Нийгэм
Нийслэлийн Байгаль орчны газар 30 нас хүрлээ
Нийслэлийн Байгаль орчны газар үүсэн байгуулагдсаны түүхт 30 жилийн ойн баярын арга хэмжээ өнөөдөр боллоо. Түүхт ойн хүрээнд нийслэлээс 2018 оныг иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил болгон зарласантай холбогдуулан “Байгаль хамгаалалд иргэдийн оролцоо” чуулга уулзалтыг зохион байгууллаа.
Чуулга уулзалтад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба, БОАЖЯ-ны газар, хэлсийн дарга нар, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болоод төрийн бус байгууллагын төлөөллүүд, нийслэлийн Байгаль орчны газрын үе үеийн удирдлага, ажилчин, албан хаагчид оролцов.
Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга “Анх 1988 онд байгаль орчны газар гэж байгуулагдсанаар манай байгуууллагын үүсэл тавигдсан. Энэ хугацаанд манай байгууллагын үйл ажиллагаа жил ирэх тусам өргөжин тэлж, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар, Богдхан уулын хамгаалалтын захиргаа гэх мэтчилэн газруудыг бие даалган гаргасан байна. 30 жилийнхээ ойн баярын хүрээнд үе үеийн байгаль орчны газрын дарга удирдлагууд ахмад, дунд, залуу үеийн чуулга уулзалтын зохион байгуулж байна. Чуулга уулзалтаар байгаль орчинд тулгамдаад буй асуудлууд, цаашид хэрэгжүүлэх үйл ажилллагааны чиглэлийг хэлэлцэнэ” хэмээлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Өнөөдрийн үйл ажиллагаа нь зөвхөн баяр тэмдэглэх биш. Цаашид ирээдүй хойч үедээ байгаль дэлхийгээ хэрхэн хамгаалах, байгаа хэвээр нь хэрхэн үлдээх вэ гэдгийг хэлэлцэхэд чиглэж байна. Нийслэлийн Байгаль орчны газраас байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцоог хангахыг зорин ажиллаж байна” гэв.
Түүхт 30 жилийн ойг тохиолдуулан Алтан гадас одонгоор НБОГ-ын Захиргааны хэлтсийн дарга Д.Баярмааг, БОАЖЯ-ны тэргүүний ажилтан цол тэмдэгээр, Г.Болормаа, Ц.Цогтбаатар, Д.Жамбажамц, Б.Цэцэг-Өлзий, Н.Адьяасүрэн нарыг, БОАЖЯ-ны “Жуух бичиг”-ээр Н.Эрдэнэбилэг, М.Чинсанаа, Ж.Батзолбоо нарыг, ОУ-ын “Эко ворлд” шагналаар НБОГ-ын дарга Э.Баттулгыг, Төрийн албаны тэргүүний ажилтнаар П.Мягмарсүрэнг, нийслэлийн “Тэргүүний ажилтан”-аар С.Санжмятав, О.Тэмүүжин нарыг, Улаанбаатар хотын хүндэт тэмдгээр Ю.Дэлгэрмааг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн “Жуух бичиг”-ээр Д.Нацагдорж, М.Саруул, Д.Батсайхан, Д.Авьяасэд нарыг, НИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”-өөр Э.Жаргалсайхан, Б.Цэцэг-Өлзий, Б.Ганширэм нарыг, НИТХ-ын “Хүндэт үнэмлэх”-ээр Г.Доржсүрэн, Д.Төмөрбаатар, Н.Дорж, М.Мөнхнайрамдал нарыг, МЗХ-ны “Тэргүүний залуу” цол тэмдэгээр Ц.Цолмонбаатарыг, ЧД-ийн Засаг даргын жуух бичгээр Д.Ганбаатар, Г.Нацаг нарыг шагнаж урамшуулав.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.