Улс төр
Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон
Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын дарга, Баянгол сумын ИТХ-ын дарга Р.Батжаргалтай орон нутгийн хөгжлийн асуудлаар онцолж ярилцлаа.
-Хэдэн жилийн өмнө аймгийн ИТХ-ын индэр дээрээс Таныг “Арматур, цемент хоёр байхад л улс хөгжинө” гэхэд олон хүн доогтой нь аргагүй инээж байсныг санаж байна. Өнөөдөр танай сумыг хараад Таныг хэлсэн үгнийхээ эзэн болжээ хэмээн бахархах сэтгэл төрлөө.
-Баянгол сум бол Сэлэнгэ аймгийн үүд нь ч, хоймор нь ч. Энэ утгаараа манай сумын хөгжил дэвшил Сэлэнгэ аймгийн нүүр царай нь болох учиртай. Үүний төлөө бид хичээсээр ирсэн гэдгээ онцлох байна. Ардчилсан нам 2016 оны арваннэгдүгээр сард орон нутгийн сонгуульд ялалт байгуулж, 27 суудлаас 23-ыг нь авсан. Сумын ИТХ-ын төлөөлөгчид, Засаг даргын Тамгын газрын хамт олон ажлаа иргэдтэйгээ уулзаж, тэдний санаа бодлыг сонсохоос эхэлж, иргэд, аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтран ажиллах хөтөлбөрөө боловсруулж, хэд хэдэн төрлийн судалгаа хийж улмаар багуудын иргэдийн нийтийн хурлыг зарлан, хурлаас гарсан шийдвэрүүдийг эхнээс нь хэрэгжүүлсэн. Бидний ажил САА байсан тэр л үеийн хур хогийг цэвэрлэхээс эхэлсэн. Сумын төвийн арын дэнж тэр чигээрээ хогийн хонхор байсан гээд төсөөл дөө. Иргэд ч дэмжиж, аж ахуйн нэгжүүд ч хөдөлсөн.
Өвгөд хөгшид маань данхтай цайгаа, халуун боорцгоо барьж ирээд л сэтгэлийн дэм өгч байлаа, бидэнд. Энэ сайхан сэтгэлийг хараад бахархан огшиж, нүдэнд минь нулимс хурах үе цөөн биш байлаа. Баянголчууд тавхан хоногийн дотор 80 жил овоолсон хогоо цэвэрлэж чадсан. Одоо хогийн хонхор байсан газарт ногоо халиурсан, цэлийсэн хөндий болсон. Магадгүй гучин жилийн дараа орон сууцны хорооллууд эсвэл үйлдвэрлэлийн хот сүндэрлэх биз. Бидний дараагийн асуудал эрүүл мэндийн төвийн барилгыг өргөтгөн шинэчлэх явдал байв. Гэвч суманд шинээр эмнэлгийн барилга барих төсөв байгаагүй. Ер нь манай сум ардчилсан засаглалтай учраас гадуурхагдан төр, төсвийн байгууллагын ажилчдын цалингаас өөр төсөвгүй явж ирсэн. Гэтэл бид ажил хийж, сум орон нутгаа хөгжүүлэх ёстой биз дээ. Тиймээс суманд үйл ажиллагаагаа явуулдаг “Тод ундарга” ХХК-ийн захиралтай уулзан, нийгмийн хариуцлагын хүрээнд Баянгол сумын баялгийг ашиглаж байгаагийн хувьд эрүүл мэндийн барилга дээр хөрөнгө оруулалт хийх, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангахыг хүссэн. Үүний үр дүнд 2,8 тэрбум өртөг бүхий Яаралтай тусламжийн төвийг ашиглалтад хүлээж авсан. Бидний шийдэж чадсан гурав дахь том ажил бол инженерийн шугам сүлжээг бүрэн шинэчилсэн явдал. Мөн л аж ахуйн нэгжүүдийнхээ эдийн засгийн тусламж дэмжлэгтэйгээр хөрөнгө мөнгөний нь асуудлыг шийдсэн. Баянгол 1980-аад оноос хойш 2017 он хүртэл өвөлдөө “хөлдүү” сум байсан. Үүний араас Ахмадын өргөө, Соёлын төвийн барилгын ажил залгасан. Одоо есдүгээр сарын 1-нд шинэ Соёлын төв маань ашиглалтад орно. Гадна зам талбай, тохижилтын ажилд цэцэрлэг, сургууль, аж ахуйн нэгжүүд, Онцгой байдлын албаны албан хаагчид маш их тусалсан. Ер нь баянголчууд шинэ Соёлын төвтэй болох гэж маш их хичээсэн дээ. Урлаг соёлын байгууллагууд, хамтлаг дуучид манай хуучин соёлын төвийг маань жижигхэн, хуучин гэж голоод ирдэггүй байсан юм. Одоо манайхыг алгасч, голж гүйхгүй байх аа. Сум орон нутгийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалт гэдгийг “Тэнд нэг байшин барих газар байх юм. Түүн дээр юу барих вэ” гээд амаа ангайж суух биш иргэдийнхээ оролцоотойгоор ИТХ-ын төлөөлөгчдийн санал дээр тулгуурлан хөгжлийн ойрын болон хэтийн төлвөө цаасан дээр буулгаж, түүнийгээ ажил хэрэг болгох явдал юм. Үүнийг мөрийн хөтөлбөр ч гэж ойлгож болно. Ингэж ажилласны үр дүнд боловсрол, эрүүл мэнд, ахмад, залуучууд, орон нутгийн хөгжлийн суурь болсон дэд бүтцийн асуудлыг шийдэж чадсан гэж бардам өгүүлэх байна. Хамгийн гол нь энэ бүхнийг улсын төсвийн хөрөнгөөр бус дотоод нөөц бололцоогоо ашиглан нийгмийн хариуцлагын хүрээнд аж ахуйн нэгж, төр төсвийн байгууллагууд, иргэдээ түшиглэсэн нь баянголчуудын амжилтын нууц ч байж мэднэ. Энэ дашрамд үнэн бөгөөд гашуун нэг баримт хэлье. 2016 оноос өмнө Орон нутгийн хөгжлийн сан 200-300 сая төгрөгийн төсөв хуваарилдаг байсан бол 2017 онд АН сумын ИТХ-д ялалт байгуулсан чинь нөгөө сангийн төсвөө 23-хан сая төгрөг болгон танасан гээд бод доо. Энэ мөнгөөр хэн яаж, сумаа хөгжүүлэх вэ… Эрх баригч намын энэ мэт ажил сум, орон нутгийн цаашлаад улс орны хөгжилд ихээхэн саад чирэгдэл болж байдаг л даа.
