Энтертайнмент
“The Hu” хамтлаг шинэ гишүүнтэй болжээ
“The Hu” хамтлаг шинэ гишүүнтэй болжээ. Хүннү рок хамтлагийн басс гитарчин Б.Батхүү өөрийн хүсэлтээр хамтлагаасаа гарч, түүний оронд н.Нямдаваа гэх шинэ хөгжимчинтэй болсон гэнэ. Тэдний фенүүд зургадугаар сарын 29-нд Улсын онцгой комисст хандив өргөх “ГЭРЭГ” тоглолтын үеэр шинэ басс гитарчинтай болсныг анзаарчээ.
Хамтлагийн ерөнхий продюсер Б.Дашдондог өмнө нь манай сайтад өгсөн ярилцлагадаа “Хүннү рок хамтлаг байгуулах санаа өвөрлөснөөсөө хойш 7-8 жилийн хугацаанд өргөн хүрээтэй судалгаа хийж, түүндээ тулгуурлан хоёр жилийн хугацаанд хамтлагийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах, дүр төрхийг бүрдүүлэх ажлуудыг хийсэн. Хамтлагийн гишүүд Монгол Улсын Соёл урлагийн их сургууль болон Монгол Улсын Консерваторийг дүүргэсэн бөгөөд бүгд рок болон этник рок хамтлагуудад тоглож байсан мэргэжлийн уран бүтээлчид. Хэдийгээр хамтлаг 2016 онд байгуулагдсан ч хамтлагийн гишүүд хөгжмийн зэмсгээ эзэмших, хөөмийлөх чадвараа сайжруулахад олон жилийг зориулсан” гэдгийг хэлж байсан юм. Тус хамтлаг найман гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд дөрөв нь үндсэн нүүр царай болж, бусад нь “арын албанд” хөгжимддөг.
Хамтлагийн ахлагч Ц.Галбадрах аянга морин хуур, хархираа хөөмийдөх үүргийг гүйцэтгэнэ. Харин төмөр хуур, цуур, хөөмэйг Г.Нямжанцан, гал морин хуур, хөөмэйг Б.Энхсайхан, товшуур хөгжмийг Н.Тэмүүлэн, хэнгэрэгийг М.Өнөмөнх тоглодог. Үүн дээр метал хөжим буюу Соло гитарыг А.Жамбалдорж, басс гитарыг Б.Батхүү тоглож байв. Үндсэн гишүүдээс гадна Ц.Надмидтулга, Брэндон Фрайзен нар хамтлагийн менежерээр ажилладаг байна.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.