Эдийн засаг
И.Мөнхцэцэг: Татварын цэнхэр дэвтрийг “И-баримт”-д түшиглэн онлайн болгож эхэллээ

Хүмүүсийн хамгийн их ашигладаг аппликейшний нэг болсон “И-баримт”-ын “Хувь хүнд олгосон орлого” цэсэнд тулгуурлан татвар төлөгч аж ахуйн нэгж, иргэд илүү хялбар үйлчилгээг авах боломжийг бүрдүүлж эхэлжээ. Шинэчлэгдсэн онлайн үйлчилгээний талаар ТЕГ-ын Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын байцаагч И.Мөнхцэцэгтэй ярилцлаа.
-Татварын цэнхэр дэвтрийг ямар учраас хүмүүс хэрэглэдэг вэ гэдгээс яриагаа эхлүүлье?
-Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу аливаа орлого хүлээж авч байгаа хувь хүн хүлээн авсан орлого түүнд ногдуулан суутгуулсан албан татвараа “Иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр” буюу татвар төлөгчдийн нэрлэж заншсан цэнхэр дэвтэрт бичүүлж, ингэснээрээ Хувь хүний орлогын албан татварын тайлан гаргах боломжтой болдог. Өөрөөр хэлбэл, татвар төлөгч хувь хүн татварын тайлан гаргахдаа тухайн жилд олсон нийт орлого, суутгуулж төлсөн татварыг тусгах шаардлагатай, гэтэл татвар төлөгч бүр тайландаа тусгах орлого, татвараа мэддэггүй. Жишээлбэл, ажил олгогчоос жилд хэдэн төгрөгийн цалин авч, түүнээсээ хэдийг нь татварт суутгуулснаа мэднэ. Банкинд хадгаламжтай байлаа гэхэд хадгаламжийн хүүгийн орлогод хэчнээн төгрөг бодогдсон, түүнээсээ хэдэн төгрөгийн татвар төлснөө дансны хуулгаа авахгүй, цэнхэр дэвтэрт бичилтээ хийлгэхгүй л бол мэддэггүй. Энэ бүгд нь татвар төлөгч хувь хүнд өөрөө татварын тайланг гаргахад үүсдэг хамгийн том бэрхшээл бөгөөд суутган төлөгчдөд ч ачаалал үүсгэдэг.
-Цэнхэр дэвтэр хэрэглэж байгаа хэчнээн татвар төлөгч байгаа вэ?
-Цэнхэр дэвтэртэй, тайлан гаргадаг татвар төлөгчийн тоо жилд 150-170 мянга байдаг, цаашдаа өсөн нэмэгдэнэ.
-Цэнхэр дэвтрийг халж, татварын орлого төлөх үйлчилгээг онлайн болгосноор ямар давуу талууд үүсэж байна вэ?
-Дээр хэлсэнчлэн иргэд жил бүр тайлангаа гаргах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх болохоороо байгууллагынхаа нягтлангуудын ачааллыг нэмэгдүүлдэг. Тайлангаа гаргахдаа тухайн жилд байгууллагаас авсан цалингаа мэдэхийн тулд нягтлан дээр очиж цэнхэр дэвтэр дээр бичилт хийлгэдэг. Тиймээс энэ асуудлыг хөнгөвчилж, цахимжуулахаар татварын алба зорьж байна. Суутган төлөгчийн улирал бүр гарган ирүүлдэг тайлан, орлого хүлээн авсан хүн бүрээр задлан гаргадаг мэдээнээс татвар төлөгч хувь хүний “И-баримт” руу мэдээллийг татаж хаанаас хэдэн төгрөгийн орлого хүлээн авсан, хэдэн төгрөгийн албан татвар суутгуулан төлснөө тухайн хүн өөрийн и-баримт аппликейшнээр орж харах боломжийг бүрдүүлсэн. Жишээлбэл, нэг байгууллага цалин хөлсний орлогын албан татвараар нийт 50 сая төгрөгийн албан татварыг суутган төлсөн бол энэ татвар нь хэн хэний цалингаас суутгасан татвар гэдгийг мэдээгээрээ задалж ирүүлнэ. Банкууд гэхэд улирал бүр дунджаар 60-70 мянган хүнд хадгаламжийн болон харилцах дансны үлдэгдэлд хүүгийн орлого олгохоор тооцож татварыг суутган төлсөн бол хэнээс хэдэн төгрөгийн татвар суутгасан гэсэн мэдээллийг хүн тус бүрээр задалж татварын албанд ирүүлдэг. Үр дүнд нь хувь хүн тайлангаа гаргах үед тухайн ирүүлсэн мэдээ харах, хянах боломж бүрдсэн. Гэвч Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу суутган төлөгч болон хувь хүн аль аль нь жилийн эцсийн тайлангаа дараа оны хоёрдугаар сарын 15-ны дотор гарган ирүүлэх үүрэгтэй. Энэ хугацаа адил байгаа нь хувь хүн тайлангаа гаргах үед суутган төлөгчийн дөрөвдүгээр улирлын мэдээлэл дутуу харагдах хүндрэл үүсгэж байгаа. Тиймээс “И-баримт”-д суутган төлөгч хувь хүнд орлого олгосон тухайн сардаа төлбөрийн баримт үйлдэж, энэ мэдээлэл хувь хүний “И-баримт” руу татагдан мэдээллээ харах боломжийг бүрдүүлэх юм.
