эрхэлж байсан бизнес нь цагаан юм даа, аз болж.
Алтайн малчдаас Жигжидсүрэн гуайн хүүг таних уу гэхээр Засаг даргын орлогч гэхээс илүүтэй ноосны Ганбат уу гэх юм билээ. Түүхий эд болгоё гэхээр ажиллагаа ихтэй, зах зээлд борлуулая гэхээр 250 төгрөг хэмээн ад үзэгдэн хорооны мухарт хураалгаастай хэвтэх хонины ноосыг кг –ыг нь 3000 төгрөг болгосон ачтан бол “Эрдэнэт хивс”ХХК-ий салбарын захирал Ж.Ганбат. Ноос боловсруулах анхан шатны үйлдвэр ашиглалтад оруулснаар 100 гаруй хүн ажлын байртай болж. Эрдэнэт хивс өдгөө ч зах зээлд эрэлттэй байдгийн цаад утга нь алтайн хонины ноосны чанарт оршиж буй хэрэг.
Баримт 13. Түүний улс төрд зүтгэж эхэлсэн үе нь 2006 оноос эхтэй. Сумынхаа ИТХ-д нэр дэвшин ялалт байгуулж Есөнбулаг сумын Засаг даргын орлогч, Засаг дарга гээд анхан шатны нэгжээс улстөрчийн гараагаа эхлүүлэн аймгийн Засаг даргын орлогч хүртэл дэвшсэн нэгэн.
Баримт 14. Ж.Ганбат аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр гурвантаа сонгогдсон түшээ. Орон нутгаа өөд татсан, сонгогч олныхоо төлөө хэр санал санаачилгатай ажилласан эсэх тухайд би биш нутгийн түмэн дүнгээ тавих учраас ингэсхийгээд орхиё.
Баримт 15. Гэхдээ түүнд Есөнбулагийнхан хайртай юм билээ. Сумын Засаг даргаар ажиллаж байхдаа тэрбээр хавтас сугавчилж, аймгаас ирсэн төлөөлөгч нарыг угтаж үдсэн нэр төдий Засаг дарга байгаагүй хэмээн шадарлаж явсан нөхөд нь хэлсэн.
Баримт 16. Алтай хотыг удирдан засаглаж явсан үе түүнд бий. Түүний намтарт Алтай хотын захирагч хэмээх гоё өгүүлбэр бий. Улаанбаатар хотын мээртэй улс төрийн албан тушаалын хувьд ижил зиндааных гэж ойлгоход гэмгүй.
Баримт 17. Говь-Алтай аймаг хөгжил дэвшлээрээ 21 аймгийн 21-т жагсч буйг тэрбээр “ Дэд бүтцийн хөгжил орчин цагтай хөл нийлэх боломжийг хойш татсаар ирсэн” хэмээсэн. Үнэний хувь ч бий л байх. Зам дагаж хөгжил гэдэг. Тиймээс ажлаа хүлээж авсан даруйд дэд бүтэцтэй холбоотой асуудалд анхаарлаа хандуулан 2020оны наймдугаар сарын 30 гэхэд Баянхонгор, Говь-Алтай чиглэлд тавигдах цардмал замыг ашиглалтад оруулах зорилго тавин ажиллаж байгаа аж.
Баримт 18 Гэхдээ түүнд өөрөөр нь овоглогдон үлдсэн хэд хэдэн томоохон ажил буй. Алтай хот хаа очиж гэрэлтүүлэг сайтай юм билээ. Үнэгэн харанхуйд очсон ч зочид буудлаа түвэггүйхэн олчих жишээний. Есөнбулаг, Алтай хотын захирагчаар ажиллаж байхдаа Хот тохижуулахаас гэрэлтүүлгийг салгаж, мэргэжлийн байгууллагад хандсанаар хотын гэрэлтүүлгийг хоёр дахин нэмэх нөхцөл бүрдсэн аж.
Баримт 19. Алтай хот Ховдыг бодвол жижигхэн байж мэднэ. Гэхдээ л явган хүн нэг хорооноос нөгөө хороо руу явахын тулд хөөрхөн алхах хэрэгтэй болно. Үүнийг шийдэж, нийтийн тээврийн үйлчилгээг ашиглалтад оруулсан нь өдгөө ч иргэдэд үйлчилсээр байна.
Баримт 20. Хөгжлөөрөө 21-т бичигддэг алтайчуудаас сурах зүйл байна аа. Тэр нь иргэдийн дундын хуримтлал. Түүнээсээ ядарч зүдэрч, орон гэргүй болсон иргэндээ тусламж үзүүлдэг байна. Хашаа хороогоо будаж өөд татах хэрэг гарвал дундын хуримтлалын сандаа хүсэлт гаргаснаар шийдэгддэг аж. Автор нь мань хүн.
Баримт 21. Говь-Алтайчууд цахилгааныхаа асуудлыг хамгийн сүүлд шахуу шийдсэн. Тодруулбал, олон жил яригдсан Тайширын усан цахилгаан станц ашиглалтад орж гэмээнэ сумын төвийнхөн дизиль асахыг хүлээн арга үйлээ бардаг зовлонгоосоо салсан явдал.