-Баянгол сумын нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжлийн асуудлаа шийдэж ирсэн туршлагыг тань бусад сумдад хэрэгжүүлэхсэн?
-Манай ИТХ-ын төлөөлөгчид өмнөх үеэ бодвол маш их залуужсан. Орчин цагийн залуучууд сэтгэхийн хэрээр эрсдэлээс айхгүй зоригтой байдаг юм байна гэдгийг өнгөрсөн дөрвөн жил надад харууллаа. Манай 27 төлөөлөгч нэг хүний шийдвэрээр бус хамтын шийдвэрээр явдаг, хурлын үед өөрийн бодож, сэтгэж яваа зүйлээ чөлөөтэй ярьдаг, түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө өөрийгөө дайчилдаг нь Баянгол сум богино хугацаанд хөгжиж дэвшихийн суурь болсон гэж би хувьдаа үзэж байна. Дээр нь нийгмийн хариуцлага гэдгийг сумын иргэн бүхэнд ойлгуулж чадсан явдал. Ногоочин, малчин хэн байх нь хамаагүй нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг байх ёстой. Түүнчлэн байгалийнх нь баялгаас хүртэж байгаа нь үнэн юм бол орон нутгийн хөгжилд хөрөнгө оруулалт хийх ёстой гэдгийг уул уурхайн компаниудад ойлгуулсан. Үнэндээ ад үзээд байдаг нинжа нараас ч “… орон нутагт ийм ажил хийх гэж байна хөрөнгө оруулалт хийнэ үү” гэхээр “Тэгье” л гэдэг юм байна лээ. Сум, орон нутаг нь нүдэн дээр нь хөгжөөд ирэхээр иргэд санаагаараа би ийм ажил хийе гээд зураг, төсөв, төлөвлөгөө, мөнгөө бариад ирдэг. Томоохон ажил дээр нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг холбоод өгөхөөр тэд хамтарч чаддаг. Ер нь сэтгэл гаргасан хүн л ажил хийдэг. Хамгийн гол нь бүгдтэй нь ойлголц гэж хэлмээр байна. Баялаггүй орон нутаг гэж байхгүй. Гагцхүү баялгаа эдийн засгийн эргэлтэд зөв оруулах явдал.
-Шулуухан хэлэхэд, орон нутагт Засаг даргын эрх мэдэл хэмжээлшгүй байдаг нь нууц биш. Яагаад тэр вэ?
-“Өмнөх ИТХ-ын дарга юу ч хийдэггүй байсан. Гэтэл та галч, сантехникч гээд хийхгүй ажил алга” хэмээн магтах нэгэнтэй таарч л байлаа. Ажил хийж явахад хүн магтах гоё л юм билээ. Орон нутагт магтуулах тохиолдол ер нь л ховор шүү. Тогтолцооны хувьд Нутгийн удирдлагын ордон буюу ИТХ нь дээрээ байдаг. Засаг дарга нь Иргэдийн хурлаас гарсан хамтын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Амьдрал дээр төсвийг захиран зарцуулах эрх мэдэл Засаг даргад байдаг учраас нэгдүгээр хүн гэж хардаг байж мэднэ. Баянгол сумын тухайд орон нутгийн сонгуульд хэдийгээр Ардчилсан нам ялсан ч иргэдийнхээ төлөө ажиллаж чадах төрийн албан хаагчийг сонгосон.
Манай ИТХ-ын 27 төлөөлөгч шинээр сонгогдсон Засаг даргаа дундаа суулгаж байгаад иргэдийн хурал, орон нутгийн шийдвэр хоёр уялдаатай хамтарч ажиллах ёстой гэх байр суурь дээр нэгдэж чадсан. Манай баг дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хоёр жил хоёр сарын дотор хэрэгжүүлж дуусгасан. Хамгийн гол ИТХ-ын дарга, Засаг дарга хоёр харилцан ойлголцож, хамтарч ажиллаж чадсан явдал.
-Монгол Улсын улс төрийн тогтолцоо аливаа сонгуульд ялалт байгуулсан нам, засгийн эрхийг барьж буй. Орон нутагт ч ялгаагүй. Баянгол үүнийг эсрэг явж чадсан нь сайшаалтай хэдий ч төсөв, хөрөнгөний асуудал дээр “хавчигддаг” юм байна гэх ойлголтыг Та надад төрүүлсэн?
-Бидний цөөхөн монголчууд намчирхаж талцаад яах юм бэ. Сонгууль болоод л өнгөрнө, амьдрал энэ л хонхортоо үргэлжилнэ биз дээ. Ямар нэр дэвшигчээ дагаад төрийн ордонд очоод суух биш. Намчирхахгүйн тулд Иргэдийн хуралд 27 суудал авч олонхи болсныхоо дараа ямар хүнээр Засаг дарга тавих вэ. Дотроосоо тавих уу, яах вэ уу гэх тухайд бид маргаан мэтгэлцээнтэй 10 хоног ярилцсаны эцэст С.Ариунбат гэдэг залуу дээр тогтон 100 хувийн саналаар дэмжсэн. Бид алдаагүй, одоогийн байдлаар 2030 он хүртэлх сумынхаа хөгжлийн төлөвлөгөөг боловсруулчихсан, түүнийхээ дагуу ажиллаж байна. Миний олж харсан зүйл гэвэл аливаа сум инженерийн шугам сүлжээ болон үерийн далангаа зөв шийдвэл зөв хөгждөг юм байна гэдгийг ойлгосон. Өмнөх Засаг дарга нараас маань хэн ч энэ асуудлыг барьж аваагүй. Харин Засаг дарга С.Ариунбат залуу хүний зориг гарган барьж аваад энэ их ажлынхаа ард нь гарч чадсан. Сумын иргэд “Манай дарга нар худлаа ярьдаггүй, хэлсэн л бол хийдэг” хэмээн магтах болсон байна лээ. Үүнд их урамшиж сууна. Иргэд маань дэмжиж, хамтдаа зүтгэж байгаа учраас л Баянгол сум хөгжиж, дэвжиж буй хэрэг.
-Баянгол сумын 2030 хөгжлийн төрх цаасан дээр хэрхэн бууж байна ?
