Нийгэм
Эрүүл мэндийн мэдээлэл алдагдаж байгаа бол Монгол хүн үр үндэсгүй алга болж мэднэ
Эрүүл мэндийн салбарын цахим шинэчлэлийн ажлыг 2012 оноос хойш Хятадын талын хөрөнгө оруулалттайгаар хийгдэж байгаа. Гэвч энэ шинэчлэлт нь алдаа дутагдал ихтэй, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц том асуудлыг үүсгээд байгаа юм.
Тодруулбал, уг төслийн дагуу улсын хэмжээнд нийт 48 эмнэлгийг хамраад буй мэдээллийн санд мэдээлэл нь орсон иргэдийн үйлчилгээ үзүүлсэн бүх мэдээ мэдээллийг хэдхэн минутын дотор гаднаас нь сүлжээнд халдаж хүссэн иргэдийнхээ мэдээ мэдээллийг регистрийн дугаар, овог нэрээр нь гарган ирж харж болох нөхцөл байдал үүсээд байгаа юм. Уг нь бол иргэдийн хувийн нууц болох өвчний түүхийг агуулсан тус программ, дата бааз нь хамгийн өндөр нууцлалтай байх ёстой зүйл. Гэтэл нөтбүүк ашиглаад жирийн нэг програмист залуу хандаж байгаа нь чанд нууцлал дунд байх ёстой уг мэдээлэл ямар ч хараа хяналтгүй байгааг нотолж буй юм. Энэ талаарх мэдээллийг та дараах энд дарж уншина уу.
Харин Эрүүл мэндийн яамнаас уг мэдээллийг олон нийтэд мэдээлсэн манай сайтыг худал ташаа мэдээлэл тараасан хэмээн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сошиал сүлжээг ашиглан гүжирдсэн билээ.
Бид уг мэдэгдлийнх нь дараа хэн ч халдах боломжгүй гэх өндөр нууцлал бүхий тус дата баазыг унагаж, иргэдийн мэдээлэл алдагдах боломжтой гэдгийг олон нийтэд хүргэхийг хүссэн залуутай дахин холбогдож, өөрөөс нь албан ёсны тодруулга авч, улмаар мэдээллийн сангийн сүлжээг хэрхэн унагаж буй талаарх баримт бүхий бичлэгийг өчигдөр олон нийтэд мэдээлсэн юм. Өчигдрийн манай сайтад тавигдсан баримт бүхий мэдээллийг та бүхэн энд дарж уншина уу.
Мөн дашрамд дуулгахад уг мэдээллийг олон нийтэд хандаж мэдээлсэн залуу иргэдийн эрүүл мэндийн мэдээллийн сан алдагдаж буй талаар өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдын зөвлөхүүд, ажлын албаны шинжээчидтэй уулзаж танилцуулсан бөгөөд анхааралдаа авах ёстой асуудал гэдгийг хүлээн зөвшөөрч, уг асуудал дээр санал нэгдэж байжээ. Энэ аюултай нөхцөл байдлыг яаралтай таслан зогсоож, иргэдийнхээ эрүүл мэндийн мэдээллийг хамгаалах шаардлага тулгараад байна.
Тиймээс бид иргэдийн хувийн нууцад ноцтойгоор халдсан энэ асуудлаар иргэдийн байр суурийг сонслоо.
Д.Баяр: Хүний эрүүл мэнд гэдэг хувийн нууц
-Энэ талаарх мэдээллийг сонссон. Үнэн бол маш том асуудал. Хүний эрүүл мэнд гэдэг хувийн нууц. Тийм хариуцлагагүй юм хийсэн бол маш буруу бас аюултай. Ганцхан жишээ хэлэхэд, Би удамшдаг өвчин тусаад, миний өвчин удамшиж, хүүхдэд маань дамжихыг үгүйсгэхгүй. Тэгэхээр миний хүүхэдтэй суух хүн олдохгүй шүү дээ. Энэ бол энгийн наад захын жишээ.
В.Баттулга: Эрхэм төрийн түшээд минь монголынхоо ард иргэдийг бодооч ээ
-Арай үгүй байлгүй дээ. Хэрэв үнэн бол эрхэм төрийн түшээд минь монголынхоо ард иргэдийг бодооч ээ гэж аминчлан гуймаар байна. Бүх хүний мэдээлэл гадаадад гарч байгаа бол Монгол хүн үр үндэсгүй алга болж мэднэ. Энэ хүмүүс ингээд байхаар бид чинь хэнд ээ, юунд аа найдаж амьдрах болж байна аа. Үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Тэр шалгадаг хүмүүс нь яаралтай шалгаж хурдан шийдэх хэрэгтэй.
н.Батбаатар: Энэ улсад чинь одоо МОНГОЛ хүний гэх юм үлдсэнгүй
-Бидний зарж идэх бүх юмыг зарж идэж дуусаад одоо бүр Монгол улсын бүх иргэдийн мэдээллийг зарчихсан уу, арай хэтэрч байгаа юм биш үү. Энэ улсад чинь одоо МОНГОЛ хүний гэх юм үлдсэнгүй. Энэ байдлаараа байвал Монгол хүн ч гэж удахгүй байхгүй болохон, иргэдийн мэдээлэл байна гэдэг чинь тэр мэдээллийг гартаа оруулсан хүн Монгол улсын БҮХ иргэдийг яаж л бол яаж чадах нь байна шүү дээ. Энийг шийдэж зохицуулдаг газар гэж энэ улсад ер нь байна уу. Яаралтай шийдэх хэрэгтэй.
Ш.Дашдаваа: Үр хойчийн маань хамгийн чухал мэдээллийг хэн дуртай нь үзээд сууна гэхээр эмгэнээд, харамсаад барахгүй юм
-Энэ улс чинь улс байхаа болиод удаж байна шүү дээ. Ялангуяа улсын маань эрүүл мэндийн салбар хэн дуртайгийнх нь мөнгө угаадаг газар болсон. Гэхдээ мэдээлэл алдагдаж байгаа нь үнэн бол үнэхээр харамсалтай байна. Бид ч өнгөрч гэхэд үр хойчийн маань хамгийн чухал мэдээллийг хэн дуртай нь үзээд сууна гэхээр эмгэнээд, харамсаад барахгүй юм. Сайн шалгаад үнэн бол хэтэрхий оройтохоос нь өмнө таслан зогсоох хэрэгтэй.
Т.Гэрэл
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.