Нийгэм
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 9 ДҮГЭЭР ХОРОО “НЭГ ЦЭГИЙН ЖИШИГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ”-ТЭЙ БОЛЛОО

“Тохижилт, төрийн үйлчилгээг сайжруулах жил”-ийн хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар төрийн үйлчилгээг иргэдэд нэг дороос шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн нэгдүгээр сард “Нэг цэгийн үйлчилгээний жишиг төв”-өө Иргэдэд үйлчлэх төв байрны нэгдүгээр давхарт шинэчлэн нээсэн.
Өнөөдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны байранд “Нэг цэгийн жишиг үйлчилгээний төв”-ийг нээлээ. Нэг цэгийн жишиг үйлчилгээний төв нээгдсэнээр тус хорооны иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай авч, цаг хугацаа, зардлаа хэмнэн, төрийн олон төрлийн үйлчилгээг нэг дороос хурдан шуурхай авах шинэ боломж нээгдэж байгаа юм.
9 дүгээр хороо нь 9162 хүн амтай, 100 хувь гэр хорооллын өрхөөс бүрддэг бөгөөд иргэд хөдөлмөр халамжийн үйлчилгээ, улсын бүртгэлийн үйлчилгээг хорооныхоо байрнаас авч, дүүрэг рүү явах шаардлагагүй болж байна. Мөн иргэдэд зориулсан цахим ухаалаг самбар байршуулж иргэд төрийн үйлчилгээ авахад шаардагдах баримтын жагсаалтыг шууд удирдан хэвлэн авч, төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, авах боломжтой боллоо.
Үүнээс гадна хүчирхийлэлд өртсөн иргэдийг хүлээн авах уулзалтын тусгай өрөөтэй болсон байна. Тус өрөөнд хүчирхийлэлд өртсөн иргэнтэй ганцаарчлан уулзаж, хамтарсан багтай холбон зуучлах үйлчилгээг үзүүлж эхэллээ.
Эхний ээлжинд гэр хорооллын хамгийн олон хүн амтай 3 хороог сонгож “Нэг цэгийн жишиг үйлчилгээний төв” байгуулах ажлыг эхлүүлээд байна. Цаашид Хан-Уул дүүргийн 16 хороодод “Нэг цэгийн жишиг үйлчилгээний төв”-ийг 2019 онд багтаан нээнэ хэмээн Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан онцлон хэллээ.
Үйл ажиллагаанд НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, ДИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, ДИТХ-ын төлөөлөгч Ц.Ган-Эрдэнэ болон Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадын дарга нар, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Энэ өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн санаачлагаар 9 дүгээр хорооны зорилтот бүлгийн 2 өрхөд өргөө цагаан гэр бэлэглэж, батламж гардууллаа.
Бага насны хүүхэдтэй ганц бие хүмүүст хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал, орлогын эх үүсвэр багатай, олсон орлого нь гэр бүлийн хэрэгцээнд хүрэлцдэггүй нь хүүхдээ эрүүл өсгөн бойжуулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулахад бэрхшээлтэй байдаг. Иймд тус хорооны 2 иргэн Б.Үүрийнтуяа, А.Отгонгэрэл нарт таван ханатай өргөө цагаан гэрийг албан ёсоор хүлээлгэн өглөө.
Иргэн Б.Үүрийнтуяа нь 1-10 насны 4 хүүхэдтэй эрхэлсэн ажилгүй. Нөхөр нь ажил хийдэг ч айлын хашаа, гэр түрээслэн амьдарч ирсэн. Мөн тус хорооны иргэн А.Отгонгэрэл нь 0-5 насны 2 хүүхэдтэй өрх толгойлсон хөгжлийн бэрхшээлтэй иргэн бөгөөд өөрийн гэсэн орон гэргүй, олон жил айлын хашаанд хамаатан садангийнхаа хамт түрээсийн гэрт амьдарч байсан. Өнөөдөр өргөө цагаан гэртэй болж байгаадаа туйлын баяртай байна хэмээн талархал илэрхийллээ.

