Энтертайнмент
“The Voice of Mongolia” шоуны ялагчаар Х.Ядам тодорлоо

Монголын шинэ дуу хоолой, үндэсний шилдэг дуучин шалгаруулах “The Voice of Mongolia” шоу амжилттай зохион байгуулагдаж, үзэгчдийн хамгийн өндөр саналаар Х.Ядам ялагчаар тодорлоо. Тэрбээр үзэгчдийн нийт саналын 58 хувийг авч чаджээ.
Шүүгч дасгалжуулагч Д.Болдын багийн шилдэг оролцогч Х.Ядам ялагч болсноор уран бүтээлийн гэрээ байгуулах эрхтэй болж, түүнд Францын алдарт Renault брэндийн KAPTUR загварын автомашиныг бэлэглэхээр боллоо.
Энэ жилийн “The Voice of Mongolia” шоу тэмцээний төгсгөлийн шатанд:
- Б.Оюу /Д.Отгонбаяр/
- Г.Эрмүүн /С.Ононбат/
- Х.Ядам /Д.Болд/
- Э.Дашням /Ука/ нар шалгарч үлдсэн билээ.
Төгсгөлийн шатны тоглолтыг ялагчийн төлөө өрсөлдөгч Э.Дашням дуурийн дуучин Андреа Бочеллигийн “Time to say goodbye” дуугаар эхлүүлсэн юм.
Тэрбээр “Миний амьдралын хамгийн сайхан дурсамж, хамгийн гайхалтай түүх. Өдий хүртэл дэмжиж ирсэн Монголынхоо түмэн олонд маш их баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хэлсэн юм. Шүүгч, дасгалжуулагч Д.Отгонбаяр “The Voice Of Mongolia” шоуны финалын нээлтийг дэлхийн хэмжээний дуугаар эхэлж байна. Маш өөр Дашнямыг олж харлаа. Чамд амжилт хүсье” гэлээ. Түүний дасгалжуулагч, шүүгч Ука “Отгоо ахдаа баярлалаа гэж хэлмээр байна. Өөрийн гэсэн дүр төрхтэй, зан аальтай сайхан хүн, шилдэг оролцогч. Чиний хоолойд маш сайхан тохирсон. Өнөөдөр чамаар маш их бахархаж байна” гэлээ.
Оролцогч Х.Ядам Элвис Преслигийн “Jailhouse rock” дуугаар доргиож Voice-ийн тайзнаа анхны рокн роллыг эгшиглүүлэв. Тэрбээр “Намайг өдий хүртэл дэмжиж ирсэн Монголын ард түмэндээ, хайртай шүүгчдээ, хөгжимчдөдөө баярлалаа” гэсэн бол Ука шүүгч “Хүсэн хүлээсэн үзүүлбэрийг чи үзүүлж чадлаа” гэлээ.
Шүүгч Отгоо “Болд өөрөө маш олон хөгжмийн мэдрэмжтэй. Рокнролллыг эгшиглүүлсэн нь маш том амжилт байлаа” гэсэн бол дасгалжуулагч Д.Болд Ядамын хувьд хүнд даваа байсан гэдгийг онцлон хэлсэн юм.
Ялагчийн төлөө өрсөлдөгч Б.Оюу дуучин Селин Дионы “All by myself” хэмээн уянгалаг дуугаа толилууллаа. Тэрбээр “Маш их зүйл сурч, ойлгож авлаа. Бүгдэд нь маш их баярлалаа” гэлээ.
Шүүгч С.Ононбат “Оюу бидэнд өнөөдөр ямар хоолойтойгоо баталлаа. Чамд маш зохисон дуу байна” гэсэн бол шүүгч Д.Болд “Voice-т 5000 залуучуудаас өнөөдөр дөрөвхөн оролцогч үлдчихлээ. Чи өнөөдөр тайзан дээр хэдийнээ хэрэгтэй дуучин гэдгээ баталлаа” гэлээ.
Дасгалжуулагч Ука “Өнөөдөр гурван эрэгтэйтэй өрсөлдөж олон залуучуудын хүсэл мөрөөдлийн хөтөч болж байна. Чам руу олон хүн мессеж илгээнэ гэдэг итгэлтэй байна” гэлээ. Түүний дасгалжуулагч Д.Отгонбаяр “Маш их аз жаргалтай, баяраар дүүрэн байна. Монголын ард түмэн чиний дуу хоолойг сонсоод бүгд чамаар бахархаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Монголчууд бүгд чамд саналаа өгөх байх аа, би итгэж байна” гэлээ.
Ялагчийн төлөө өрсөлдөгч Г.Эрмүүн “The Hu” хамтлаг&Жэйкоби Шэддикстэй хамтарсан “Wolf Totem” дуугаар финалын шатны шалгаруулалтыг хаалаа. Тэрбээр “Voice шоуны оролцогчид асар том сорилтыг давж байдаг. Оролцогч бидний хувьд нэр төрийн хэрэг байлаа” гэсэн юм.
Шүүгч Д.Отгонбаяр “Ононбатаас ийм үзүүлбэр гарна аа. Маш олон хамтлаг дуучдыг гаргаж ирсэн хүн. Эрмүүнээр финалын шатыг маш гайхамшигтай хаалаа” гэлээ. Шүүгч Д.Болд чамд байгалиас заяасан өгөгдлүүд байдаг” хэмээсэн бол шүүгч Ука энэ хүртэл явж ирсэн дөрвөн оролцогчдоо баяр хүргэлээ.
Түүний дасгалжуулагч С.Ононбат “Дэлхийн хэмжээний тайзан дээр алдаршиж байгаа Монгол хамтлагаа гаргахгүй бол өөр хэзээ гаргах вэ. Би чамд маш хэцүү даалгавар өгсөн. Маш амжилттай биелүүлсээр ирсэн. Чамаар маш их бахархаж байна” гэлээ.
Ингээд санал хураалтын шугам нээгдсэний дараа оролцогч бүр өөрийн дасгалжуулагчтай хамтарсан үзүүлбэрээ эхлүүлсэн юм. Х.Ядам, Д.Болд нар “Мартахаасаа өмнө” дууг хамтарч дууллаа. Б.Оюу, Д.Отгонбаяр нар “Хурд” хамтлагийн “Хамаг Монгол”, оролцогч Г.Эрмүүн, дасгалжуулагч С.Ононбат нар Харанга хамтлагийн “Blues” дууг дууллаа. Дуучин Ука өөрийн дасгалжуулсан оролцогч Э.Дашнямтай “Уул” дуугаа хамтран дуулсан юм.
Үзэгчдийн саналаар ялагчийн төлөө хоёр оролцогч шалгаруулахад Б.Оюу болон Х.Ядам нар үлдсэн бөгөөд дахин санал хураах шугам нээгдсэн юм.

