Нийгэм
Онцгой байдлын газрын баг тамирчид алтан медалийн эзэд боллоо

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид аймгийн Биеийн тамир спортын газрын харьяа Усан спорт сургалтын төвөөс нэг жилийн ойдоо зориулан зохион байгуулсан “Аймгийн аварга шалгаруулах тэмцээн”-д амжилттай оролцож, алтан медалийн эзэд боллоо.
Аймгийн аварга шалгаруулах усан сэлэлтийн тэмцээн нь өсвөр үе, идэрчүүд гэсэн хоёр насны ангилалаар явагдсан бөгөөд дөрвөн төрлийн сэлэлтээр нийт 80 гаруй баг тамирчид оролцон, хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна.
Тус тэмцээнд Онцгой байдлын газрын нийт 17 алба хаагч оролцож, гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медалийн эзэд болж, нэгдсэн дүнгээр алтан медаль хүртлээ.
Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн бүлгийн дарга, ахмад Т.Сүхбаатар, ахмад М.Ганбаатар, усчин-аврагч Э.Давхарбаяр нар усан спорт сургалтын төвийн багш, дасгалжуулагчаар ажиллан, олон уралдаан тэмцээнд аймгийн баг тамирчдыг бэлтгэн, амжилттай оролцуулаад байна.
Тухайлбал, Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан өсвөр үе, идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Усан спорт сургалтын төвийн 10 тамирчныг бэлтгэн оролцуулснаас гурван тамирчин усан спортын 3-р зэргийн болзол, Монголын усан спорт сонирхогчдын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит усан сэлэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 17 тамирчин оролцуулснаас хоёр тамирчин мөн усан спортын 3-р зэргийн болзлыг тус тус хангаад байна гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.