Баримт 22. Алтайчууд ундны цэвэр усны эрэлд 60 жил мордож буй гэвэл үнэнд нийцэнэ. Ундны ус муу тул иргэд нь нутгаа хөгжүүлэх бус эрүүл мэндээ бодон Улаанбаатарыг зорих нь элбэг. Эдүгээ ч зорьсоор байгаа. Харин энэ хавраас “Тайшир-Алтай” төслийг хэрэгжүүлж эхэлсний үр дүнд энэ асуудал бүрэн шийдэгдэх аж. Үүнийг хэрэгжүүлэх гол хүн нь Ж.Ганбат юм билээ.
Баримт 23. Говь-Алтай аймагт дулааны цахилгаан станц баригдахаар болсон сурагтай. Ж.Ганбат хэр самбаачилга гаргаж хөөцөлдөнө тэр хэрээр асуудал шийдэгдэнэ гэсэн үг. Хөндлөнгөөс бас нэг зүйлийг нэмэхэд энэ аймаг өлийн цагаан оготнод сүүлийн хэдэн жил дээрэлхүүлсээр ирсэн. Энэ хавартаа багтаж дайснаа дарж авна. Хэрхэн яаж гэдгийг нь алтайнхнаас асууна биз.
Баримт 24. Алтайчууд хөгжлийнхөө гарц биш орцыг уул уурхай биш аялал жуулчлал гэж тодорхойлжээ. Учир нь Улаан номд бүртгэлтэй мазаалай, тахь, хулан, хавтгай, хар сүүлт зэрэг ховор амьтдаараа дэлхийн жуулчдын нүдийг хужирлах гэнэ. Бас болоогүй ээ, адал явдалт аялалыг баячуудад санал болгохоор төлөвлөжээ. Тэрбээр гэргий хоёр хүүхдийн хамт амьдардаг. Цагаан бизнес хийж явсан болохоор ноосны буянаар амьдрал ахуйгаа хөөрхөн өөд татаж чадсан Засаг даргын орлогчийн тухай өгүүлэхэд ийм байна.
24 баримт
ГАВЬЯАТ БОКСЧИН М.НАНДИНЦЭЦЭГИЙН ТУХАЙ 24 БАРИМТ
24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийн 24 баримт
Букенхемийн ордон Хатан хаан II Элизабетийг таалал төгссөн (2022.09.08) мэдээг зарлалаа.
II Элизабет Хатан хаан бол Нэгдсэн Вант Улс болон Хамтын нөхөрлөлийн бусад 14 хаант
улсын хатан хаан байсан юм. 70 жил Их Британийн хаан ширээнд суусан II Элизабет таалал
төгссөнөөр түүний хүү Чарльз III 74 насандаа хаан болж буй юм.
Хатан хаан II Элизабетийн
талаархи 24 баримтыг хүргэе.
24 баримт
ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ 24 БАРИМТ ЖҮДО БӨХИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА Ё.БАСХҮҮ
Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Нур-Султан хотноо
үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд 17 улсын 168 шилдэг тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд
Монгол Улсаа төлөөлөн олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар, Ё.Басхүү, Б.Хорлоодой
тэргүүтэй 18 бөх оролцож буй. Эрэгтэйчүүдийн -66 кг жинд өрсөлдсөн Ё.Басхүү алтан
медалийн төлөө Японы Рёома Танакаг ялж Азийн аварга цолны эзэн боллоо.
БАРИМТ 1. Ё.Басхүү нь 1993 оны аравдугаар сарын 1-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төржээ.
БАРИМТ 2. Энэ жил 29 нас хүр яваа тэрбээр үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны харьяат тамирчин юм.
БАРИМТ 3. Түүний биеийн өндөр 175 см, 66 кг жинтэй. 66 кг-ийн жинд барилддаг.
БАРИМТ 4. Ё.Басхүү 2019 онд Токиод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож тавдугаар байр эзэлж байсан.
БАРИМТ 5. Түүний дараа 2021 оны Будапештийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртжээ.
БАРИМТ 6. Тус тэмцээн дээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны бөх Елдос Жумакановтой учраа таарсан хэдий ч гэмтлийн улмаас дэвжээнд гараагүй байна.
БАРИМТ 7. Ё.Басхүү, Елдос Жумаканов хоёр нь өмнө нь хоёр удаа дэвжээнд таарч байсан бөгөөд Ё.Басхүү хоёр удаа давж байжээ.
БАРИМТ 8. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2019 оны дэлхийн аваргад эхнээсээ хүндхэн барилдаануудыг хийсэн. Дэлхийн аваргын бэлтгэл дээр эхний 20 бөхийн барилдааны бичлэгийг үзсэн ч яагаад ч юм Молдавын бөхийн бичлэгийг үзмээргүй санагдаад байсан. Гэтэл нөгөөх чинь надад нэг мэх бэлдсэн байж. Намайг лав барингуут шахаж татаад унагачихсан. Маш их харамссан, уйлмаар байсан. Дэлхийн дэвжээнээс медаль хүртэхийн төлөө хоёр жил уйгагүй бэлдсэний хүчинд санасандаа хүрсэн дээ” хэмээжээ.
БАРИМТ 9. Харин Токио 2020 олимпын наадмын шөвгийн наймд Ё.Басхүү, Японы Хифүми Абэтэй таарч вазари үнэлгээгээр ялагдсан.
БАРИМТ 10. Тэрбээр энэ талаараа “Хифүми Абэтэй хоёрдугаарт таарахдаа төлөвлөсөн барилдаанаа хийж чадаагүй. Үндсэн цагт оноо алдахгүй байгаад нэмэлт цагт явъя гэсэн бодолтой гарсан маань буруудсан ч байж магадгүй. Эхнээсээ л явдгаараа яваад барилдсан бол яах ч байсан юм билээ. Абэ аваргатай өмнө нь 2018 оны Осакагийн Гранд Слам, 2019 оны дэлхийн аваргад таарч хожигдож байсан. Хоёр хожигдлоо, хожлоо тайлъя гэж бодсон ч чадаагүй” хэмээн ярьсан.
БАРИМТ 11. Дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аварга Ё.Басхүү дотоодын улсын аварга шалгаруулах тэмцээнээс аварга авч үзээгүй гэнэ.
БАРИМТ 12. Улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа оролцсон ч 2018, 2019 онуудад хүрэл медаль хүртэж байжээ.
БАРИМТ 13. 2020 онд ОХУ-ын Екатеринбург хотод зохион байгуулагдсан “Их дуулга” тэмцээний 73 кг-ийн барилдаанд оролцоод шагналт долоодугаар байранд орсон.
БАРИМТ 14. Энэ тэмцээн түүний хувьд хамгийн дурсамжтай, урам өгсөн ялалт байсан тухай нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
БАРИМТ 15. Учир нь 66 кг-ийн жинд Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх нар барилдахаар болж Ё.Басхүүг 73 кг-ийн жинд барилдуулахаар болжээ. Шалгуулах гэтэл цагаан кимоногүй хэмээн бүртгэхээс татгалзсан тул Х.Цагаанбаатар уулзаад “Энэ 66 кг-д барилддаг хүүхэд. Хаашдаа 73 кг-д шалихгүй байх, бүртгээд авчхаач” гэж гуйгаад зөвшөөрүүлж байжээ.
БАРИМТ 16. Түүний жүдогийн анхны багш нь Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, аймгийн заан Г.Батцэрэн бол хотод ирж “Аврагч” спорт хорооны Ц.Шийрэв багш дээр иржээ. Харин одоо үндэсний шигшээ багт ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар тэргүүтэй багш нарын бэлтгэл дор удирдуулж байна.
БАРИМТ 17. Харин түүнийг жүдо бөхөөр хичээллэхэд хамгийн их нөлөөлсөн хүн нь улсын гарьд М.Баяржавхлан. М.Баяржавхлан нь түүний өвөөгийн талын ойрын хамаатан юм.
БАРИМТ 18. Ё.Басхүү дээрээ нэг төрсөн ахтай. Түүний ах Ё.Улсболд нь Завхан аймгийн начин цолтой.
БАРИМТ 19. Тэрбээр бага наснаасаа эхэлж барилдаж эхэлжээ. “Найзууд, дүү нартайгаа орой, шөнө байсан ч сарны гэрэлд ч хамаагүй барилддаг байсан. Г.Батцэрэн багш маань хивс дэвсэж байгаад барилдуулдаг байсан” гэв.
БАРИМТ 20. Жүдо бөхөөс гадна үндэсний бөх, самбо, кураш бөхөөр барилддаг. Завхан аймагтаа дөрвөн сумын нэгдсэн барилдаанд зодоглож түрүүлж байсан.
БАРИМТ 21. Хамгийн анхны тэмцээн нь самбо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний 62 кг-д барилдаж хүрэл медаль хүртэж байсан бол жүдо бөхөөр “Шонхор кап” тэмцээнд оролцож түрүүлж байжээ.
БАРИМТ 22. Ардын хувьсгалын түүхт 100,101 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд зодоглож нэгийн даваанд улсын заан Н.Жаргалбаяртай учраа таарч өвдөг шороодсон.
БАРИМТ 23. Хүүхэд байхдаа хурдан моринд хайртай, морь унах дуртай байв.
БАРИМТ 24. Эдгээр өдрүүдэд Казахстан улсын Нур-Султан хотноо зохион байгуулагдаж байгаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 18 жүдоч оролцсоноос -66 кг жинд Японы Риома Танакаг ялж Ё.Басхүү алтан медаль хүртсэн.
-
Нийгэм9 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Улс төр12 цаг өмнө
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
-
Улс төр11 цаг өмнө
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
-
Дэлхий дахинд9 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Бусад4 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм10 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Нийгэм11 цаг өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна
-
Нийгэм10 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