Эдийн засаг
Алтны худалдаа ил тод болж байна

Тэртээх бичин жилийн зуднаар хамаг малаа алдаж, хотоо харлуулсан малчин Д амь зуухын эрхэнд гар аргаар алт олборлож, олны нэрлэж заншсанаар “нинжа” болоод байв. 10 орчим жил хоолтой хоолгүй зүтгэсний хүчинд үр шимээ ч хүртэж хүүхдүүдээ номын мөр хөөлгөж, амьдрал ахуй нь жигдэрчээ. Тэрээр одоо бичил уурхайчин болж, бүр нөхөрлөл байгуулан үйл ажиллагаагаа явуулж эхэлснээ хэлж байлаа.
Бичил уурхайчдыг зохицуулах 151 дүгээр журам өнгөрсөн онд батлагджээ. Энэ харьцангуй сайн журам болсон ч зарим талдаа “цоорхой” гарсныг бичил уурхайчин Д хэлж байна. Тэрээр “Лицензтэй компаниудын хаягдсан талбайд бичил уурхайчид зөвшилцөж чадвал гурвалсан гэрээгээр орж ажилладаг. Манай аймгийн Баян-Овоо суманд 38 нөхөрлөл нэгдэж, “Спэйшл майнз” компанийн ашигласан талбайд хайгуул олборлолт хийж байгаа. Бид хэд эндээ аль аль талдаа учраа ололцоод явж байна. Гэхдээ бусад бичил уурхайчдын хувьд энэ журам зарим талаараа хэрэгжихгүй хуудуутай болсон санагддаг. Яагаад гэхээр орон нутагт жижиг компаниуд нөхөрлөл болж эхэлсэн. Эсвэл мөнгөтэй хүмүүс компани байгуулаад бичил уурхайгаар дамжуулаад олборлолт явуулж байгаа хууль бус үйлдэл нэлээд гарч байна” хэмээн ярьсан юм.
Нэг ёсондоо журмаар далимдуулан бичил уурхайчдын ажиллах боломжийг хаасан үйлдэл гэж хэлж болохоор байна. Гэсэн ч бичил уурхайчид нөхөрлөл болж, олборлосон алтаа заавал Улаанбаатарт ирэлгүй Баянхонгор, Дархан-Уул аймгийн нэг цэгийн үйлчилгээнд тушаах болсондоо баяртай байгаа аж.
Олборлосон алтаа орон нутагтаа тушаадаг болжээ
Засгийн газраас зарласан “Алт-2” үндэсний хөтөлбөр, Монголбанкны “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аян болон Швейцарын хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төслийн хүрээнд дээрх хоёр аймагт нэг цэг үйлчилгээний төвүүд бий боллоо. Алт олборлогч аж ахуйн нэгж болон бичил уурхайчид олборлосон алтаа Монголбанк болон арилжааны банкинд тушаахын өмнө албан ёсны байгууллагаар сорьц тогтоолгодог. Тийм учраас дээрх хоёр аймагт нэг цэгийн үйлчилгээний төвийг нээсэн нь нүдээ олсон ажил болсныг бичил уурхайчид төдийгүй энэ чиглэлийн мэргэжилтнүүд хэлж байна. Нэг ёсондоо алтаа дэлхийн зах зээлийн үнээр худалдах, тээврийн зардал болон цаг хугацааны хувьд хэмнэлт гарахаас гадна аюулгүй байдлын баталгаа бий болох юм.
Энэ талаар Монголбанкны Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяа “Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ажлын хэсэг төлөвлөгөөгөө боловсруулаад явж байгаа. Гарал үүслийн хувьд Монголбанк иргэн, аж ахуйн нэгж аль аймаг, ямар сумаас алтаа тушааж байгаа талаар ирэх оны нэгдүгээр сараас орон нутагт байгуулагдсан хоёр лабораториор дамжуулан бүртгэлийн ажлыг эхлүүлнэ. Энэ хоёр лабораторийг байгуулснаар олон давуу тал бий болсон. Тухайлбал, алтны нийлүүлэлтийн сүлжээний шат дамжлага багасч, бүртгэл сайжрах, олборлолтын хэмжээг хянах тогтолцоо бүрдэж байна. Цаашид ийм төвүүдийн тоог нэмснээр алтны албан бус худалдааг бууруулахад онцгой ач холбогдолтой. 2013-2018 онд л гэхэд хууль бус 113 кг алт хураагдсан байдаг . Үүнийг Монголбанк цэвэршүүлж, мөнгийг нь улсын төсөвт төвлөрүүлсэн” гэсэн юм.
Бичил уурхайчид их хэмжээний эрдэс баялаг олборлож байна. Үүний дийлэнх нь буюу 80 орчим хувь нь алт. Гэтэл манайд алтны нийлүүлэлтийн сүлжээ төдийлэн ил тод биш. Тодруулбал, Монгол Улс хаанаас, хэнээс ямар замаар алт олборлож ирсэн талаарх мэдээлэл тэр бүр байдаггүй аж
Харин алтны татварын тухайд “АМНАТ 2.5 хувийн татварыг Монголбанк иргэн, аж ахуйн нэгжээс суутган авч улсын төсвийн дансанд шилжүүлж, сар бүр татварын ерөнхий газарт тайлагнадаг. Монголбанк болон арилжааны 11 банкаар алтны худалдан авалт хийгдэж байгаа. Он гарсаар эхний арваннэгэн сарын байдаар нийт 20 тонн алт худалдаж аваад байна. Үүний 90 орчим хувийг арилжааны банк худалдан авч Монголбанкинд тушаасан. 2017 оны байдлаар АМНАТ-аас 50 орчим тэрбум төгрөг төвлөрүүлсэн. 2018 онд энэ хэмжээ өсөх хандлагатай байгаа” хэмээн П.Эрдэнэтуяа захирал хэллээ.
