Нийгэм
Д.Амартүвшин, Д.Алтансүх нар хүрэл медаль хүртлээ

БНХАУ-ын Гуанжоу хотод IJF-ийн цувралын чансааны 16-д багтсан шилдэг жүдочид өрсөлддөг “Мастерс” тэмцээн энэ сарын 15-16-нд болж өндөрлөлөө. Зөвхөн урилгаар оролцдог тус тэмцээнд энэ жил 53 орны 231 жүдоч зодоглосон юм.
Дэлхийн шилдгүүд өрсөлдсөн барилдаанаас манай жүдочид гурван медальтай ирлээ.
Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаан болж манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй гурван жүдоч өрсөлдөж байгаагаас эхний өдөр дэвжээнд ес нь гарч Д.Амартүвшин, Д.Алтансүх нар хүрэл медаль хүртэв.
Эрэгтэй 60 кг-д Гавьяат тамирчин Д.Амартүвшин эхний тойрогт хийлж, ОХУ-ын Алберт Огузовыг ялсан ч Гүржийн бөх Амиран Папинашвилд ядагдав. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Бразилын Такабатакег ялж, медалийн тавцанд зогссон.
Сонирхуулахад, 2010 оноос хойш зохион байгуулагдсан тус тэмцээнээс Д.Амартүвшин сүүлийн гурван жил дараалан хүрэл медаль хүртэж, нийт гурван медальтай 14 дэх эрэгтэй жүдоч боллоо. Эрчүүдээс Мастерст гурваас дээш медаль хүртсэн хүн одоогоор байхгүй. Тэрээр Гран При ангиллын тэмцээнд 17 медаль хүртсэн гэдгээрээ тэргүүлдэг билээ.
66 кг-д Д.Алтансүх эхний тойрогт хийлж, Казахстаны Ерлан Серикжановыг ялж, шөвгийн наймд үлдсэн ч Бразилын Даниел Рагнинд ялагдав. Д.Алтансүх Словак, Казахстаны бөхчүүдийг дараалан ялж, хүрэл медалийн болзол хангав.
Мастерсын хоёр дахь өдөр -100 кг-д Л.Отгонбаатар мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр өнгөрсөн жилийн тус тэмцээний аварга Гүржийн Варлам Липартеллианитай аваргын төлөө тунасан ч гэмтлийн улмаас татамид гарсангүй. Ийнхүү манай жүдочид нэг мөнгө, хоёр хүрэл медальтайгаар энэ удаагийн Мастерсыг өндөрлөж байна.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.