Нийгэм
Хуурамч шатахууны түүхий эдийг онцгой албан татварт хамруулах хуулийн төсөл өргөн барьжээ
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрөгч Баасан гарагт УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьжээ.
Хуулийн төсөлд керосин, нафта хэмээх хуурамч шатахууны гол түүхий эд болдог бодисыг импортлоход онцгой албан татвар ногдуулах зохицуулалтыг тусгасан байна.
“Хуурамч шатахууны асуудал 2015 оны арваннэгдүгээр сард онцгой албан татварын хувь хэмжээг 400 мянган төгрөг, дизель түлшинд 520 мянган төгрөг болгож тогтоосон үеэс эхтэй бөгөөд түүнээс хойш дээрх төрлийн завсрын бүтээгдэхүүний эрэлт огцом нэмэгдэж, урьд нь 20, 30 мянган тонн орж ирдэг байсан бол 2016 онд 100 мянга, 2017 онд 150 мянган тонн болж өссөн мэдээ байна” гэж хууль санаачлагч төслийн танилцуулгадаа дурджээ.
Дээрх бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд онцгой албан татвар ногдуулдаггүй, ямар нэг тусгай зөвшөөрөл шаардлагагүй байдаг ажээ.
Нефть үйлдвэрлэл, борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг зарим компани манай улсад хуурамч шатахуун үйлдвэрлэн, шатахуун түгээх станцуудад нийлүүлж, иргэдийг хохироосоор байгаа нь хяналт шалгалтаар тогтоогдож байсан бөгөөд энэ төрлийн түүхий эдийн хольцтой хуурамч шатахууны нөлөөгөөр автомашин, тээврийн хэрэгсэл эвдэрч, иргэд, аж ахуйн нэгжид жилд 50-60 тэрбум төгрөгийн хохирол учирч байгаа аж.
Хуурамч шатахууныг үйлдвэрлэж, борлуулснаар:
- Хольцтой шатахуун хэрэглэсэн автомашины карбюратор, поршин амархан муудаж, иргэдэд эдийн засгийн хохирол учруулах;
- Газрын тосны дайвар бүтээгдэхүүнийг онцгой татваргүй оруулж ирээд онцгой татвартай бүтээгдэхүүнд хольж татвараас зугтах;
- Нийтийн тээврийн хэрэгсэлд хэрэглэснээр утаа их гарч, байгаль орчны бохирдолд нөлөөлөх;
- Бизнесийн шударга өрсөлдөөний зарчмыг алдагдуулах зэрэг олон төрлийн сөрөг нөлөө үзүүлж байгаа юм.
Иймд дээрх бүтээгдэхүүнд онцгой албан татвар ногдуулснаар татварын бааз суурь тэлж, хуурамч шатахууны үйлдвэрлэлийг хумих, иргэд, байгууллага, улс орны эдийн засагт учирч буй хохирлоос сэргийлэх чухал ач холбогдолтой гэж хууль санаачлагч үзсэн байна.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.