Энтертайнмент
XIII-XIV зууны үед холбогдох хосгүй үнэт үзмэр

Монголын Үндэсний музей нь албан ёсны цахим хуудсаараа дамжуулан түүх, соёлын хосгүй үнэт үзмэрээ дээжлэн цувралаар хүргэж байгаа билээ. Уг цувралын өнөөдрийн дугаарт XIII-XIV зууны үед холбогдох “Нарны дүрст болон хавирган сар хэлбэртэй алтан эдлэл” үзмэрийг толилуулж байна.
Материал: Алт
Хэмжээ: Нарны дүрст алтан эдлэл 50.33 мм, Хавирган сар хэлбэртэй алтан эдлэл 41.54 мм
Холбогдох он цаг: XIII-XIV зуун “Нарны дүрст болон хавирган сар хэлбэртэй алтан эдлэл” үзмэр
Монгол нутагт олон мянган жилийн турш оршин амьдарч ирсэн нүүдэлчдийн дунд эрт цагаас байгаль дэлхий, тэнгэр огторгуй, нар сар шүтэх үзэл өргөн дэлгэр байжээ. Үүний баримт болсон эд өлгийн болон бичгийн сурвалжийн түүхэн мэдээ арвин баялаг.
Хятадын Хан улсын үеийн түүхч Сыма-Цяний (НТӨ 145-86) “Түүхэн тэмдэглэл” зохиолд “Хүннүгийн Шаньюй ордноос гарч өглөө ургах наранд, орой саранд мөргөнө” хэмээн тэмдэглэн үлдээсэн нь өвөг монголчуудын наран саран шүтлэгийн хамгийн эртний бичгийн сурвалжийн мэдээ юм. Мөн үүнийг нотлох алт, хүрэл, төмөр, үйсээр хийсэн нар болон хавирган сарны дүрст эдлэлүүд Монгол нутагт малтан судлагдсан Хүннүгийн язгууртны булшнаас цөөнгүй олдсон байдаг.
Монголын эзэнт гүрний үед тэнгэр шүтлэг нь нийгэм, улс төрийн хүрээний хамгийн хүчирхэг үзэл санаа, шашны ухамсар болон хөгжсөн түүхтэй. Хориг уулын Монгол булшнаас олдсон энэхүү нимгэн хуудсан алтыг хавирган сар хэлбэрт оруулан хайчилж хийсэн эдлэл, нэг хурц өнцөгт нь хадаасны тав хадгалагдаж үлдсэн, нөгөө өнцөг нь нэг нүхний ортой, захын ирмэгийн дагуу энд тэнд бага зэрэг цуурч урагдсан гэмтэлтэй нар, сарны алтан дүрсүүд нь Монгол нутгаас олдсон Дундад эртний монголчуудын тэнгэр, нар, сарны шүтлэгийг илэрхийлэх анхны бодит олдвор тул судалгаа болон үзүүллэгийн маш өндөр ач холбогдолтой юм.
Үүнээс гадна Хүннү болон Монголчуудын шүтлэг, зан үйлийн залгамж холбоог харуулж буйгаараа уг олдвор хосгүй үнэ цэнэтэй юм. Уг олдворыг 2019 онд МҮМ-н Эрдэм шинжилгээний төвийн дарга, доктор Ж.Баярсайханы удирдсан судалгааны баг Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг Хориг-2 дурсгалт газрын 13 болон 21 дүгээр булшнаас тус тус илрүүлэн олсон. Ж.Баярсайхан /Түүхийн ухааны доктор/

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