Бичил уурхайчид их хэмжээний эрдэс баялаг олборлож байна. Үүний дийлэнх нь буюу 80 орчим хувь нь алт. Гэтэл манайд алтны нийлүүлэлтийн сүлжээ төдийлэн ил тод биш. Тодруулбал, Монгол Улс хаанаас, хэнээс ямар замаар алт олборлож ирсэн талаарх мэдээлэл тэр бүр байдаггүй аж. Орон нутагт хоёр лаборатори бий болсноор энэ байдал арилж эхэлж байна. Энэ үүргийг бичил уурхайчид түүчээлж байх. Олон улсад болоод Европын холбоо зэрэг байгууллага зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэж эрдэс баялгийн гарал үүсэл маш тодорхой байх ёстой гэх шаардлага тавьж эхэлжээ. Үүний нэг нь Европын холбоо 2021 оноос гарал үүсэл нь ил тод биш 4 төрлийн эрдэс баялгийг худалдан борлуулахыг хориглохоор болсон байна. Эдгээр дөрвөн эрдэс баялгийн нэг нь алт. Гэтэл алт манай улсын хувьд стратегийн чухал ач холбогдолтой эрдэс баялгийн бүтээгдэхүүн. Нийт экспортын 76 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байдгийн 10 хувь нь алт. Алтыг өнөөдрийн байдлаар албан ёсоор Монголбанк худалдаж авч байна. Ингэхдээ алт ямар чанартай, хэмжээтэйг нь сорьцлохыг шаарддаг. 1,000 км-ийн цаанаас бичил уурхайчин олборлосон алтаа авчраад бүртгүүлэхгүй. Тиймээс Дархан-Уул, Баянхонгор аймагт нэг цэгийн үйлчилгээ бий болгосон нь энэ аж.
Бүртгэлийн нэгдсэн систем хэрэгтэй
Бичил уурхай гээд ярихаар хүн бүр хууль бусаар ашиг малтмал олбордодог хүмүүс гэж ярьдаг. Нэгдсэн системтэй болбол хэн нь жинхэнэ бичил уурхайчин бэ гэдгийг ялгах боломж бүрдэх аж. Энэ хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газар Тогтвортой бичил уурхай төсөлтэй хамтраад системийн хөгжүүлэлт хийж эхэлжээ.
Нэг ёсондоо манайд бүртгэлийн асуудал маш чухал болоод байгаа. Одоо бол алтыг сорьцлох, худалдан авах үйлчилгээ, олборлолтын үйл ажиллагааны мэдээлэл тус тусдаа байна. Энэ талаар Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн зохицуулагч Б.Алтанбагана “Мэдээлэл солилцож чаддаггүйгээс болдог уу хаана, хэн олборлоод байгаа нь тодорхой бус байдаг. Тиймээс нэгдсэн мэдээллийн сантай болох ёстой. Ашиг малтмал, газрын тосны газар, УУХҮЯ, Монголбанк, Сорьцын хяналтын алба, орон нутгийн ЗДТГ зэрэг олон байгууллагууд тал талаас нь хандаж болдог нэгдсэн мэдээллийн сан хамгийн чухал байна. Бүртгэлийн системийг бий болгож байгаатайтай холбоотойгоор эдгээрийг зохицуулсан хууль эрхзүйн орчин хэрэгтэй байна. Одоохондоо байгууллага бүр тус тусдаа зохицуулсан, дотоод журмын хэлбэртэй байна. Эдгээрийг зангидах хууль алга. Хуультай болохын тулд энэ чиглэлийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Гэхдээ хугацааны хувьд хурдтай биш байгаа” гэлээ.
Баянхонгор, Дархан-Уул аймагт байгуулсан нэг цэгийн үйлчилгээнд бичил уурхайчид болоод аж ахуйн нэгжүүд сарын дотор 60 гаруй кг алт тушаасан байна. Энэ бол ийм лаборатори олныг байгуулах хэрэгцээ байгааг илтгэсэн тоо баримт юм. Монголбанк ч ирэх онд шинээр хоёр газар нэмж сорьцын лаборатори байгуулахаар төлөвлөж байгаагаа хэлж байсан.
Харин салбарын яамнаас хууль бусаар олборлосон алтыг зогсоох чиглэлд гурван газар шалгалт хийжээ. Холбогдох хууль, журам зөрчиж байгаа асуудлыг Ерөнхий сайдад хүртэл санал оруулсан байна. Ерөнхий сайдын дэргэд ажлын хэсэг байгуулж, холбогдох хуулийн төслийг боловсруулж эхэлжээ. Монгол Улс өөрсдөө алтаа цэвэршүүлдэг болж байж цаашдаа биет болон биет бусаар худалддаг эрх рүүгээ явах ёстой гэдгийг салбарын сайд хэлж байсан юм. Гэхдээ алтны худалдааг нэг цэгт төвлөрүүлэх, сорьцлох лаборатори хоёр аймагт энэ жил байгуулагдсан нь уг ажил нэг шатаар урагшилсны илрэл юм.
Эх сурвалж: EAGLE.MN

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.
-
Нийгэм22 цаг өмнө
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ
-
Нийгэм23 цаг өмнө
Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа
-
Нийгэм23 цаг өмнө
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна
-
Нийгэм23 цаг өмнө
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ
-
Улс төр22 цаг өмнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа