Энтертайнмент
Хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар Растислав Бозикийг томиллоо
Монголын хөл бөмбөгийн холбооны /МХБХ/ Зөвлөлийн хурал энэ сарын 16-ны өдөр боллоо. Хурлаар UEFA PRO зэрэглэлтэй МХБХ-ны Техникийн хэлтсийн дасгалжуулагчийн боловсрол хариуцсан Словак мэргэжилтэн Растислав Бозикийг Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар томиллоо.
Мөн МХБХ-ны Техникийн хэлтсийн мэргэжилтэн МУГТ, Азийн хөл бөмбөгийн холбооны А ангиллын дасгалжуулагч Б.Буман-Учралыг эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар томилжээ.
Үүнээс гадна МХБХ-нд хоёр шинэ хэлтсийг бий болгож, нийт найман хэлтэс 45 хүний хуучин орон тоотой ажиллах шинэ бүтцийг Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатарын танилцуулснаар баталлаа.
Мөн МХБХ-ны ирэх 8 жилийн урт хугацааны 8 зорилтот хөтөлбөрийг “Урт хугацааны стратеги хөтөлбөр 2020-2028” нэртэйгээр хэлэлцэж баталлаа. Үүнээс гадна ОУХБХ-ноос “COVID-19” цар тахалтай холбогдуулан олгох болсон буцалтгүй тусламжийг клубүүдийг дэмжих, эмэгтэй хөл бөмбөгийг хөгжүүлэх нийслэлд болон орон нутагт хөгжүүлэх зэрэг ажлуудад зарцуулахаар баталлаа.
Эх сурвалж: МХБХ
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.