-Хөгжилд тушаа болж буй зүйл гэвэл газар төлөвлөлтийг их буруу хийж иржээ. Тиймээс юун түрүүнд үүнийг зохицуулах ёстой. Бидний дараагийн зорилго бол иргэн бүрийг орлоготой байлгах явдал. Боломж байна. Баянгол сум маш сайн дэд бүтэцтэй. Ногоочид маань тарьсан ногоогоо явуулын иргэдэд зах зээлээс хямд үнээр борлуулж эхэлсэн. Одоо бидэнд хадгалах сав маш чухал. Төв замаас алс сумдын ногоочид Улаанбаатар орохгүйгээр манайд нийлүүлэх болсон. Энэ бол алдаж болохгүй боломж. Эдийн засгийн суурь маань ингэж бүрдэж байгааг бид алдаж болохгүй. Эрүүл хөрсөнд ургасан хүнсний ногоогоо эдийн засгийн эргэлтэд оруулж чадаж гэмээнэ Баянгол сум зовлонгүй хөгжинө. Хийх ажил их байна, дан ганц ногоо хадгалах савнаас гадна нөөшлөх үйлдвэр хэрэгтэй.
-Та ажлаа танилцуулж явахдаа тендер гэдэг зүйлийг өвөл зарладаг байвал их ажил амжуулна аа хэмээсэн. Энэ бас л нэг санаа шүү?
-Ер нь тендерийг өвөл зарлавал өгөөж нь их. Монгол Улсын цаг агаарын нөхцөл байдал үүнийг хэлээд байна. Яагаад гэвэл арваннэгдүгээр сараас нэгдүгээр сарын хооронд зарлах аваас тендер авсан компаниуд хүйтний улирлыг далимдуулаад бэлтгэлээ хангаж амжина. Мөн тендер авсан компаниудад өгч байгаа мөнгөө гурав хуваадгаас болоод ажил маш их цалгарддаг. Үүнийг зохицуулмаар байна. Тэгэхгүй бол хавар тендер зарлангуут нэг компани нь гүйж, гүйж байгаад тендерээ авдаг,бэлтгэл хангах гэсээр өвөлтэй залгадаг. Дараа хавар нь мөнгөний ханш өснө, компани ашиггүй ажиллахаас айж чанаргүй зүйлээр ор нэр төдий ажлаа хийдэг. Тэгээд л тэр жилийн ажил байхгүй болдог.
-Танайд тийм тохиолдол гарч байв уу ?
-Тэгэлгүй яах вэ. Манайд хэд хэдэн ийм тохиолдол гарсан. Жишээ нь инженерийн шугам засах тендер зарлаж, нэг компани авсан. Харамсалтай нь өнөө компани зөвхөн цэвэр усны шугам сольчихоод 50 сая төгрөг сул авчихаад яваад өгсөн. Бид хохироод үлдсэн. Том тендерийг аймаг шалгаруулдаг ч яг үнэндээ бол аймгийнхан ирж хянахгүй, тэд энд ирж амьдрахгүй. Тиймээс сум, орон нутагт нь мэдлийг нь өгөөч гэж хүсмээр байна.
-Босоо тогтолцоог сум, орон нутагт хэрэгжүүлэх нь дэмий зүйл шиг санагдсан. Та надтай санал нийлэх үү?
-Нийлнэ. Үнэн хэрэгтээ Засаг даргыг Иргэдийн хуралтай нь хамт хүчгүй болгож байна. Засаг дарга нь арга хэмжээ авах гэхээр газрын алба нь босоо, багш ажилчид нь босоо, нийгмийн халамж, татвар нь босоо учраас шийдэх хууль, эрх зүйн үндэс байхгүй байна. Алдаа гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох гэхээр “чи намайг халж чадахгүй, эрх нь ч чамд байхгүй” гээд гараад явдаг. Тиймээс босоо тогцолцоог хэвтээ болгох хэрэгтэй байна. Орон нутаг татвараа, нийгмийн даатгалаа мэддэг байх ёстой. Орон нутгийн эрхүүдийн ихэнхийг аймаг нь аваад явчихсан болохоор суманд шийдвэр гаргах эрх байдаггүй. Тухайлбал, бичил уурхайн 151-р тогтоол байна. Аймгийн ИТХ-аар хэлэлцэгдэнэ гэхээр Баянголоос сонгогдсон ганцхан төлөөлөгч байдаг. Тэр хүний санал олонхийн дэмжлэг авч чадахгүй учраас хаягддаг. Баянголчууд байгалийн дархан цаазтай газраа ухуулмааргүй байхад аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн хурал шийдвэр эсрэгээр гараад ухуулах жишээний. Сум ямар ч эрх мэдэл байхгүй юм чинь ухуулаад л толгой сэгсэрч гаслахаас цаашгүй. Голын эхэнд алтын зөвшөөрөл өгөөд, ууланд модон дотор хайрга дайрганы зөвшөөрөл өгөөд л байгаа шүү дээ. Сум яаж чадахгүй л байна. Сум газрын асуудал хөөцөлдөөд явахаар өөдөөс Зөрчлийн тухай хууль ярьж байна. Жишээ нь Баянгол сумын нутаг дэвсгэрт Ар зүрх гээд ганц нөөцтэй хадлангийн талбай буй. Гэтэл түүн дээр хайгуул хийнэ, зөвшөөрөл н энэ байна гээд ороод ирсэн. Бидэнд мэдэгдэхгүйгээр сонгон шалгаруулалтын талбай хэмээгээл дээгүүрээ яам нь тендер зарлаад дуудлага худалдаа оруулсан байсан. Захирал нь яамны зөвшөөрөлтэй бичгээ бариад ирсэн. Түүнийг сумын ИТХ батлахгүй бол Зөрчлийн хуулиар байгаль орчны байцаагч Засаг дарга хоёр нь 10 саяар торгууль хүлээх болчихоод байгаа.
-Баянгол сум малчин, тариаланч хоёрынхоо үл ойлголцлыг хэрхэн шийдэв?
-Их амархан шийдсэн. Эхлээд малчин, тариаланчдын чуулга уулзалтыг зохион байгуулсан чинь бөөн хэрүүл болоод үр дүнгүй тарцгаасан. Тиймээс малчидтай дангаар нь уулзаж, санал бодлыг нь сонсч өөрийн байр сууриа илэрхийлсэн. Тариа бол стратегийн чухал бүтээгдэхүүн юм. Тиймээс тариалангийн талбайд малаа оруулсан иргэдэд ийм шийтгэл оногдуулдаг юм байна гэж ирээд л хуулийн зүйл заалтыг нь танилцуулсан. Дараа нь тариаланчидтай уулзаад “ Мал бол үндэсний баялаг”. Мал руу дур мэдэн халдах нь ийм ийм хуулийн заалтыг зөрчиж буй хэрэг гэж ирээд л мөн л хуулийн заалтыг танилцуулсан. Ингээд нэгдсэн уулзалтаа дахин зохион байгуулсан. Амжилтад ч хүрсэн. Ер нь бол газар тариалан, мал аж ахуй хоёр зэрэгцэн зөв орших ёстой. Зөв бодлого үгүйлэгдэж байгааг хэлэх ёстой. Малчид эрчимжсэн мал аж ахуй руу шилжихгүй бол Монгол Улс малын бэлчээрээ дийлэхээ болино. Баянгол сум гэхэд бэлчээрийн даацгүй болоод байгаа. Тиймээс зөв бодлогоор зохицуулагдаж хамт хөгжих ёстой.
