Энтертайнмент
Филармони: Чехийн алдарт бүтээлүүдийг таны сонорт хүргэнэ

Монгол Улсын филармони 47 дахь жилийн нээлтээ “NEW SEASON 2019” нэртэйгээр “Морин хуурын чуулга”-ын шинэ уран бүтээлээс бүрдсэн тоглолтоо энэ сарын 13, 14-ны өдрүүдэд үзэгч олноо хүргэсэн. Тэгвэл энэ удаа онгол Улсын Филармонийн симфони найрал хөгжим Чехийн алдарт хөгжмийн зохиолчдын бүтээлээс толилуулж, сонгодог хөгжим сонирхогч, сонсогчдыг Прага хотын уянгалаг тансаг үдшээр аялуулахад бэлэн болжээ.
Тоглолтын талаар Симфони найрал хөгжмийн удирдаач Б.Батбаатар:
-“Чех улсаас дэлхийн алдартай хөгжмийн зохиолчид төрөн гарсан байдаг. Бид энэ тоглолтыг жилийн өмнөөс төлөвлөсөн. Чехийн алдарт хөгжмийн зохиолчдоос гадна орчин үеийн хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг хамруулан цогц тоглолт хийе гэж шийдээд сарын өмнөөс бэлтгэж эхэлсэн. Харин одоо бэлтгэл бүрэн хангагдаж, тоглолтоо үзэгч түмэнд хүргэхэд бэлэн болоод байна. Хоёр орны дипломат харилцаанд ч томоохон үүрэг нөлөөтэй, Чех улсын 100 жилийн ойн баярын хүрээнд тоглогдож буй энэ концерт нь Симфони найрал хөгжмийн хувьд 47 дахь жилийн эхний тоглолт болж үзэгч олонд хүрч байгаа юм. Манай хамт олны бэлэг гэж хэлж болно. Тоглолтын төгөлдөр хуурч Т.Цолмонгийн хувьд Чех улсын консерваторт суралцаж, магистр хамгаалсан. Монгол Улсын консерваторт төгөлдөр хуурын багшаар ажиллаж байгаа чадварлаг, залуу хөгжимчин. Манай тоглолтод урилгаар оролцож байгаа. Мөн Чех улсын хөгжмийн зохиолч Эмиль Виклицкийгээс зохиолыг нь тоглох эрхийг авсан. Албан ёсны эрхтэйгээр бүтээлүүдийг нь тоглох гэж байна. Эмиль Виклицкий нь өөрөө орчин үеийн жазз урсгалын бүтээлүүд олонтой. Тэр утгаараа шинэлэг, дахин давтагдашгүй, онцлогтой тоглолт болно гэж бодож байгаа. Бүтээлүүдийн хувьд 60-70 хувь нь өмнө тоглогдож байгаагүй шинэ бүтээлүүд байгаа. Мөн Соёлын гавьяат зүтгэлтэн, урлаг судлаач Ч.Буянхишиг бид бүхэнтэй хамтран ажиллаж байгаа учир хөгжмийн зохиолуудын түүх, утга агуулга, онцлог, өгүүлж буй санааг таньж мэдэх зэрэг маш сайн судалгаа хийгдсэн, тоглолтын бэлтгэл сайн хангагдсан гэж үзэж байна” гэлээ.
Тоглолтын хөтөлбөр:
Antonin Dvorak op.92 Karneval overture
Antonin Dvorak op.46 helf 1 Slavische dance
Josef suk op.25 Fantastico scherzo
Emil Viklicky Piano concerto E major /I,II,III/
Bedrich Smetana Polka op. 12-1 Polka op.7-3 зэрэг Чехийн алдарт хөгжмийн зохиолуудаас тоглогдоно.
Тоглолтод:
Симфони найрал хөгжим
Удирдаач Б.Батбаатар /СТА/
Урлаг судлаач хөтлөгч тайлбарлагч Ч.Буянхишиг /СГЗ/
Төгөлдөр хуурч Т.Цолмон , Х.Хүслэн нар оролцоно.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012,70148012, 88010854, 99196623

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
Энтертайнмент
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан “Чингэлтэй хайрханы хишиг”, Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.
Улсын аварга О.Хангай тэргүүллээ хадгалсаар байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтаараа чансааны хоёрдугаар байр руу дэвшлээ.
Энтертайнмент
“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно

Нийслэлийн иргэдийн дугуй унах соёл, хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөгийг тавдугаар сарын 10-ны бямба гарагт 10:00-18:00 цагийн хооронд төв талбайд зохион байгуулна.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулах уг өдөрлөгийг НЗДТГ, нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон Монголын дугуйн холбоо хамтран зохион байгуулж байна.
Мөн уг өдөрлөгөөр дугуйн клубуудын танилцуулга, дугуй, дугуйн дагалдах хэрэгслийн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ, банкуудын ногоон зээлийн танилцуулга, дугуй сонирхогчдын дунд чөлөөт худалдаа болно.
Түүнчлэн баланс байк хүүхдийн дугуйн тэмцээнийг хоёр ангилалд, засмал замын дугуйн тэмцээнийг долоон ангилалд зохион байгуулна. Баланс байк хүүхдийн дугуйн төрөлд бага нас 4-5 нас /эрэгтэй, эмэгтэй/ ангилалд тус бүр 200 метр уралдана. Засмал замын дугуйн төрөлд элит /эмэгтэй, эрэгтэй/, өсвөр үе /эмэгтэй, эрэгтэй/, сонирхогч /эмэгтэй, эрэгтэй/, мастер эрэгтэй ангилалд тус тус өрсөлдөж, шилдгүүдийг шалгаруулна. Засмал замын дугуйн төрөлд өрсөлдөж буй нийт тамирчин, дугуйчид 30 км, 40 км зайд тус бүр 20 тойрог өрсөлдөх юм.
“Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг нь төрөөс баримталж буй нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, иргэдэд эрүүл, зөв амьдралыг хэвшүүлэхэд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлж, дугуй унахыг бүх нийтийн спорт болгох, хүүхэд, залуучуудыг дугуйн спортоор сонирхон хичээллэхэд түлхэц болох, шинэ залуу залгамж үеийн тамирчдыг бэлтгэн гаргахад чухал ач холбогдолтой.