Энтертайнмент
Хосгүй үнэт үзмэр: Дөрвөн хүчтэн тоглоом
Монгол ардын тоглоом наадгай нь нүүдэлчдийн амьдралд зохицсон тухайн ард түмний байгаль дэлхийтэй харилцах шүтэлцээ, зан үйл, шашин шүтлэг, аж ахуйн онцлог, ёс суртахуун, оюуны сэтгэлгээний тод томруун тусгал болсоор ирсэн. Монголын уламжлалт тоглоом наадмыг зэрэг дэв, зориулалтын шинж байдлаар нь аж байдлын, цаг улирлын ёслол цэнгэл, төрт ёсны баяр наадам хэмээн гурван ай сав болгон хувааж (Монгол улсын угсаатны зүй., 2012:466) үздэг.
Монголын оюуны соёлын нэгэн өвөрмөц уламжлал бол монгол тоглоомын зан үйл, бэлгэдэлт шинж бөгөөд амин сүнс нь наадах цэнгэх үүрэг зорилгоос гадна дом, засал тахилгын шинжтэй байдагт оршино. Өдгөө ч монгол тоглоом тэр шинжээ хараахан бүрэн алдаагүй, хадгалсаар байна. Бид энэ удаа Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдан буй “Дөрвөн хүчтэн” хэмээх оньсон тоглоомын бэлэгдэл, тоглох арга, ач холбогдлын талаар товч танилцуулж байна.
Энэ тоглоом нь суурь хайрцаг, арслан, хангарьд, луу, барын өнгө алаглуулан будсан сийлбэрээс бүрдсэн оньсон тоглоом юм.
1. Суурийн хайрцаг: Хуш модоор зургаан өнцөг бүхий тэгш өнцөгт хэлбэртэй 8,8 см өндөр, 12,5 см өргөн, 35,5см урттай майга хөлтэй ширээ хийж, түүний хүрээнээс дотогш 04см хайрцаглан нарийн хүрээ хадаж тогтоожээ. Тоглоомын суурийг улаан хүрэн, ногоон өнгийн будгаар будаж, дээр нь 12ш зээ бадыг дусал хээг холбон зүмбэрдэн товойлгож алтан боронзоор боронзоджээ.
2. Дөрвөн хүчтэний сийлбэрүүд:
• Хангарьд: Тэргүүндээ хүслийн таван эрдэнэ чимэгтэй, дугираг цагаан эвэртэй, бүргэд толгойтой, том алаг нүдтэй, хөх эрээн хайрс бүхий жигүүртний хаан хангарьдыг хошуундаа цагаан эрээн могой хөнлөн зууж, таван хумс бүхий хүчирхэг савартаа атгасан байдлаар дүрслэн их биеийг эвхэрлэлдүүлэн сийлж, өнгө ялган будсан байна. Сийлбэрийн өндөр-5,1см, суурийн диаметр-9см юм.
• Луу: Босоо хос цагаан эвэртэй, доош унжсан цагаан соёотой, ногоон зогдортой, хар эрээн дөрвөлжин хээтэй шар эрээн луугийн 3 сарвуунд гал эрдэнэ атгуулсан, их биеийг мөн бусад хүчтэний адил эвхэрч нугарсан байдлаар дүрслэн сийлжээ. Сийлбэрийн өндөр-5,3см, суурийн диаметр-9,2 см юм.
• Арслан: Хүзүү нуруугаа дагасан цагаан эрээн бидэртэй ногоон өнгийн зогдортой, дэл зогдороо намируулж сүүлээ сагсайлгасан, том алаг нүдтэй эргэлдүүлэн, араа шүдээ арзайлган архирч буй арсланг дөрвөн мөчөө хумин хэвтэж буй байдлаар сийлбэрлэжээ. Арслангийн их биеийг шар өнгөөр будаж хар өнгөөр үсний ширхэг, толбо зэргийг тодруулан гаргажээ. Тоглоомын суурийн диаметр-9см, сийлбэрийн өндөр-5см болно.