-ЖДҮ дэмжих сангийн зээл жинхэнэ эзэндээ хүрч чадахгүй байна гээд асуудал боссон. Ажил хийж буй хүнд нь хуваарилах тал дээр орон нутгийн удирдлагуудын байр суурийг сонсоогүйгээс асуудал үүссэн байж мэднэ?
-ЖДҮ дэмжих сангийн зээл 10-50 сая л байх ёстой юм. Юун 800 сая, тэрбум. Сум, орон нутгийн удирдлагуудад зээлийн эрхийг нь өгчихвөл ИТХ нь хуралдаад л хэнд зээл олгох тухай шийдвэрээ гаргахад л хангалттай. Зөв хүндээ ч хүрч чадна гэж бодож байна. Сум хөгжүүлэх сангийн зээлийг буруу хүмүүст өгсөнөөс болж маш олон жил зээл өгч чадаагүй. Үнэндээ бол ЖДҮ-ийнхэн их мөнгө нэхдэггүй шүү дээ, маш бага хэмжээний зээл авдаг. Тэхээр ЖДҮ-ийн зээл өрхийг дэмжих бага хэмжээний зээл байх ёстой.
-Та аймгийн ИТХ дээр аливаа улсын хөгжлийн суурь бол арматур цемент юмаа гэж хэлж байсныг санаж байна. Таны бодол үнэхээр зөв байсан байна уу, өнгөрсөн дөрвөн жилд , цемент хоёрынхоо үр шимийг үзэв үү ?
-Зөвхөн би биш, манай сум даяараа иргэж бүхэн арматур цемент хоёр бол хөгжил юм аа гэдгийг харж байна. Хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь зөөхдөө шороо бужигнасан замаар явдаг байсан бол одоо үгүй. Айлууд хашааныхаа үүдийг, дэлгүүр болгон машины зогсоолоо цементелж байна. Энэ бол хөгжил. Намайг шоолж байсан хүмүүс одоо хүлээн зөвшөөрсөн.
-Орон нутгийн сонгууль удахгүй эхэлнэ. Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын даргын хувьд багаа хэрхэн бүрдүүлэх вэ?
-Сүүлийн үед сэтгэл зовоож байгаа асуудал бол наадах чинь байна. Сумын төлөөлөгч хийж үзээгүй, зовлонг нь мэдээгүй байж том дарга хийх гэсэн нөхдүүд олон байна. Бид тэднээс сална. Хэн нэгэн дарга нарын цүнх барьж гүйсэн хүн, хэн нэгэн хүнд хов зөөсөн хүнийг улс төрд оруулж болохгүй. Түүний оронд нь аймаг, сум, орон нутагт ажиллаж үзсэн, асуудлуудыг нь мэддэг, шийдэх арга замыг нь олж хардаг залуучуудыг сонгож сонгуульд өрсөлдүүлэх хэрэгтэй. Үүний тулд эртнээс бэлдэх хэрэгтэй байна.
М.ДАВААДУЛАМ
Улс төр
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон БНСУ-ын “Глобал Сивик Шэйринг” Олон улсын байгууллага Монгол Улсад мал аж ахуйн салбарын мэргэжилтэн, ажиллах хүчнийг чадавхжуулах замаар үйлдвэрлэлийн чанар, бүтээмжийг сайжруулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх, хүртээмжтэй хөгжлийг дэмжихэд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
“Глобал Сивик Шэйринг” байгууллага нь 2002 оноос Монгол Улсад орон нутгийн хөгжлийн үйл ажиллагаа явуулж “Малын банк” зээлийн хөтөлбөр, “Өвс, тэжээлийн фонд” тусламжийн хөтөлбөр, “Орон нутгийн удирдагч иргэн бэлтгэх сургалт” төсөл, “Хоршооны засаглалыг бэхжүүлэх замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх” төсөл зэрэг мал аж ахуйн хөгжлийн урт болон дунд хугацааны төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн юм. Тус байгууллага 2021 оноос БНСУ-ын КОЙКА байгууллагын таван сая ам.долларын буцалтгүй санхүүжилттэй “Хүртээмжтэй мал аж ахуй” төслийг хэрэгжүүлж байна.
“Хүртээмжтэй мал аж ахуй” төсөл нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн бодлогын орчинг сайжруулах, хоршооны үйл ажиллагааг засаглалын болон үйл ажиллагааны түвшинд дэмжих, мал аж ахуй эрхлэгчид болон тус салбарын мэргэжилтэн, төрийн албан хаагчдыг чадавхжуулах замаар үйлдвэрлэлийн чанар, бүтээмжийг дээшлүүлэх, өртгийн сүлжээг бэхжүүлэх зорилгоор 2021-2035 онд хэрэгжихээр урт хугацаанд төлөвлөгдсөн. 2021-2025 онд хэрэгжих эхний үе шатны төсөл нь дөрөв дэх жилдээ хэрэгжиж байна.
“Хүртээмжтэй мал аж ахуй” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд сүүний үхрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулж эхний хувилбарыг бэлэн болгосон юм. “Глобал Сивик Шэйринг” Олон улсын байгууллагын Монгол дахь салбарын захирал Жу Хёнь Жү “Тус мастер төлөвлөгөө нь батлагдаж, хэрэгжсэнээр Нийслэл хот орчмын эрчимжсэн мал аж ахуйг шинжлэх ухааны үндэслэлтэй, системтэй хөгжүүлэх боломж бүрдэж малын эрүүл мэнд, үржлийн бүртгэл, мэдээлэлд суурилсан үйлдвэрлэлийн төлөвлөлт хийх, мал аж ахуйн гаралтай хүнсний чанар, гарц сайжрах болох, орон нутгийн онцлог үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн кластерийн сонгомол жишээ болох юм” хэмээн байр сууриа илэрхийллээ. ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн “Төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх, мал аж ахуйн салбарын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулахад яамны зүгээс дэмжиж ажиллах болно” хэмээн онцоллоо гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Улс төр
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос 2024 оны 11 дүгээр сарын 20-нд хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” хяналтын сонсголыг зохион байгууллаа. Хяналтын сонсголыг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг даргалсан бөгөөд Байнгын хорооны гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр 10 цаг 48 минутад эхлэв.
