Энтертайнмент
Монголын хөлбөмбөгийн холбооны их хурлаар дэд ерөнхийлөгчөө сонгоно
Монголын хөлбөмбөгийн холбооны их хурал ирэх аравдугаар сарын 7-нд болно. Уг хурлаар дэд ерөнхийлөгчөө сонгох асуудал хамгийн гол ажил болох юм. Учир нь тус холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Г.Дашням (МТ группийн гүйцэтгэх захирал, “Улаанбаатар Сити” клубийн эзэн) албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байгаа тул дүрмийн дагуу дэд ерөнхийлөгчийн сонгуулийг тийнхүү хийх гэж байна.
Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн материалыг шалгаж дууссанаар тэдний бүртгэлийг саяхан баталгаажуулжээ.
Сонгуулийн хорооны мэдэгдсэнээр МХБХ-ны дэд ерөнхийлөгчид энэ удаад ахмад хөлбөмбөгч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч асан Сандагдоржийн Эрдэнэбат, Санжмятавын Пүрэвсүх болон Моломжамцын Болд (“Сэлэнгэ пресс” багийн эзэн) нар өрсөлдөхөөр нэр дэвшиж байгаа аж.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.