Нийгэм
“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Цагдаагийн байгууллагаас энэ оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай, Хэнтий аймагт оршин суух 10 иргэн нэг суманд амьдрах ойр дотно, танилынхаа мессенжер хаягаас ирүүлсэн “Мөнгө зээлээч” гэсэн зурваст хууртаж, бусад руу нэг иргэн дунджаар хамгийн багадаа 300,000 төгрөг шилжүүлсэн буюу нийт 6,740,000 төгрөгийг залилагч этгээдийн өгсөн дансны дугаар руу шилжүүлж, залилуулсан гэх иргэдийн гомдол мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иргэд өөрсдийн танилдаа мөнгө зээллээ гэж бодож, үл таних хүмүүсийн данс руу мөнгө шилжүүлдэг гэтэл түүний танилын фейсбүүк хаягт үл таних этгээд хууль бусаар нэвтэрч, бусдаас мөнгө зээлэх нэрийдлээр иргэдийн эд хөрөнгийг нь залилж байгаа гэдгийг иргэд огтхон ч анзаарч, бодоогүй байдаг.
Мөн шалгалтын ажиллагаагаар Залилагч нар иргэдээс 3-4 төрлийн бусдын нэр дээрх бүртгэлтэй дансыг ашиглан мөнгө шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогддог.
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 4 сард бүртгэгдсэн гэмт хэргийн 23.5 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Үүнээс 3745 буюу 85.8 хувь нь залилах гэмт хэрэг эзэлж байна. Мөн 4 сарын байдлаар бусдын цахим хаягийг ашиглан мөнгө авч залилсан 385 гэмт хэрэг бүртгэгдээд байна.
Манай улсын цахим хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам өсөж, гэмт хэрэг үйлдэхээр санаархаж байгаа этгээдүүд цахим орчинд “Бараа үйлчилгээ захиалах”, “Хямд үнээр байр түрээсэлнэ”, “Гадаад улсын их дээд сургуулийн тэтгэлэгт хамруулна”, “Гадаадын их дээд сургуульд зуучилна”, “Виз гаргаж өгнө”, “Шуурхай зээл гаргана”, “Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөж аваарай” зэрэг худлаа амлалттай зар мэдээллийг байршуулж, иргэдийн эд хөрөнгийг тэдний сонирхол дээр тулгуурлаж, хуурч мэхлэн авч байна.
Иймд иргэд та бүхэн аливаа хэлбэрээр үйлдэгдэж байгаа Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Нийгэм
ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран осолд орсон иргэдэд тусламж үзүүллээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутагт ажиллах, эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулах, мэдлэг чадварыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч, сувилагч нартай хамтран осол гэмтэлд өртсөн иргэдэд яаралтай тусламж үзүүлж, мэс засал эмчилгээ хийсэн байна.
Тухайлбал, ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Мэс засал мэдээгүйжүүлгийн тасгийн сувилагч Б.Алтанцоож, жолооч Д.Мөнхдалай тэргүүтэй алсын дуудлагын баг Өмнөговь аймгийн Сэврэй суманд ажиллаж, цээжний хөндийн битүү гэмтэлтэй иргэнд тусламж үйлчилгээ үзүүлжээ.
Тус баг бүрэлдэхүүнд Сэврэй сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Д.Алтансүх, ерөнхий эмч Ө.Отгончулуун, Эрчимт эмчилгээний тасгийн эмч Ш.Нэргүймаа, хавсарсан гэмтлийн эмч У.Мөнх-Ертөнц, доод мөчдийн гэмтлийн эмч Д.Гансүх, сувилагч З.Мөнхжаргал, ээлжийн сувилагч А.Мөнхжаргал, лаборант А.Чаминчулуун, тогооч Ө.Хорлоо, үйлчлэгч Б.Пүрэвсүрэн болон эмнэлгийн ажилтан, албан хаагчид хамтран ажилласан аж.
Мөн алсын дуудлагын баг буцах замдаа Дундговь аймагт ажилласан бөгөөд Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Гэмтэл согог заслын тасгийн толгойн мэс заслын эмч Б.Пүрэвдорж, мэдээгүйжүүлгийн эмч М.Энхтуул, мэс заслын сувилагч Д.Отгонбаяр, мэдээгүйжүүлгийн сувилагч Ц.Мөнхсүрэн нарын хамт цээжний хөндийн битүү гэмтэлтэй өвчтөнд олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс засал эмчилгээ хийжээ.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 8-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 1487, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 253, гэрээр 223, эдгэрсэн 1011, Хавьтал 11819 байгаа аж.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.