Хяналтын сонсголыг П.Сайнзориг гишүүн нээж, үг хэлэхдээ холбогдох хуулийн дагуу ирцийг танилцуулж, энэ удаагийн хяналтын сонсголын зорилго, дараалал, дэгийг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Дараа нь эрүүдэн шүүлт, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийг хангахтай холбоотой асуудлаар холбогдох чиг үүргийн байгууллагын дүгнэлт, мэдээллийг сонслоо.
Эхлээд Хүний эрхийн Үндэсний Комиссоос эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх эрхтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг тус Комиссын дарга Д.Сүнжид танилцуулсан.
Тус Комисст эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх эрхийн зөрчлийн талаар 2020 онд 47, 2021 онд 27, 2022 онд 15, 2023 онд 60, 2024 онд 48 гомдол, мэдээлэл ирсэн байна. 2023, 2024 оны нийт 108 гомдол, мэдээллийн 55 нь цагдаагийн байгууллагын алба хаагчтай, 4 нь прокурортой, 3 нь Авлигатай тэмцэх газрын мөрдөгчтэй, 1 нь шүүгчтэй, 45 нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчтай холбоотой байсан бөгөөд хуульд заасан шалгах ажиллагаа явуулж, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй байж болзошгүй 34 гомдлыг Авлигатай тэмцэх газарт, 3 гомдлыг Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлжээ. 2016-2023 оны хооронд эрүү шүүлт тулгах 14 гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэсэн бөгөөд нийт гомдол, мэдээлэлтэй харьцуулахад шийдвэрлэлт хангалтгүй байгааг Д.Сүнжид дарга тэмдэглэсэн юм.
Бие махбодь болон сэтгэл санааг шаналган зовоох хэлбэрээр тодорхой төрлийн зэвсэг, хэрэгсэл ашиглан янз бүрийн үйлдлээр эрүү шүүлт явуулдаг талаар танилцуулгад дурдав. Хэрцгий, хүнлэг бус, хүний нэр төрийг доромжлон харьцах, шийтгэхтэй холбоотой нөхцөл байдлын талаарх мэдээлэлдээ хорих анги, цагдан хорих байр, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн нөхцөл байдлын талаар болон цэргийн анги, байгууллага дахь дүрмийн бус харьцааны талаарх Комиссын дүгнэлтийг танилцуулав. Үргэлжлүүлэн эрүү шүүлтийн хохирогч хамгаалал, нөхөн төлбөрийн талаарх олон улсын болон дотоодын эрх зүйн зохицуулалтуудыг танилцуулсан юм. Монгол Улсын хувьд хохирогчдыг хамгаалах, хохирол нөхөн төлүүлэх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, нийгмийн амьдралд эргэн ороход дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин дутмаг гэв. Хохирлоо нөхөн төлүүлэхэд цаг хугацаа зарцуулах, процессын олон үе шатыг дамжих, ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргуулан авах явцад олон саад бэрхшээл тулгардаг байна. Д.Сүнжид дарга танилцуулгынхаа төгсгөлд урьдчилан сэргийлэх сургалт, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, нөхцөл байдлын талаарх дүгнэлт, зөвлөмжийг дэлгэрэнгүй танилцуулсан.
Дараа нь Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт болон Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн талаар танилцууллаа. Монгол Улс олон улсын хүний эрхийн тогтолцооны өмнө Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцоор үүрэг хүлээдэг бол энэ харилцааг дотооддоо Үндсэн хууль, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулдаг. Тэрбээр эрх зүйн орчны талаар дэлгэрэнгүй танилцуулаад, үргэлжлүүлэн цагдаагийн байгууллагын мэдүүлэг авах өрөөний нөхцөл байдал, хоригдсон этгээдийн эрх чөлөөг нь хязгаарласантай холбоотойгоор суурь эрх зүйн баталгаагаар хангагдаж буй байдлын талаар болон Эрүүгийн хууль дахь нөхөн төлбөр олгох зохицуулалтын хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасны дагуу Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн эх үүсвэр нь эрүүгийн торгох ялыг биелүүлсний 60 хувь, төрөөс олгосон нөхөн төлбөрийг гэм буруутай төлбөр төлөгчөөс нөхөн төлүүлсэн мөнгөн хөрөнгөөс бүрддэг байна. Уг санд 2012 оноос хойш нийт 31.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Дээрх хууль болон журмын дагуу 2012-2024 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 30 удаагийн тушаалаар 516 хохирогч иргэнд 3.2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангаас олгосон ч Эрүүгийн хуулийн эрүү шүүлт тулгах зүйл ангиар шүүхээр шийдвэрлэгдэж, Тусгай сангийн тухай хуульд заасан “Зарим төрлийн гэмт хэргийн хохирогчид төрөөс нөхөн төлбөр олгох журам”-ын дагуу хохирол авсан тохиолдол байхгүй гэв. Санд 2012-2017 онд 78.5 сая төгрөг, 2018 онд 102.7 сая төгрөг, 2019 онд 155.9 сая төгрөг, 2020 онд 128.3 сая төгрөг, 2021 онд 218.6 сая төгрөг, 2022 онд 205.8 сая төгрөг, 2023 оны 134.7 сая төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын байдлаар 100.1 сая төгрөг, нийт 1.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байгаа аж.
Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор М.Чинбат эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шийдвэрлэлт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүний эрхийг хангах чиглэлээр хийсэн ажлынхаа талаарх мэдээллийг танилцуулав. Тус байгууллагаас холбогдох сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах, гарын авлага, зөвлөмж, зурагт хуудас тараах, видео, контент бэлтгэн олон нийтийн сүлжээгээр түгээх, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдал шалтгаан нөхцөлийг нь судалж дүгнэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлан шалгах ажлуудыг тогтмол хийж иржээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд 2020 онд хүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл илэрсэн тохиолдолд гэрчийн мэдүүлэг авахгүй байх, гэрчийн мэдүүлэг авсан бол яллах ажиллагаанд нотлох баримтаар үнэлэхгүй байх зөвлөмжийг гаргаж хэрэгжилтийг нь хангуулан ажилласан гэлээ. Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс 2023 онд эрүү шүүлт тулгах гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдал, шалтгаан нөхцөлийн талаар хавсарга судалгааг хийжээ. 2020-2022 онд улсын хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг судалж, хүний эрхийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээний талаар зөвлөмж гаргаж, харьяа нэгж, прокурорын газрууд үйл ажиллагаандаа ашиглаж байгаа аж. Холбогдох судалгааны дүн, илэрсэн зөрчил, анхаарах асуудлын талаар нийт прокуроруудад сургалт зохион байгуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Улсын дээд шүүхийн тайлбарыг зөв ойлгож хэрэглэх талаар хэлэлцүүлэг зохион явуулжээ.
