Нийгэм
Томчуудын хүүхдүүдийн холбогдсон хар тамхины дуулиан
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэгчдийн тоо жилээс жилд өсч, улам залуужиж байгаа сэтгэл эмзэглүүлэм мэдээг цагдаагийн байгууллагаас өгдөг. “Хар тамниы хэрэглээ өнөөдөр шохоорол, сонирхлын шинж чанараас нэгэнт халиад, илүү зохион байгуулалттай, далд бизнесийн хэв шинж рүү орсон” талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр нэгэнтээ манай агентлагт өгсөн ярилцлагадаа онцолсон байдаг. Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газарт бүртгэгдсэн мэдээллээс харахад 2018 оны есөн сарын байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 131 хэрэгт 258 хүн шалгагдсан байна. Гэмт хэрэгт холбогдогчийн дотор насанд хүрээгүй хүүхдүүд ч байна. Монголын нийгмийг чимээгүйхэн “идэж” буй хар тамхины хэрэгт улстөрчид, бизнесийнхний хүүхдүүд холбогдож байсан дуулиант хэргүүдийг хүргэе.
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТ
Одоогоос бараг хоёр жил шахмын өмнө буюу 2017 оны нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших “Рояал Кэстл” хотхоны 103 дугаар байрны 13 давхраас 21 настай Х гэх хөгжимчин залуу амиа алдсан дуулиан дэгдсэн. Хэрэг болсон хотхоны байр нь Ерөнхийлөгч Х.Баттулгын хүү Б.Хүлэгтийн эзэмшлийнх бөгөөд тэнд байсан 12 залууг мансууруулах бодис хэрэглэсэн гэх асуудлаар цагдаагаас шалгаж эхэлсэн байдаг. Тэдэнд Эрүүгийн хуулийн 188,1, 192,3,4 192,2 192,1-д зааснаар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш тун удалгүй тэдгээр залуусын хэргийг хэрэгсэхгүй болгох замаар нам жим болсон тухай хэвлэлүүд нэг хэсэгтээ онцлон мэдээлж байлаа. Түүнтэй хамт Ерөнхийлөгчийн экс эхнэр З.Уянгын хүү Э.Есүгэнэ гэсэн залуу байсан гэх мэдээлэл ч цацагдаж байв.
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮН АСАН Д.СУГАРЫН ХҮҮ ЦОГ
Өнөөдрөөс хоёр жил гаруйн өмнө буюу 2016 онд Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Сугарын хүү Цогийг айс буюу мөс биедээ авч явсан, хэрэглэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс саатуулан шалгаж байгаа мэдээлэл цацагдаж байлаа. Гэвч, түүнд ямар хариуцлага тооцсон нь тодорхойгүй, уг дуулиан тэгсхийгээд нам жим болсон билээ. Үүнээс өмнө тэрбээр 2014 онд мөн энэ хэргээр шүүхээс хоёр жилийн ял авсан ч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж суллагдаж байв.
ЗГХЭГ-ЫН ДЭД ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙГААГ Г.БАЯСГАЛАНГИЙН ХҮҮ ХЯТАДАД ХОРИГДОЖ БАЙВ
ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байгааг Г.Баясгаланг Хууль зүй яамны Төрийн нарийн бичгийн дарга байх үед нь хүүг Хятадад хар тамхи хэрэглэсэн хэрэгт баривчилсан дуулиан 2011 онд дэгдэж байв. “Ачаа хүнд дамжуулж өгөөч” гэсэн хүний гуйлтаар авч явсан бараанаас нь хар тамхи илэрсэн уг асуудал хэрхэн шийдэгдсэн нь мөн л тодорхойгүй өнгөрсөн билээ.
Түүнийг Хулан, Халиунаа гэх эгч дүү хоёрын золионд явсан олон монгол хүний нэг болсон тухай тэр үед хэвлэлүүдээр шуугьж байлаа.
“ЭРДЭНЭТ”-ИЙН Х.БАДАМСҮРЭНГИЙН ХҮҮ БАДРАХ
Зайсан дахь нэгэн ресторанд томчуудын хүүхдүүд 2017 оны долдугаар сард наргиж байхдаа хар тамхинд мансуурч, рестораны ажилчдын биед халдаж, танхайрсан хэргээр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан. Гэвч, хэрэг нь шүүхээр шийдэгдээгүй тэгсхийгээд л мөн намжсан билээ. Б.Бадрах өмнө нь мөрийтэй тоглоом, хар тамхины хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж, эрүүгийн хавтаст хэрэг хүртэл үүсгүүлж байсан ч аавынхаа буянаар ял шийтгэлгүй өнгөрсөн талаар хэвлэлээр мөн л бичиж байлаа.
ТЭЭВРИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХЯНАЛТЫН ПРОКУРОР Х.ТАМИР
УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү Х.Тамир 2015 онд хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэж, улмаар худалдан борлуулахыг завдсан болон албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгагдаж байсан билээ. Шүүхээс 2017 оны нэгдүгээр сард Х.Тамирт 5.1 жил, Б.Амарбаясгаланд 5.2 жилийн хорих ял оноосон байдаг.
Гэвч, тэд давж заалдсанаар холбогдох хэрэг нь прокурорын байгууллага руу буцаагдаж, Х.Тамир, Б.Амарбаясгалан нар батлан даалтад, гадуур шалгагдаж байх хугацаанд дахин мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгт буруутгагдан, таван жилийн хорих ялыг нээлттэй эдлүүлэх шийдвэр шүүх энэ оны есдүгээр сард гаргасан юм.
Б.БАТ
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.