Энтертайнмент
Улсын заан М.Лхагвагэрэл бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа.
Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойд зориулсан барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын заан М. Лхагвагэрэл 7450 оноогоор тэргүүлж эхэллээ. Харин чансааны хоёрт Улсын аварга О.Хангай бичигдэж байна.
Энтертайнмент
“Милано Кортина 2026” Олимпын бамбарыг танилцуулав

“Милано Кортина 2026” өвлийн Олимп, Паралимпын наадмын зохион байгуулагчид энэ даваа гарагт тогтвортой байдал, технологийн дэвшил болон Италийн үндэсний загварыг шингээсэн албан ёсны бамбараа танилцууллаа.
“Essential” буюу “Мөн чанар”-ыг илэрхийлэх нэртэй энэхүү бамбар нь Миланы Триеннале урлагийн төв болон Японы Осака хотод зохион байгуулагдаж буй “ЭКСПО 2025” үзэсгэлэнгийн үеэр нэгэн зэрэг танилцуулагдсан бөгөөд Олимпын хөдөлгөөний олон улсын шинж чанар болон зохион байгуулагч орны соёлын гүн гүнзгий үндсийг харуулсан арга хэмжээ боллоо.
Бамбарыг Италийн эрчим хүчний “Eni” компани Versalis-тэй хамтран бүтээж, Studio Carlo Ratti Associati дизайн боловсруулсан бөгөөд бамбарын загвар нь энгийн байдал, хүч чадлыг бэлгэдсэн. Гялалзсан өнгөлгөөтэй, гоёмсог минимал хэлбэртэй энэхүү бамбараас олимпын наадамд зориулсан цэнхэр-ногоон өнгийн, паралимпын наадамд зориулсан хүрэл өнгийн хоёр хувилбарыг танилцуулжээ.
Нэг килограмм жинтэй, Италид үйлдвэрлэгдсэн бамбар нь дахин боловсруулсан хөнгөн цагаан ба гуулин хайлшаар хийгдсэн. Байгаль орчинд ээлтэй, дахин ашиглагдах боломжтойгоороо онцлог бөгөөд нэг бамбарыг 10 хүртэл удаа дахин дүүргэж ашиглах боломжтой юм. Энэ нь бамбарыг их хэмжээгээр үйлдвэрлэх хэрэгцээг эрс бууруулах ач холбогдолтой.
Бамбарыг хөдөлгөгч түлш нь био-LPG, буюу хэрэглэсэн тос болон амьтны гаралтай өөх зэрэг хаягдал материалаас гаргаж авсан сэргээгдэх түлш бөгөөд Сицилийн Гела дахь Eni-ийн био-үйлдвэрт үйлдвэрлэгддэг.
Энэхүү бамбарт ашиглагдаж буй шатаагч төхөөрөмж нь анх удаа ил харагдахаар бүтээгдсэнээрээ онцлог бөгөөд олон нийт олимпын дөл хэрхэн асч байдгийг нүдээр харж болохоор болжээ.
Өнгөний сонголт нь утга төгөлдөр бөгөөд олимпын бамбарын “Тэнгэрийн өнгөнүүд” нь Италийн байгалийн гайхамшигт төрхийг илэрхийлж, хөдөлгөөн, найдвар, өөрчлөлтийг бэлгэднэ. Харин паралимпын бамбарын “Гэрлийн уулс” нь тэсвэр хатуужил, хүч чадал, спортоор дамжих өөрчлөлтийг илэрхийлж байна.
Зохион байгуулагчдын хэлснээр энэхүү бамбар нь зөвхөн үйл ажиллагааны хэрэгсэл төдийгүй соёлын бэлгэ тэмдэг бөгөөд Олимп ба Паралимпын наадмын эв санааны нэгдлийг илтгэнэ.
Бамбарыг олон нийтэд 2025 оны турш Осакагийн ЭКСПО дахь Италийн павильонд, мөн Миланы Триеннале төвд 2025 оны 5-р сараас эхлэн наадам дуустал үзэсгэлэнд дэлгэхээр болжээ.
Энтертайнмент
Жүдо бөхийн Азийн АШТ-нд гавьяат тамирчин Л.Энхрийлэн тэргүүтэй Монголын 19 бөх барилдана