Прокурорын байгууллага 2022 онд улсын хэмжээнд ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажлынхаа хүрээнд цагдан хорих байр хорих ангиудыг техникийн хяналт хамгаалалтыг шалгасан байна. Энэ хүрээнд хорих анги, цагдан хорих байранд ашиглагдаж байгаа дүрс бичлэгийн төхөөрөмж ашиглалтын шаардлага хангахгүй, зарим өрөө тасалгаа, зорчих бүсийг камерын хяналтад оруулаагүй зэрэг зөрчил илэрч, холбогдох арга хэмжээг авсан гэв.
Улсын хэмжээнд 2017 оны сүүлийн хагасаас 2024 оны эхний IX сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй нийт 603 мянган гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасны 478 нь эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаар байжээ. Үүний 67 хувийг прокурор мөрдөгчийн саналыг үндэслэн, хэрэг нээхээс татгалзсан бол 150 гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэв. Дээрх хугацаанд 196 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 83.2 хувийг хааж, 2.5 хувийг нэгтгэж, 18 хэрэг буюу 9.2 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж, шийдвэрлэсэн. 10 хэрэг хэрэг бүртгэлтийн шатад шалгагдаж байгаа гэх мэдээллийг өгөв.
Эрүүгийн хуулийн 21 дүгээр бүлэг буюу Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэгт тооцож, тус бүлэгт хуульчилсан, гэмт хэргийн шинжийг “бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон” гэж конвенцод зааснаас өөр байдлаар тодорхойлсноор гэмт хэргийн субъект болон хохирогчийг явцуу хүрээнд тодорхойлох нөхцөлийг бүрдүүлсэн хэмээн Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор М.Чинбат танилцуулгынхаа үеэр онцоллоо. Иймд Конвенцын орчуулгыг агуулгын хувьд дахин нягталж үзэх, Эрүүгийн хуульд заасан, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг Конвенцын тодорхойлолтод бүрэн нийцүүлэх, тусгай ангийн зохих бүлэгт хуульчлах, мөрдөн шалгах эрх бүхий байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдүүлэг авах өрөөний хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлагыг бүрэн хангуулахад чиглэсэн зорилтот арга хэмжээг авах шаардлагатай хэмээв.
Улсын дээд шүүхээс энэ төрлийн гэмт хэргийн шүүхийн шийдвэрлэлт ба гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох, нөхөн төлүүлэх талаарх хууль тогтоомжийн хэрэглээ, шүүхийн практикийн талаар танилцуулсан. Шүүхийн шийдвэрийн нэгдсэн санд эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаарх Анхан шатны шүүхийн 14 тогтоол, Давж заалдах шатны шүүхийн 14 магадлал, Хяналтын шатны шүүхийн 4 тогтоол сүүлийн 5 жилийн хугацаанд бүртгэгджээ. Энэ төрлийн гэмт хэрэгт торгох ялыг 8 тохиолдолд, 1-2 жил хорих ялыг 4 тохиолдолд оногдуулсан бол хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар 1 тохиолдолд сольж, 2 тохиолдолд эрх хасах нэмэлт ял оногдуулжээ. Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим хариуцсан ахлах референт М.Хатанзориг үргэлжлүүлэн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох, нөхөн төлүүлэх талаарх хууль тогтоомжийн хэрэглээ, шүүхийн практикийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Зэвсэгт хүчний нэгтгэл, анги байгууллагуудад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, дүрмийн бус харилцааны талаар гаргасан гомдол, мэдээллийн шийдвэрлэлт болон авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал С.Ганбямба танилцуулав. Цэргийн алба хаагч болон иргэдээс 2020 онд 11967, 2021 онд 10168, 2022 онд 13308, 2023 онд 7655, 2024 оны III улирлын байдлаар 6152 буюу нийт 49250 өргөдөл, гомдол Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлал, Барилга-Инженерийн цэргийн удирдах газар, харьяа нэгтгэл, анги, салбар, байгууллагад гаргасан байна.
Зэвсэгт хүчний хэмжээнд 2020-2024 онд иргэдээс 49250 өргөдөл, гомдол ирүүлснээс 48544 өргөдлийг шийдвэрлэн өргөдөл, гомдол гаргагчид хуулийн хугацаанд нь хариуг хүргүүлж, 690 өргөдлийг харьяаллын дагуу бусад байгууллагад шилжүүлж, 16 өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэв. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабт сүүлийн 5 жилийн байдлаар буюу 2020-2024 онд иргэдээс хүний эрх, эрх чөлөө, дүрмийн бус харилцааны талаар 25 өргөдөл, гомдол ирүүлснээс 19-ийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэн, 3 өргөдлийг бусад байгууллагад шилжүүлсэн бол 3 өргөдөл хуулийн хугацаанд хянагдаж байгаа гэлээ. Иргэдээс хүний эрх, эрх чөлөө, дүрмийн бус харилцааны талаар гаргасан өргөдөл, гомдол, мэдээлэл нь нийт өргөдөл, гомдол, мэдээллийн 0.05 хувийг эзэлж байгаа юм байна. Зэвсэгт хүчний нэгтгэл, анги байгууллагуудад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, дүрмийн бус харилцааг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тэрбээр мэдээллээ үргэлжүүлж, цаашид анхаарах, авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа танилцуулсан.
Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул төрөлжсөн асрамжийн газарт амьдарч буй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн эрхийн хэрэгжилт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулав. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлэгчид болон байнгын асруулагчдын эрхийн хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат танилцуулсан.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.4-т заасны дагуу сонсголд оролцогч Х.Бат-Ялалт, М.Хувьцагаан, Л.Нямзундуй, Б.Оюундэлгэр, Н.Бадамзул, н.Даваасүрэн, О.Шинэбаяр, н.Баярмаа, Б.Бямбасүрэн, Ж.Занаа, С.Шаарийбуу, н.Сарантуяа, н.Ганболд, Г.Баяртогтох, Т.Хүрэлбат нарын 40 гаруй иргэн санал, мэдээллээ танилцуулж, хоёр оролцогчоос бичгээр ирүүлсэн мэдээллийг П.Сайнзориг гишүүн уншиж танилцуулсан юм. Дараа нь хяналтын сонсголд оролцож буй Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Ц.Сандаг-Очир, Г.Ганбаатар, Х.Баасанжаргал, Ж.Баярмаа, О.Номинчимэг, М.Нарантуяа-Нара, С.Эрдэнэболд, П.Сайнзориг нар асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон сонсголд оролцогч төрийн байгууллага, оролцогчдоос хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүд хяналтын сонсголтой холбогдуулан үг хэлсэн. Д.Цогтбаатар гишүүн эрүүдэн шүүлтэд өртсөн гэдгээ илэрхийлж буй олон иргэн энэ танхимд байгаа нь харамсалтай хэмээгээд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо тасралтгүй ажиллах шалтгаан гэлээ. Мөн тэрбээр хэн нэгнийг хилсээр хэлмэгдүүлсэн албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцдог болох, нас барсан нэгнийг цагаатгадаг шиг энэ төрлийн гэмт хэргийг илэрсэн цагт нь гэм буруутныг тогтоодог байх эрх зүйн зохицуулалтыг бий болгох нь зүйтэй гэдэг санал хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал сонсголын зохион байгуулалттай холбоотой санал хэлсэн. Мөн ээжийнхээ хамт хорих байранд байдаг 2 хүртэлх насны хүүхдүүдийн эрхийг хангахтай холбоотой, Эрүүгийн хууль дахь нөхөн төлбөр олгох зохицуулалтыг шуурхай болгох шаардлага, хууль сахиулах байгууллагуудын төсвийг зохих хэмжээнд хуваарилах шаардлагын талаар санал хэлсэн. Г.Ганбаатар гишүүн, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хүний эрхийн зөрчил гаргасан албан тушаалтнуудын мэдээллийг бүртгэн сан үүсгэх, Хүний эрхийн Үндэсний Комиссын бие даасан байдлыг бэхжүүлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг олон нийтийн оролцоотойгоор шинэчлэх, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах, хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг бэхжүүлэх, мөрдөн байцаах өрөөний техникийн чанарыг анхаарах, гадаад улсад байгаа Монгол Улсын иргэний хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудалд анхаарах зэрэг асуудлаар байр сууриа илэрхийллээ. Эрүү шүүлтэд өртсөн, хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдэд олгох нөхөн төлбөрийн талаар, мөн энэ төрлийн зөрчил үйлдсэн албан тушаалтанд хуулийн хатуу хариуцлага хүлээлгэх, өөр албан тушаалд шилжүүлэн томилдог явдлыг таслан зогсоох шаардлагын талаар М.Нарантуяа-Нара, Ц.Сандаг-Очир, Ж.Баярмаа нарын гишүүд хэлж, байр сууриа илэрхийлж байв.
Түүнчлэн холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулж, эрүү шүүлтэд өртсөн, төрийн буруутай үйл ажиллагаа, шийдвэрээс үүдэн гомдолтой байгаа иргэдийн асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулах саналыг Ц.Сандаг-Очир гишүүн хэлж байв. Дав.Цогтбаатар гишүүн иргэдийн гомдол, мэдээллийг шуурхай шийдвэрлэдэг байх санал хэлсэн бол С.Эрдэнэболд гишүүн хүний эрхийг хангах, хамгаалахад шаардлагатай санхүүжилтийг төсөвт тусгуулах чиглэлээр онцгой анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлсэн.
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” хяналтын сонсголын дараа Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулж, Хууль зүйн байнгын хороо, улмаар Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх боломжтой хэмээн үзэж буйгаа сонсгол даргалагч П.Сайнзориг гишүүн хэлээд, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нөхөн төлбөрийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын орчуулгыг нягталж, дотоодын хууль тогтоолуудыг нийцүүлэх шаардлагын талаар байр сууриа илэрхийлсэн юм. Түүнчлэн улс төрд нөлөө бүхий этгээдүүд энэ төрлийн гэмт хэрэгт нөлөөлөх байдлаар оролцсон нь тогтоогдвол өндөр хариуцлага хүлээлгэдэг эрх зүйн зохицуулалттай болгоход холбогдох талууд санаачилгатай ажиллахыг уриалсан.
Төгсгөлд нь тэрбээр “Уулын мод урттай, богинотой гэдэгчлэн хууль сахиулах байгууллагын зарим албан тушаалтан, алба хаагч бусдад эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий ханддаг ч нөгөө талд нь шударга албан хаагч олон байдгийг санах нь зүйтэй. Монгол Улс хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхээр зорьж байгаа. Хүний эрх, эрх чөлөө нь өнөөгийн Монгол Улсын хамгийн үнэ цэнтэй зүйл, тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа юм. Бид бие биедээ хүндэтгэлтэй байж, хуулийн хүрээнд харилцдаг, хэн нэгэнд хүчээр гэмт хэрэг тулгадаггүй байх, эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байвал олон бэрхшээл шийдэгдэнэ. Энэ төрлийн гэмт хэргийн үеэр нэр төр гэдэг ойлголтыг орхигдуулдаг, ярьдаггүй. Үүнд бас анхаарал хандуулах шаардлагатайг өнөөдөр олон хүн хэллээ. Хяналтын сонсголд оролцсон 70 гаруй иргэний 40 гаруй нь хүсэлт, мэдээллээ хэлж, идэвхтэй оролцлоо. Холбогдох төрийн байгууллагууд тодорхой мэдээллүүд танилцуулсан нь олон нийтийн мэдэх эрхийг хангасан гэж үзэж байна” гээд нийт оролцогчдод талархал илэрхийлээд хяналтын сонсгол өндөрлөж байгааг мэдэгдэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг
Асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Баясгалангаас тодрууллаа.
-Асрах үйлчилгээний эрх зүйн орчин өнөөдөр ямар байна вэ?
-Асрах үйлчилгээ гэхээр хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай л бодоод байдаг. Гэтэл өнөөдөр 397 мянган өндөр настан байна. Дөнгөж төрсөн эхийн асаргаа, эмнэлэгт хэвтэж эмчилгээ, үйлчилгээ авч байгаа иргэдийн асуудал ч хамаатай. Монгол Улсад өнөөдрийн байдлаар улсын дөрөв, хувийн найман ахмадын асрах газар, хүүхдийн асрамжийн 29 төв үйл ажиллагаа явуулж байна. Гэхдээ хүртээмж маш тааруу. Хүүхдийн асрах төвүүдийн ихэнх нь гадны байгууллагын тусламж, иргэдийн хандиваар үйл ажиллагаа явуулж буй бөгөөд төрөөс зохицуулалт байхгүй гэж хэлж болно. Асрах үйлчилгээний талаар Монгол Улсын хуульд заалт бий юу гэвэл байгаа. Долоон хуульд нэг, нэг заалт л байдаг. Үндсэн хуульд, Нийгмийн даатгалын тухай хуульд гэх мэт долоон хуульд ганц ганцхан л заалт байх шижээтэй. Тэдгээр заалтуудаар асрах үйлчилгээний эрх зүйн орчныг тодорхойлох боломжгүй. Тийм учраас УИХ-ын даргын 100 дугаар захирамжаар Асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээрх ажлын хэсгийг байгуулсан. Манай ажлын хэсэг зөвхөн санал, дүгнэлт гаргах биш холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэгтэй гэж ойлгож байгаа.
