Нийгэм
Нэг килограм ноолууранд 20 мянган төгрөгийн урамшуулал олгох УИХ-ын тогтоол баталлаа
УИХ-ын нэгдсэн чуулганаар /2020.04.29/-ийн хуралдаанаар “Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Уг тогтоолын төсөлд малчдыг дэмжихээр ноолуурын асуудлыг тусгав.
Засгийн газраас ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөр худалдан авах шийдвэр гаргасан хэдий ч дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас зах зээл хумигдаж, дотооддоо хэрхэн ноолуур бэлтгэх асуудал тулгарсан. Иймд УИХ-аас ноолуурын үнийн асуудалтай холбоотой санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг энэ сарын 24-нд байгуулж, Л.Элдэв-Очир гишүүн ахлан ажилласан. Уг ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-ын дээрх тогтоолын төсөлтэй хамтатган хэлэлцлээ. Ингэснээр тогтоолын төсөлд ноолуур бэлтгэх болон худалдан авах үнэтэй холбоотой нарийвчилсан зохицуулалтыг тусгасан заалтыг оруулсан юм.
Ажлын хэсгийн санал, дүгнэлтийн талаар УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Ж.Мөнхбат, Ш.Раднаасэд, Ж.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, А.Сүхбат, О.Батнасан нар танилцуулга хийсэн. Уг тогтоолд малчдын орлого болон үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор ноолуурын зах зээлийн суурь үнээр тушаасан нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшууллыг малчин өрх бүрт олгох заалтыг орууллаа.Түүнчлэн ноолуурын түүхий эдийн нөөц бүрдүүлэх, ноолууран бүтээгдэхүүн экспортлохтой холбогдуулан ноолуурын үйлвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагааг яаралтай зохион байгуулах, ноолуурын экспортыг дэмжих чиглэлээр ноолуурыг бүх хилийн боомтоор саадгүй нэвтрүүлэх, холбогдох хураамжуудыг тэглэх асуудлыг шийдвэрлэх, ноолуурын зах зээлд өрсөлдөөнийг бий болгож, бодит үнэ тогтоох зорилгоор гадаад улсын худалдан авагчдыг ноолуур бэлтгэх үйл ажиллагаанд татан оролцуулах ажлыг шуурхай зохион байгуулах зохицуулалтыг хийхээр тусгажээ.
Ингэснээр малчид ноолуураа борлуулах, худалдан авагчид, үндэсний үйлдвэрлэгчид, гадаадын худалдан авагчид ноолуур бэлтгэх боломжийг бий болгох, зах зээлд ноолуурын бодит үнэ тогтоох боломжтой гэж үзсэн байна. Энэ тухайд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Тушаасан ноолуурын кг тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгосноор 200 мянган малчин өрхийн 800 мянган иргэний орлогыг нэмэгдүүлж байгаа. Энэ нь аль аль талдаа амьдралд ойр, бодитой хувилбар юм” хэмээн онцолсон бол УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир “Нэмэгдлээр олгох 200 тэрбум төгрөгийг Сангийн яамтай ярилцаж тохирсны дагуу Засгийн газраас гаргана. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тал талын төлөөллийг оролцуулсан. Жишээ нь, “Говь” компанийн захирал Ц.Баатарсайхан, “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан нарын хүмүүсийг оролцуулсан. Уг тогтоолын саналд үйлдвэрлэгчдийн санал нэлээд орсон” гэлээ.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.