Энтертайнмент
Холливүүдэд хүндлэгдсэн Болливүүдийн жүжигчин 53 насандаа таалал төгсжээ
Холливүүдийн олон кинонд дүр бүтээж, дэлхий дахинд алдаршсан Энэтхэгийн кино од Ирфан Хан өчигдөр 53 насандаа өвчний улмаас таалал төгсжээ.Түүний тоглосон кинонуудын дотор “Life of Pi”, “Slumdog Millionaire”, “The Amazing Spider-Man”, “The Namesake”, “Jurassic World” зэрэг алдартай бүтээлүүд багтдаг. Хан 2018 онд нэг төрлийн хорт хавдартай нь оношлогдож байсан бөгөөд энэ долоо хоногийн эхээр Мумбай хотын эмнэлэгт хэвтсэн юм.
Тэрээр эхнэр, хоёр хүүтэй хүн.Энэтхэгийн баруун бүсийн Ражастан мужид 1967 оны нэгдүгээр сарын 7-нд төрсөн Ирфан Ханы эцэг, эх кино урлагтай ямар ч холбоогүй хүмүүс байсан гэдэг. Тэр ч байтугай хүүхдүүддээ кино үзэхийг хориглодог гэр бүл байжээ. Авга ахындаа зочлохдоо анх удаа театрт кино үзсэн Хан жүжигчин болохоор шийдэж, сүүлд Энэтхэгийн Үндэсний Драмын сургуульд элссэн юм. Гэвч түүний хэвшмэл бус дүр төрх, Шекспир, Чеховын жүжгийн сургуулилалт нь дуу, бүжгээр баялаг Болливүүдийн стандартад гологдож, олон уран бүтээлд өрсөлдөөд хасагдаж байжээ.
Цөхөрсөн Хан жүжигчний мэргэжлээ орхих тухай бодож явахад нь Британийн найруулагч Асиф Кападиа түүнийг “The Warrior” киноныхоо хөлсний цэргийн дүрд сонгосон нь амжилтын гараа болсон байна.
2015 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа Хан өөрийнх нь жүжиглэлт, ур чадварыг үнэлдэг Өрнөдийн үзэгчдэд талархаж явдагаа илэрхийлж байжээ.
Гэхдээ тэр “Болливүүдийн хувийн хэлхээ холбоонд суурилсан албан бус байдал нь ажиллахад амар байдаг. Харин Холливүүдэд бүх юм зэрэг зиндаад хуваагдсан хатуу тогтолцоотой” гэж ярьж байсан юм.
Тэрээр нийтдээ 100 орчим кинонд дүр бүтээж, хэд хэдэн нэр хүндтэй шагнал хүртэж байжээ.
Ирфан Хан нас барсныг сонссон Холливүүдийн алдартнууд эмгэнэлээ илэрхийлсээр байна.
Эх сурвалж: AFP
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.