-Ажлын хэсгийн ажлын явцын талаар тодруулбал?
-Бид Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийг боловсруулан 2025 оны хаврын ээлжит чуулганаар өргөн барьж хэлэлцүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Бид хуралдаж ажлын удирдамжаа баталсны дараа судалгааны ажлаа эхлүүлээд байна.
Хуулийн төсөл боловсруулахын тулд маш сайн судлах ёстой. Эрхзүйн орчин, нийгмийн орчныг судлахаас гадна бусад улс орнуудын хуулиудыг судлах шаардлага байна. Мэдээж төгс хууль гэж байхгүй ч төгсөд хамгийн ойртсон орны хуулиуд, сайн туршлагыг судлах хэрэгтэй.
Бид Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тэйлор болон албаны хүмүүстэй уулзсан. Тус сангаас Монгол Улсад болон бүс нутагт хийж байгаа асрах үйлчилгээний талаарх судалгаагаа өгөхөө мэдэгдсэн. Мөн бид Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, төрийн болон төрийн бус байгууллагуудад мэдээлэл лавлагаа авахаар хандсан. Манай ажлын хэсэгт УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Д.Батбаяр, Х.Болормаа, Д.Рэгдэл, Ц.Сандаг-Очир, О.Саранчулуун, Д.Энхтуяа нарын асрах үйлчилгээний талаар өргөн мэдлэгтэй хүмүүс багтсан. Мөн УИХ-ын даргын хоёр зөвлөх, УИХ-ын Тамгын газраас томилогдсон зөвлөхүүд ажиллаж байгаа. Түүнчлэн бид Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран ажиллахаар хүсэлтээ хүргүүлсэн. Асрах үйлчилгээтэй холбоотой Азийн, тэр дундаа Монголын соёл онцлогтой. Хуулийн төсөл боловсруулахдаа энэхүү соёлыг ч авч үзэх учиртай.
-Асрах үйлчилгээ үзүүлж буй хүмүүс ажил хийх боломжгүй, авч буй тэтгэмж нь хаанаа ч хүрэлцдэггүй тухай байнга ярьдаг?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүн, хүүхэд, ахмад настнаа асарч байгаа хүн хөдөлмөр эрхлэх, өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгоход хуулийн төслийн нэг зорилго чиглэнэ гэж бид үзэж байгаа. Тэдгээр хүмүүст давхар ажил хийх ямар ч боломж байдаггүй. Энэ асуудал хуулийн төсөлд нэг бүлэг болж орж ирэх ёстой. Асрах үйлчилгээ эрхэлж буй хүмүүс бараг 24 цагийн турш завгүй байдаг. Гэтэл энэ нь хөдөлмөрийн нэг хэлбэр мөн. Тэдгээр хүмүүс халамжийн 302 мянган төгрөг буюу хөдөлмөрийн хөлсний доод түвшнээс бараг хоёр дахин бага мөнгө авдаг. Хэдийгээр халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү чиглэхийн тулд халамжийн мөнгө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага байх ёстой гэдэг зарчим байдаг ч хүн асарч буй хүний хийж буй ажил цаг наргүй байдаг. Тиймээс энэ асуудлыг хуулийн төсөл боловсруулахдаа далайцтай авч үзэх ёстой юм. Ажлын хэсгийн ахлагч, эрх зүйч хүний хувьд энэ асуудлаар бизнес эрхлэгчид, төрийн байгууллагынхан, судлаачидтай уулзаж байна. Өнөөдөр Монгол Улсад 880 гаруй хууль хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа ч хэд нь иргэдийнхээ төлөө буюу хүн төвтэй байна вэ гэдгийг авч үзэх ёстой. Ер нь олон хууль татвар төвтэй, иргэдийн нуруунд ачаалал үүрүүлж буй нь нууц биш.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнуудад улсын төсвөөс ихээхэн хэмжээний мөнгө зарцуулдаг гэдэг?
-Бид иргэдэд зөв мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Халамжийн үйлчилгээнд зориулан улсын төсөвт 2.2 их наяд төгрөгийг баталсан. Гэтэл иргэд энэ мөнгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнуудад олгодог гэж ойлгоод байдаг. Үнэндээ халамжийн үйлчилгээнд зарцуулахаар төсөвлөсөн дээрх мөнгөний 1.6 их наяд нь хүүхдийн мөнгө буюу сар бүр хүүхдүүдэд олгодог 100 мянган төгрөг. Энэ бол халамж биш хөгжлийн хөрөнгө оруулалт. Би энэ асуудлыг Улсын Их Хурлын чуулганы индэр дээр ч, Байнгын хорооны хуралдааны үеэр ч хэлж байсан. Хүүхэд бүрт олгож буй хөгжлийн мөнгө, одонтой ээжүүдэд олгож буй мөнгийг халамжийн мөнгөнөөс салгах нь зүйтэй гэдгийг илэрхийлсээр ирсэн. Ингэж байж жинхэнэ халамж авч байгаа хүмүүсийн тоо бодитойгоор гарна.
Үнэнийг хэлэхэд 397 мянган өндөр настан, 115 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол бүгд хөдөлмөрлөхийг хүсдэг. Бид Асрах үйлчилгээний тухай хуулийн төслөө боловсруулж, батлуулснаар асрах үйлчилгээ эрхэлж буй хүмүүс маань ажилтай болно. Асаргаа авч байгаа хүнээ дэмжсэнээр хөдөлмөрийн чадвар нь сайжирна. Биеийн хөдөлмөр эрхэлж чадахгүй ч зайнаас оюуны хөдөлмөр эрхлэх боломжтой болно. Хуулийн төслийг ийм өргөн цар хүрээтэйгээр харж байгаа.
-
Нийгэм10 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Улс төр13 цаг өмнө
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
-
Улс төр12 цаг өмнө
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
-
Бусад5 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм10 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Дэлхий дахинд10 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Нийгэм12 цаг өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна
-
Нийгэм10 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