Энтертайнмент
Дээд лигийн плей-оффын шат өнөөдөр эхлэнэ
Монголын сагсан бөмбөгийн Дээд лигийн 2019-2020 оны улирлын плей-оффын шат өнөөдөр/2020.09.23/ Спортын төв ордонд 18:00 цагт эхлэнэ. Энэ улирлын плей-оффын эхний тоглолт улирлыг гуравдугаар байраар өндөрлүүлсэн SBL Хасын Хүлэгүүд болон зургадугаар байраар өндөрлүүлсэн Багануур Тулнуур багуудын хооронд явагдана.
SBL Хасын Хүлэгүүд багийн ахлагч Б.Билгүүн энэ улиралд 22.7 оноо дунджилсан үзүүлэлтээрээ лигийн онооны аварга болсон бол Багануур Тулнууд багийн Г.Насанжаргал 22.1 оноо дунджилсан үзүүлэлтээрээ хоёрдугаар байранд бичигджээ. Б.Билгүүнээс гадна түүний багийн хамтрагч О.Сэргэлэн энэ улиралд 7.9 оновчтой дамжуулалт дунджилсан үзүүлэлтээрээ мөн лигийг тэргүүлжээ.
Харин энэхүү тоглолтын дараа энэ улирлаас эхлэн Гоё дээд лигт хүч үзэж буй Эрдэнэтийн Уурхайчид болон залуу тоглогчдыг багийнхаа цөм болгосон 23 Storms багуудын тоглолт явагдах хуваарьтай байна.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.