Эдийн засаг
Баян шийдвэр гаргагчид ба ядуу иргэд

Монгол Улсын Үндэсний статистикийн хороо, Дэлхийн Банк хамтран хийсэн судалгаагаар 2018 онд манай улсын хүн амын ядуурлын түвшин 28.4 хувьтай, 904.9 мянган ядуу хүн байна гэсэн тайлан гарсан. Өөрөөр хэлбэл гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна гэсэн үг. Энэ бүлэг тэр чигтээ эдийн засгийн болон эрүүл мэндийн дархлаагүй нөхцөлд амьдарч байна. Чанартай, илчлэг сайтай хоол хүнсээр хомс, эрүүл аюулгүй амьдрах орчин хангалттай биш, өвчлөлд өртөх магадлал хамгийн өндөртэй бүлэг. Шинэ коронавирусын халдварын тархалтын үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлогын болон эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний хөтөлбөрт энэ бүлгийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ үндсэндээ алга байна.
Дараагийн том бүлэг бол нийт хүн амын 50 орчим хувийг эзэлж байгаа сарын өрхийн дундаж орлого нь 300.0-700.0 мянган төгрөгт хэлбэлздэг хэсэг. Хатуухан хэлбэл маш амархан ядуу иргэдийн бүлэгт орох магадлалтай хүмүүс. Өнөөдөр маш олон салбарт сул зогсолт бий болчихлоо. Хувийн хэвшлүүд ажилтнаа цомхотгож, зарим нь тодорхойгүй хугацаагаар ээлжийн амралт өгөөд эхэлсэн. Энэ зун улирлын шинж чанартай ажилладаг аялал жуулчлал, түүнтэй шууд холбогдон орлого олдог 10 орчим салбар, уул уурхай, нийтийн хоол, үзвэр үйлчилгээ, агаарын тээвэр гээд олон салбар тэг зогсолт хийх нь тодорхой байна. Нэмээд бүх албан бус жижиг бизнесүүд, өрхийн үйлдвэрлэл, иргэдийн нэмэлт орлого олдог сувгууд хаагдчихлаа. Бас л энэ бүлгийн эдийн засгийн асуудалд анхаарсан бодлого одоогоор гараагүй байна. Эдийн засгийн нөхцөл байдал тухайн иргэний эрүүл мэндийн дархлаатай нь шууд хамааралтай байдаг. Эдийн засгийн нөхцөл байдал өнөөдөр байгаагаас дордоход хүн амын 80 хувийн эрүүл мэндийн дархлаа шууд муудахаар байгааг эрх баригчид огт ойлгохыг хүсэхгүй байна.
Тэд шатахууны үнийг 300 төгрөгөөр буурууллаа гэж ярьж байна. Гэхдээ энэ үнийн бууралтыг Засгийн газар биш коронавирус хийсэн гэж ярих хүмүүс их байна. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ навс унасан учраас бензин шатахууны үнэ буурч байгаа, харин ч бага буурлаа гэж иргэд ярьж байна. Ноолуурын үнийг 100.0 төгрөгөөс буулгахгүй гэж зарласны маргаашаас нь зарим аймагт үнэ 50.0 төгрөг хүртэл унасан гэх мэдээ байна. Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралын үед ноолуур нөөцлөхөд татвар төлөгчдийн их хэмжээний мөнгийг үрэх нь тийм ч зөв шийдэл биш. Доголдож орлого нь буурч байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ажилчдад сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэмж олгоно гэж зарласан, гэхдээ ямар шалгуураар яаж хамруулахаа тодорхойлж чадаагүй байгаа. НДШ-ээ төлж байгаа, ажилчдынхаа орон тоог цомхотгоогүй аж ахуйн нэгжүүд үүнд хамрагдана гэж хэлж байгаагаас харахад энэ бас л судалгаа муутай шийдвэр. 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанаас орлогын албан татвар авахгүй гэж зарласан. Угаасаа энэ жил ашигтай ажиллах ЖДҮ байхгүй тул энэ бас л ул суурь муутай шийдвэр.
Засгийн газрын долоон амлалтын дөрөв нь нэг иймэрхүү гол байнаасаа хол байна. Яагаад манай эрх баригчид ийм хол хөндий юм яриад байна. Бид сүүлийн нэг сар гадаадын улс орон болгоны шийдвэрийг сонслоо, хоорондоо ярилцлаа. Тэд бүгд иргэн бүрийн амьжиргааг дэмжихэд чиглэжээ, мөн ажилтан бүрийн ажлын байрыг хадгалахад чиглэжээ. Иргэдийн амьдралаас хол хөндий, жирийн иргэний зовлонг яагаад ч олж харахааргүй мэлмийтэй хүмүүсийг бид сонгоод дээрээ залаад байна уу. Судлаач Д.Совд одоогийн Ерөнхий сайд болон 74 УИХ-ын гишүүний Хөрөнгө орлогын мэдүүлэгт дүгнэлт хийхэд тэдний 64 нь 100.0 саяас дээш төгрөгийн хадгаламж, харилцах дансны үлдэгдэлтэй байгааг онцолсон байсан. Бүр тодруулбал, тэдний 35 нь 100 саяас, 16 нь 500 саяас, 10 нь 1 тэрбумаас дээш, 5 нь 5 тэрбумаас дээш мөнгөн дүнтэй хадгаламж, харилцах дансандаа мөнгөтэй байна. Энэ бол зөвхөн тэдэнд байгаа бэлэн мөнгөний хэмжээ, үүн дээр компанийх нь хувьцаа, үл хөдлөх болох хөдлөх хөрөнгө гээд асар их хэмжээний хөрөнгө нэмэгдэнэ. Мөн төрийн албанд хэдэн арван тэрбумтан дарга нар ажиллаж байгааг тэрээр дурдсан. Бид сүүлийн 20 жилд үнэхээр үнэмлэхүй баян хүмүүсээр удирдуулж байна. Ядуу, дунджаас доогуур бүлэгт иргэдийн дийлэнх нь багтдаг бөгөөд тэднийг хэт чинээлэг хэсэг нь удирдаж байна гэсэн үг. Иргэний амьдралаас хол тасархай дарга нарын гаргасан шийдвэр гол байгаа онодоггүй үргэлж давж, эсвэл дутаж унадаг юм байна.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.
-
Энтертайнмент16 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм18 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр21 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм21 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент20 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм20 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм19 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