Нийгэм
Ажилгүй иргэдийн дийлэнх нь залуучууд юм
Эдийн засгийн хямрал улс орон даяар үүсч ажилгүй иргэдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Тодруулбал, Үндэсний статистикийн хорооноос гаргадаг сар бүрийн мэдээллээр ажилгүйдэл өдрөөс өдөрт нэмэгдэж, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд энэ оны 11 дүгээр сарын эцсийн байдлаар 35.3 мянгад хүрчээ.
Хамгийн харамсалтай нь ажилгүй иргэдийн дийлэнхийг нь ид хийж бүтээх насан дээрээ явж байгаа ЗАЛУУЧУУД эзэлж байгаа юм.
Арга ч үгүй биз. Та бидний эргэн тойронд их дээд сургууль төгссөн найз нөхөд, танил талын, садан төрлийн бидний үеийн залуус ажил хийх гэж хүсээд ч хийх зүйл олдохгүй уруу царайлж ээж ааваасаа татаас аван амьдарсаар. Нэг үеэ бодвол манай залуусын ухамсар сэргэж ажил хийх сонирхолтой болсон нь ажиглагддаг. Гэвч хийх ажилгүй, ажил хайсан залуус хаа сайгүй.
Уг нь Монголд ажлын байр байхгүй биш байгаа. Үүнийг зарын сайтуудаар дүүрэн байгаа ажилд авна гэсэн зарууд гэрчилнэ. Аав, ээжийнхээ цалингаар 18 нас хүртэл амьдраад, 22 нас хүртлээ сургалтын төлбөрөө даалгаж төгсөөд арай гэж дипломоо аваад, ажилд орох гэхээр ажлын байранд тавигдах шаардлага нь хэтэрхий өндөр. Тухайлбал, захын нэг жижиг ресторан зөөгч, үйлчлэгч ажилд авахдаа, дээд боловсролтой, 170 см-ээс дээш өндөртэй, царайны зөв дүр төрхтэй байх ёстой гэсэн шалгуур тавьдаг. Өнөөдөр их, дээд сургууль төгссөн дээд боловсролтой хүн зөөгч, үйлчлэгчийн ажил хийнэ гэдэг эмгэнэл. Гэтэл дээд боловсрол эзэмшчихээд зөөгч, үйлчлэгчийн ажил хийх гэж “алалцаж” байгаа залуучуудыг харахаар өөрийн эрхгүй харамсах сэтгэл төрөх. Гэсэн хэдий ч тэднийг буруутгах аргагүй. Учир нь дөнгөж сургуулиа төгссөн залуучууд мэргэжлээрээ ажилд орох гэхээр ажлын туршлагатай, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх ёстой гэсэн шаардлагатай нүүр тулдаг. Энэ нь залуусын нийгэм дэх үнэлэмжийг бууруулах гол шалтгаан болдог. Мөн энэхүү шалгуураас болж залуус ажилд орох цаашлаад биеэ даах хүсэл сонирхолгүй болж бэлэнчлэх сэтгэлгээнд автах хандлага давамгайлж байгаа нь харагдаж байна.
Өнөөдрийн залуучуудын ажилгүйдлийн гол шалтгаан ердөө л энэ болж байна.
Ажлын байрны хэрэгцээ, боломж, бэрхшээлийн талаар залуучуудын үзэл бодлыг сонслоо.
З.Улсболд: Сургуулиа төгсөөд хоёр жил болсон ч мэргэжлээрээ ажиллаж үзээгүй л явна
-Би сургуулиа төгсөөд хоёр жил болж байна. Олон улсын харилцааны чиглэлээр төгссөн ч өнөөдрийг хүртэл мэргэжлээрээ ажиллаж үзээгүй л явна. Нэгдүгээр ажлын байр цөөхөн. Хоёрдугаарт шалгуур нь өндөр байдаг. Манай мэргэжил Гадаад харилцааны яам болон томоохон компанийн гадаад харилцааг хариуцаж ажиллах боломжтой. Гадаад харилцаанд орно гэдэг танил талгүй, өвөө эмээ нь ажиллаж байгаагүй бол орж чадахгүй. Тэгээд л олдсон ажлаа хийгээд өөрийгөө болгож байна.
Г.Хулан: Ажлын байр ховор гэдэгтэй санал нийлэхгүй
-Миний хувьд ажлын байр ховор гэдэгтэй санал нийлэхгүй. Харин гологдож байгаа хүмүүс олон байгаа гэж бодож байна. Сүүлийн үед том компаниуд гарч ирээд залууст боломж олгож байна. Миний хувьд оюутан байхдаа дадлага хийсэн компанидаа ажилд орсон. Ер нь бол өөрөө зүтгэлтэй, чадвартай байвал ажлын байр байхгүй биш байгаа л гэж боддог.
Т.Гэрэл
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.