Дэлхий дахинд
Бразилийн ерөнхийлөгчийг авлигын хэрэгт буруутгажээ
МЕХИКО. /РИА Новости/. Бразилийн Ерөнхий прокурор Ракел Дож боомтын салбарт авлига, мөнгө угаах хэргийг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд тус улсын Ерөнхийлөгч Мишел Темерийг буруутгажээ.
Энэ салбарт үйл ажиллагаа эрхэлдэг “Rodrimar SA” тээврийн компанид ашигтай байдлаар баримт бичигт гарын үсэг зурсан байж магадгүй гэж Темерийг сэжиглэж байгаа аж. Түүнчлэн Темерийг боомтын салбараас 1,5 сая орчим ам.долларын авлига авсан байж магадгүй байгаа тухай Бразилийн холбооны цагдаагийн газар өнгөрсөн 10 дугаар сард мэдэгдэж байжээ.
Дээрх мөнгийг түүнд 2000-2014 оны хугацаанд төлсөн гэх бөгөөд энэ хугацаанд Темерийг мөн боомтын салбарын компаниудаас 4,3 сая орчим ам.долларыг авсан байж болзошгүй гэж цагдаа нар үзэж байгаа аж.
Бразилийн томоохон боомт Сантуст үйл ажиллагаа явуулдаг “Rodrimar SA” компани болон төрийн тэргүүн хоорондын харилцаа холбоог хууль сахиулах байгууллагынхан 2018 оны эхээр мөрдөн шалгаж эхэлжээ. Ерөнхийлөгч Мишел Темерийг мөн “Odebrecht” барилгын компаниас хахууль авсан хэрэгт сэжиглэж байгаа юм байна.