Энтертайнмент
Монголын Tiger баг дахин цахим спортын Азийн аварга боллоо
Хятадын сошиал платформ болох Weibo болон MarsTv-ийн хамтран зохион байгуулсан “Weibo Cup Asian Championship-2020” CS:GO тэмцээнд Ази тивийн Tyloo, VICI, Tiger, D13 Esports, IG, BTRG тэргүүтэй 16 багууд өрсөлдөж аваргаар нь Монгол Улсын Tiger баг тодорлоо. Тэд тэмцээний шигшээ тоглолтонд Хятадын Invictus Gaming багийг 2:0 гэсэн харьцаатай ялж, 160 мянган юань буюу 22,439.84 ам.долларын эзэд боллоо. Харин Монгол Улсын өөр нэгэн төлөөлөл болох D13 баг дөрөвдүгээр байранд шалгаран 20 мянган юань буюу 2,815 ам.долларын эзэд болжээ.
“Weibo Cup Asia Professional Championship 2020” онлайн тэмцээний нийт шагналын сан 320 мянган юань буюу 44,879.69 ам.доллар байжээ
Tiger багийнхан хэдхэн хоногийн өмнө CS:GO major тэмцээний Азийн цувралын энэ жилийн эхний аварга шалгаруулах тэмцээн болох ESL One: Road to Rio тэмцээний аваргаар тодорсон билээ. Тус багийн бүрэлдэхүүнд Г.Есөнтөмир (nin9), Б.Болд (ncl), Б.Батбаяр (kabal), Б.Ган-Эрдэнэ (dobu), Г.Эрдэнэцогт (erkaSt) нар багтдаг.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.