АНУ-д арьсны өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцсэн жагсаал хүчээ авч, нөхцөл байдал улам хурцдаж байна. Атланта хотод бас нэг цагдаагийн ажилтан өнгөрсөн Баасан гариг (2020.06.12)-ийн шөнө нэгэн өнгөт арьст залууг буудан хөнөөсөн нь эсэргүүцлийн жагсаал дээр “гал” нэмж, улмаар хотын иргэд цагдаагийн ажилтан болон цагдаагийн даргыг огцрохыг шаардан жагсч эхэлсэн байна.
Хяналтын камер болон бусад дүрс бичлэгүүдээс харахад, өдгөө 27 настай Рэйшард Брукс Баасан гаригийн орой цагдаагийн хоёр ажилтантай Венди зоогийн газрын өмнө үл ойлголцон маргалдсаны эцэст зугтаж яваад тэдний нэгний бууны суманд оногджээ. Энэхүү аллага нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдлыг таслан зогсоохыг уриалсан, улс үндэстнийг хамарсан эсэргүүцлийн жагсаалын үеэр гарч, хар арьст хүмүүсийн эсрэг цагдаагийн хүчирхийлэл гаарч буйн нэгэн тод жишээ болсон байна.
Брукс буудуулж амиа алдсанаас хойш нэг хоногийн дараа, 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл тус хотын цагдаагийн газрыг удирдаж буй Эрика Шилдс огцорч буйгаа мэдэгдсэн талаар Атланта хотын захирагч Кейша Лэнс Боттомс мэдээлжээ.
Шилдс мэдэгдэлдээ “Хууль сахиулах байгууллагууд болон олон нийтийн хооронд итгэлцэл бий болгох цаг нь болсон. Хотын дарга энэ ажлыг хийж чадна гэдэгт итгэж байна” хэмээн дурдсан байна. Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Карлос Кампосын мэдээлснээр, Бруксыг хөнөөсөн цагдаагийн албан хаагч Гарретт Рольфыг өнгөрсөн Бямба гариг (2020.06.13)-т ажлаас нь халсан бол тус гэмт хэрэгт оролцсон цагдаагийн хоёр дахь ажилтан Девин Бронсанд захиргааны хариуцлага хүлээлгэжээ. Цагдаагийн газраас мэдээлснээр, Рольф 2013 онд гэрээтээр ажиллаж эхэлсэн бол Бронсан 2018 оноос хойш түүнтэй хамт нэг хэлтэст ажилласан байна.
Өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр Миннесота мужийн Миннеаполис хотод цагдаагийн ажилтан өнгөт арьстан Жорж Флойдын хүзүүн тус газарт есөн минутын турш өвдөглөн аминд нь хүрсэн хэрэг гарснаас хойш өнөөдрийг хүртэл Атланта хотод эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр, өдгөө нөхцөл байдал улам хурцдав. Өнгөт арьстнуудыг дэмжих үндэсний холбооны ерөнхийлөгч асан Корнелл Уильям Брукс энэ хэргийн талаар “Энэ нь сонгодог эмгэнэл” хэмээн хэлжээ. Цагдаагийн үйлдсэн аллага нь Ахмад Арбери, Филандо Кастил, Жорж Флойд, Тамир Райс, Бреонна Тейлер болон бусад олон хүнд тохиолдсон байна.
Бруксыг буудуулсан газар Атланта хотын оршин суугчид өнгөрсөн Бямба гаригийн шөнө цугларч, нөхцөл байдал улам дорджээ. CNN телевизийн Наташа Ченийн мэдээлснээр, эсэргүүцлээ илэрхийлэн жагсаж буй хотын иргэдийн зарим нь дэлгүүрийн шил хагалсан байна.
Өнгөрсөн Бямба гаригт Атланта хотын Венди зоогийн газар галд автжээ. Жагсагчид тус хоолны газрыг “бүсэлсэн” байсан тул гал сөнөөгчид цаг гаруй хугацааны дараа арайхийн байшин руу нэвтэрсэн байна.
Өнгөт арьс залуу амиа алдсаныг эсэргүүцсэн жагсаалын үеэр 36 хүнийг баривчилсан хэмээн Атлантагийн цагдаагийн газрын төлөөлөгч CNN-д мэдээлсэн байна.
Жагсаалд оролцсон Маркавиан Одом “Ийм хэрэг гарсанд маш их эмзэглэж байна. Ийм хэрэг дахин дахин гарсаар байна. Бид Жорж Флойд амиа алдсаны дараа эсэргүүцлээ илэрхийлж жагссан. Гэхдээ өөрчлөлт гарсангүй” хэмээн ярьжээ.
Хохирогч Бруксыг буудуулсны дараа эмнэлэгт хүргэсэн ч удалгүй нас баржээ. Цагдаагийн алба хаагч бэртэж, эмнэлгийн тусламж авсан байна. Өнгөрсөн Бямба гаригт албаны хүмүүсийн мэдээлснээр, энэ хэрэгт Атланта хотын цагдаагийн газрын хүсэлтээр Жоржиа мужийн Мөрдөн шалгах товчоо мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлжээ. Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа хэргийг прокурорт шилжүүлэх аж.
Хохирогчийн хамаатан гэх Родд хэлэхдээ, “Бид олон жилийн турш ийм зүйл болж байгааг харсаар ирсэн. Хар, өнгөт арьстай хөвгүүд ямар ч гэм зэмгүй байж үхэж байна. Бид энэ байдлыг үргэлжлүүлээд байхыг хүсэхгүй” гэжээ. Бруксын гэр бүлийн өмгөөлөгчөөр Л.Крис Стюарт, Жастин Миллер нар ажиллаж буй юм байна.
Эх сурвалж: CNN, CBS NEWS