-Татвар төлөгч хувь хүн, байгууллага дараа оныхоо хоёрдугаар сарын 15-нд багтаж тайлангаа өгөх гэж олон асуудалтай тулгардаг. Энэ бүхнийг л хөнгөвчилж, хугацаа алдуулахгүй, амар хялбар байхад тустай гэж ойлголоо?
-Тийм ээ. Татвар төлөгч хувь хүн он дуусаад, дараа оныхоо хоёрдугаар сарын 15-ны дотор татварын тайлангаа гаргаж өгөх үүрэгтэй, тайлангаа гаргаж байж хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагддаг. Мөн тухайн байгууллага хувь хүнээс орлогын албан татвар суутгасан тайланг улирал бүрт өссөн дүнгээр өгч, жилийн эцсийн тайланг мөн л дараа оныхоо хоёрдугаар сарын 15-ны дотор татварын байгууллагад өгөх үүрэгтэй. Хувь хүн тайлангаа өгөхөд эхний гурван улирлын татварын мэдээллийг байгууллагын өмнөх тайлангуудаас татаад тухайн иргэний “И-Баримт” аппликейшн дээр харуулж болно. Гэтэл таны ажилладаг байгууллага жилийн эцсийн тайланг өгөөгүй тохиолдолд тухайн хүний сүүлийн гурван сарын мэдээг татах боломжгүй. Үүнийг шийдэх эхний хэлбэр болгоод хувь хүнд олгосон зарим орлогын төлбөрийн баримт үүсгэх цэсийг “И-Баримт”-д оруулсан байгаа.
-Татварын орлогоо онлайнаар харах, мэдэх боломжтой болох учраас цэнхэр дэвтэр ашиглахгүй гэсэн үг үү?
-Ингэснээр зөвхөн хувь хүнд гэлтгүй байгууллагын нягтлан бодогчийн ажил илт хөнгөрч байгаа юм. Жишээлбэл, орлого олгогчид тэр ажилтанд ийм хэмжээний орлого олгосон гээд төлбөрийн баримт гаргана. Энэ мэтчилэн хийж явж байсан мэдээнүүд нэгтгэгдээд хувь хүн жилийн тайлан гаргах үед орлого, татварын мэдээлэл тань таны “И-Баримт” аппликейшнд шууд харагдана гэсэн үг. Энэ байдлаар цэнхэр дэвтрийг цахимжуулснаар татвар төлөхөд үүсдэг гол үйл ажиллагаануудыг хялбарчилж өгч байна. Нэгдүгээрт, татвар төлөгч иргэнд өөрийнх нь орлого төлсөн татварыг хугацаа алдахгүйгээр харах боломжийг бий болгож байна. Хоёрдугаарт, татвар төлөгч иргэн тайлангаа хэнээс ч хамааралгүй заавал цэнхэр дэвтэр дээр бичүүлэхгүй гаргах боломжийг олгож байгаа.
-“И-Баримт”-д оруулсан цэсэндээ орлогын хэдэн төрлийг оруулж өгсөн бэ?
-Системийн эхний ээлжийн ажлууд хийгдэж байгаа учраас хувь хүнд олгох бүх орлогыг цахим систем рүү шилжүүлэх боломжгүй байгаа. Тухайлбал, цалин, хөдөлмөрийн хөлсний орлого, түүнээс суутгасан албан татвар, хадгаламж болон харилцах дансны үлдэгдэлд олгосон хүүгийн орлогын төрлийг оруулах нь системийн ачааллыг нэмэгдүүлэхээр байна. Одоогоор хувь хүнд олгосон ногдол ашгийн орлого, хүүгийн орлого, төлбөр, таавар, бооцоот тоглоомын хонжворын орлого, урлаг спортын тэмцээн болон наадмын бай шагналын орлого, албан татвар суутгаагүй олгосон орлого гэх мэт орлогын олон төрлийг оруулсан. Тэдгээр орлогыг олгож байгаа байгууллага нь төлбөрийн баримтыг гаргаж өгөх юм. Цаашдаа энэ орлогуудыг бүрэн бүртгэснээр “ТТ-12” тайлангийн мэдээ шууд бөглөгдөхөөр хөгжүүлэлт хийгдэнэ. Мөн хувь хүний орлогын төрлүүд нь татварыг суутгаж төлөх, татварыг суутгаж төлөхгүйгээр орлого олгох гэсэн хоёр янз байдаг. Татварыг суутгаж төлөхдөө “ТТ-12” тайлангийн маягтаар тайлагнаад, давхар “И-Баримт”-ын цэсэн дээрээ бичиж явна. Татварыг суутгахгүйгээр орлого олгоход хувь хүн өөрөө орлогоосоо зардлаа хасаж тайлагнадаг. Энэ тохиолдолд байгууллага “И-Баримт” аппликейшний “Хувь хүнд олгосон орлого цэсэн” дээр шивэлтээ бичихээс гадна хувь хүнээс “И-Баримт”-аа авах ёстой.
-Татварын орлогын системээ цаашдаа хэрхэн хөгжүүлэх вэ?
-Цаашдаа энэ орлогуудыг бүрэн бүртгэснээр “ТТ-12” тайлангийн мэдээ шууд бөглөгдөхөөр хөгжүүлэлт хийхээр зорьж байгаа.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.
-
Энтертайнмент16 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм18 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр21 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм21 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент20 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм20 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм19 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