Энтертайнмент
Хоосон номын учир
О.Гэрэлт-Од хэмээх залуу шинэ ном гаргаж, түүнийгээ хүмүүст бэлэглэж байгаа гэсэн хөөрхөн PR сошиалаар нэлээд явсан. Сонгуулийн угтал сурталчилгааны солиором энэ үед үүнийг бас л нэг сурталчилгаа гэж харсан биз. Ядаж байхад улс төр горилогчид ухаантай царайлсан зургаа хадсан, бусдаар бичүүлсэн ном гадуур зөндөө. Зарим нь ч өөрөө зөв бичиж чадахгүй байж, худлаа ухаантай царайлж, хайран цаас гарзадсан гэж бараг хасах оноо болоод байгаа. Гэтэл “Монгол хөгжлийн нууц” гэсэн сүрхий нэртэй номыг 20 гаруйхан настай гэмээр залуу бичсэн гэхээр бүр гайхашрамаар байгаа биз дээ. Тэгснээ бас тэр залуу нь “Энэ номноос та ганц ч алдаа олохгүй” гэж байгаа юм.
Харин энэ номыг сөхөөд үзэхээр доторх нь хов хоосон. Эхлээд харахад бүр нүдэндээ итгэмгүй. Тэгвэл энэ нь Монгол Улсын хөгжлийг харуулж буй “зохиогч”-ийн ёгт санаа гэнэ. Тэрээр
-Энэ бол 30 жилд улстөрд яваа ах нараасаа миний тавьж байгаа асуулт. Та Улс орныхоо хөгжилд юу хийж чадсан юм бэ гэж хүн болгоноос асуухыг хүсдэг. Харамсалтай нь хариулт нь энэ хоосон цаастай адилхан хоосон байна. Тийм болохоор хүн болгоныг өөрөөсөө энэ асуултыг асуугаасай гэж хүсч байна. Залуус маань бас энэ асуултыг өөртөө тавиад өнөөдрөөс эхлээд өөрийнхөө чадахыг хийж эхлээсэй гэж хүсч байна. Залуус бид ирээдүйн энэ номыг бичнэ. Магадгүй 30 жилийн дараа бид үүнийг дүүрэн түүхтэй ном болгоно гэж энэхүү номоо тайлбарлаж байгаа юм байна.
Бас нэг сонирхолтой санаа нь энэ бол улстөрчдөд бол сануулга, залууст бол ирээдүйгээ тэмдэглэх, тэмдэглэлийн дэвтэр болж болох юм байна лээ шүү. Сонгуулийн сурталчилгааны халуун цаг ирж, нэр дэвшигчид нэг нэгнээсээ ялгарах гэж үгээ барж, үсээ зулгаах гэж, зөвлөхүүд нь шинэ содон санаа олох гэж сар руу нисэх шахаж байхад үнэхээр гайхалтай санаа байгаа биз.
Гэснээс энэ бас л сонгуулийн сурталчилгаа гэж бодож байна уу? Үгүй ээ, одоохондоо нэр дэвшээгүй байгаа.
За тэгээд нэр дэвшигчид минь, Гэрэлт-Одын номыг бариад өрсөлдөгчөөсөө хийсэн ажлыг нь асууцгааж дээ. Өө тийм, сонгогчид ч гэсэн эрхэм гишүүдээсээ таны хийсэн ажил юу вэ? Энэ хоосон цаасны хэдэн хуудас нь таных вэ гэж асуугаарай?
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.