Энтертайнмент
Одонтой ээжүүдэд зориулсан дуу олны сонорт хүрнэ

“Алдарт эх”-ийн одон хэмээх энэхүү нэр төртэй төрийн шагналаар олон хүүхэдтэй эхчүүдийг 1958 оноос хойш шагнаж эхэлжээ. Гэвч өнөөдрийг хүртэл одонт ээжүүдэд зориулсан уран бүтээл гараагүй ажээ. Тиймээс хэсэг уран бүтээлчид нэгдэж “Алдарт эхийн одонтой ээжүүд” дууг клип болон 20 минутын нэвтрүүлгийн хамтаар зургаадугаар сарын 01-нд олон түмэнд хүргэн түгээхээр ажиллаж байгаа юм байна.
Уг дууг “Морин хуур-2016” наадмын Гранпри шагналт, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, яруу найрагч Ц.Бямбажаргал нар хамтран бүтээж, авьяаслаг дуучин Д.Амартүвшин дуулжээ. Дууг дүрсжүүлэх болон 20 минутын нэвтрүүлгийн ажлыг “Cinemagic studio”, “NOVA” кино үйлдвэр хариуцаж ажиллаж байгаа гэнэ. “Cinemagic studio” нь орчин үеийн тоног төхөөрөмж бүхий, зураг авалтын 600 ам метр кино павилионтойгоороо онцлог ажээ.
Дашрамд сонирхуулахад 2019 оны статистикаар Монгол Улсад Алдарт эхийн I, II зэргийн одонтой 216,679 эмэгтэй бүртгэлтэй байдаг аж. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж дөрвөн хүүхэд төрүүлсэн эх II, зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй бол I зэргийн одон олгохоор хуульчилсан билээ.
“Алдарт эхийн одонт ээжүүд “
1. Эсгий гэртээ мэндэлсэн үрс нь
Ижий бурхдын бүүвэйн хишигтэй
Сүүн домтой Монгол түмний минь
Сүсэглэх ээжүүд тэнгэрийн ерөөлтэй
Дахилт: Талын Монголын ерөөлт ээжүүд
Та бидний бурхан ээжүүд
Аавын удмыг дархалсан
Алтан ургаа залгуулсан Алдарт эхийн одонтой ээжүүд
2. Өсгөхийн жаргалыг сөөмлөн цуглуулж
Үрсийнхээ дунд замилан дэлгэрсэн
Үзэсгэлэн гоогоо дотогшоо нуугаад
Үрсээ үнэрлэн суух нь жаргалтай
Дахилт:
3. Бурхдын бэлгүүдээр өөрийгөө гоёсон
Буян заяагаа сүүгээрээ шагласан
Нарны цацраг энгэрээс нь ойсон
Насны хань нь хүндэтгэн дээдэлсэн
Дахилт:

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