• Бар: Их биеийг хар өнгөөр эрээлсэн судалтай, шар эрээн зүстэй, урт сүүлээ биеийн дагуу унжуулан, үзүүр хэсгийг өмнөө гогцоолон эвхэж, дөрвөн мөчөө хумиж, 3 сарвуугаа ил гарган биеэ хураасан, дарвайсан улаан амаа ангайн, хоёр соёогоо уруулын дээгүүр гарган, араа шүдээ арзайлган архирч буй байдлаар дүрсэлжээ. Арслантай хэмжээ ижил байна. Дөрвөн хүчтэний бэлэгдэл Монголчууд хангарьд, лууг дээд тив буюу тэнгэрийн хүчтэн, бар, арсланг дунд тив буюу газрын хүчтэн, тэнгэр газрын хүчтэнгүүд нэгдэхээр 4 зүгийг эрхшээсэн ертөнцийн агуу хүчийг олж захирдаг “дөрвөн хүчтэн” хэмээн ихэд бэлэгшээн хүндэлсээр иржээ. Луу-тэнгэр, лусын хүчтэн, хангарьд – жигүүртний хаан, арслан- араатны хаан, бар- ойн буюу уулын эзэн юм. Харин Дөрвөн хүчтэний бүхий л шинжийг багтаан нэгэн дүрсэд оруулсан хээг “зээбад” гэж нэрлэн хөөрөгний мөр, хэтний нүүр, сүм дугана, орд харшийн хаалганы чимэглэлд хэрэглэсээр иржээ (Майдар.Д., 1976:129-130).
Тэгвэл тус тоглоомын гадна хүрээгээр 12 ширхэг зээ бад хээ чимэглэсэн нь энэ тоглоом газар, тэнгэр, далай, тэнгисийг эрхшээсэн их хүчийг олсон бэлэгдэлтэй гэдгийг нотлон харуулж байна. Тоглох аргачлал Оньсон тоглоомын гол зарчим нь хүний оюун ухаан, мэдлэг, авхаалж самбаа, ой тогтоолт зэргийг шалгасан нүүдэлчдийн ахуй амьдрал, шүтлэг, сүсэг бишрэл, оюуны сэтгэлгээг илтгэсэн байдгаараа онцлог.
Монголчуудын уламжлалт оньсон тоглоомыг угсрах, эвлүүлэх, зангидах, задлах, гаргах зэрэг олон төрлөөр бүтээж түүнийгээ даруулах, шургуулах, давуулах, дагуулах, ороох, углах, өшиглүүлэх, тээглүүлэх зэрэг олон үйлдлээр гүйцэтгүүлдэг байна. Үүний нэг нь бидний судлаж буй Дөрвөн хүчтэн юм. Энэ тоглоом наадгайг эвлүүлэн оньслох аргаар тоглох зарчимтай ажээ. Энэ тоглоомыг тоглохдоо зургаан өнцөгт хэлбэртэй 10,4 см өргөн, 35,5см урттай /7см, 7 см, 10 см талууд бүхий/ саванд дөрвөн амьтныг сууриар нь багтаан өрснөөр тоглоом дуусна. Хангарьд-4,7см, луу-5,5см, арслан-5см, бар-4,8см өндөртэй бол тэдгээрийн суурийн диаметр хамгийн өргөн хэсгээрээ цөм 9см байна.
Сууринд дээрх тоглоомуудыг багтаахад юуны өмнө аль тоглоомоос эхлэх вэ гэдгийг олох нь чухал. Эдгээр Дөрвөн хүчтэний хангарьд, луу хоёр хүчтэн нь тэнгэрийн амьтан. Нөгөө бар, арслан хоёр нь газрын амьтан. Энэ саванд дөрвүүлээ багтаж байж сая тэнгэр газрын хүчтэнгүүд нэгдэхээр 4 зүгийг эрхшээх хүчтэй болно. Эхний хувилбар: гарьд наашаа, арслан цаашаа,бар цаашаа, луу наашаа харсан байрлал буюу тэнгэр газар, газар лус гэсэн бэлгэдлээр багтаж байна. Дараагийн хувилбар: гарьд наашаа, бар цаашаа, арслан цаашаа, луу наашаа харсан байрлал буюу дээрхийн адил тэнгэр, газар, газар, лус гэсэн бэлгэдлээр багтаж байна.
Гуравдахь байрлал: гарьд наашаа, луу цаашаа, бар наашаа, арслан цаашаа харсан байрлал буюу тэнгэр, лус, газар гэх бэлэгдлээр багтаж байна Дөрөв дэх байрлал: Гарьд наашаа, арслан цаашаа, бар наашаа, луу цаашаа харсан байрлал буюу тэнгэр, газар лус харсан хувилбар байна. Энэ тоглоомын ихэнх хувилбар баруун гар талдаа гарьдаар эхлэхээр таарч, өөр хаанч таарахгүй байгаагаас үзэхэд тэнгэрийн хүчийг бэлгэдсэн бололтой.
“Дөрвөн хүчтэн тоглоом” эрдэм шинжилгээний өгүүлэл. “Дэлхийд данслагдсан монгол өв: Монгол наадгайн соёл” Олон Улсын эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийн эмхэтгэл. УБ., 2019: 102-108 Ч.Туулцэцэг Монголын Үндэсний музейн Эрдэм Шинжилгээний төвийн Куратор
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.