Бусад
Биндэрийнхнийг амьдралд хөтөлсөн ачит багш нар

Хэнтий аймгийн Биндэр сумынханд эрдэм номын, зөв амьдрахуйн анхны “А”-г заасан ачит багш нарыг “Амьдралын тойрог” онцоллоо. Тэд бол аварга ногоочин Ж.Баатар, ахмад багш А.Хандсүрэн нар юм.
Ар хөвчийн модыг хашаандаа алаглуулсан Ж.Баатарынх
Хэнтийн өндөр уулс наран өнгөтэй болж, модод шаргалтаж, тэгснээ тэнгэрийн хаяа шиг улааран өнгө алагтсаар намар айлчилжээ. Яг л уран зураг мэт, түүх дурсамж шиг. Үлгэрийн гэмээр ийм тансаг ахуйд Биндэр сум оршдог. Сумын төв дэх айлуудын хашаан дээгүүр хараачлахуйд алтан өнгөт алчуураар хэн нэгэн даллах мэт моддын үзүүр шаргал навсаар даялж үзэгдэнэ. Хашаанд нь ар хөвчийн аглаг ой тэр чигээрээ “нүүж ирсэн” айл бол жил бүрийн “Алтан намар” үзэсгэлэнд аймаг, сумынхаа нэрийг гаргаж, нутгийнхаа нүүрийг тахалж явсан аварга ногоочин Ж.Баатарынх. Хангайд ургадаг бүх мод тэдний хашаанд алаглаж байна. Тэр бас хүнсний ногоо тариалж жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, бага талбайгаас арвин ургац авах арга замыг сум нутгийнхандаа заасан анхны сургагч багш. Гэргий А.Хандсүрэн нь бага залуугаас эхлэн гавьяаны амралтад гарах хүртлээ сумынхаа сургуульд багшилжээ.


Тэрээр Биндэр сумын уугуул юм. Аав Аюурзана нь Батширээт, Бархын голоор нутаглаж байгаад Биндэрт суурьшсан буриад хүн. Худалдаа, бэлтгэлийн ангийн түүхий эдийн эрхлэгч хийж байж. Ээж Замбага нь нэгдлийн саальчин, 18-19 хүүхэд төрүүлсэн алдарт ээж. Тэднээс зургаа нь эндэж, 13 нь үлдсэн. Өдгөө 11-үүлээ ач зээгээ үзэж өнөр өтгөн болж явна. А.Хандсүрэн гуай айлын том охин, энэ жил нас сүүдэр 73 хүрч байна. Олон дүү нараа өсгөлцөж, аравдугаар ангиа төгсөөд төрөлх сургуульдаа багшилсан тэрээр хожим Багшийн сургууль, Улсын Багшийн дээд сургуулийг тус, тус дүүргэж багш болжээ. Боловсролын байгууллагад 35 жил зүтгэхдээ бага ангийн багшаас сургалтын менежер, хүмүүжлийн эрхлэгчээр ажилласан байна. 2000 оноос гавьяаны амралтаа авч, ханьтайгаа хамт хашаандаа тарьсан ногоо, мод бутаа арчлан суух болжээ. Хөл муутай болсон болохоор санаснаа хийж чадахгүй юм, гэхдээ “хэдэн тахиагаа бол гүйцэхтэйгээ” хэмээн тэрээр хошигнож сууна. Тэднийх нутгийн үүлдрийн тахиа үржүүлдэг аж.
Хэнтий аймгийн буриад сумдад хэлмэгдлийн хар сүүдэрт өртөөгүй айл, хүн бараг л үгүй. А.Хандсүрэн гуайн ээжийг найман настай байхад аав нь малын бэлчээр дээрээс баривчлагдан буудуулжээ. Хүнд өвчтэй хэвтэрт байгаа ээжийнхээ дэргэд өнчин хүүхдүүд яах ч учраа олохгүй бужигнаж үлдсэн байна. Аавынх нь буудуулсан шалтгаан тэрээр буриад, тэр дотроо сонгол буриад хүн байж. “Энэ буриад хүн, буриадыг устга, бууд” гээд л буудчихсан гэдэг. Хорь буриад 11 эцэгтэй гэж ярьдаг бол сонголууд найман эцэгтэй гэдэг. Сонгол буриадын ерөнхий бүтцийг авч үзэхэд сүүлд өөрсдийгөө сонгол гэж нэрлэсэн угсаатан. Ил хаан улс руу очсон Монголын хаад, ноёдын удам угсаа нааш ирэхдээ сонгол гэж нэгдсэн гэсэн ойлголт байдаг билээ. Өдгөө А.Хандсүрэн гуайн ээжийн төрсөн дүү, нас сүүдэр 94 хүрч буй буурал Улаанбаатар хотод амьдардаг. Жил бүрийн есдүгээр сард Хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэх өдрөөр үүх, түүхээ дурсахад сэтгэл хүндхэн байдаг хэмээн тэрээр дурссан.
Гэрийн эзэн Ж.Баатар Говь-Алтайн уугуул. Өөрийнх нь хэлснээр Бурхан буудайн баруун, зүүн суганд төрсөн, Бурхан Халдуны баруун, зүүн суганд дуусах төөрөгтэй нэгэн.
Анх 1967 онд Ховдын хөдөө аж ахуйн техникумыг төгсөөд Хэнтий аймгийн Биндэр суманд тариа бригадын даргаар хуваарилагдан ирснээр тэд танилцаж гэр бүл болжээ. 1969 оноос 1978 он хүртэл тэрээр хүнсний ногооны, 1981 он хүртэл үр тарианы агрономич хийжээ. 1983 онд Намын төв хорооноос Цэнхэрмандал сумын нэгдлийн орлогч даргаар томилогдож хоёр жил ажиллаад эргээд Биндэрт ирж суурьшсан байна.
Өдгөө Биндэр суманд алтан тариа халиурч, айл өрх бүр төмс, хүнсний ногоо тарьж, түүнээсээ арвин ургац авч подхийтэл амьдарч байгаа нь Ж.Баатарын заасан амьдрах ухааны хичээл үр дүнгээ өгснийх хэмээн нутгийнхан ам сайтай байдаг юм билээ. Бас тариа бригадын үндсийг тавьсан хүн гэлцдэг. Энэ тухай тодруулбал, 1959 оноос Биндэр суманд Хүйтний станц татан буугдаж, Баянгол хэмээх газар багахан хэмжээнд эрдэнэшиш тариалж байгаад 1965 оноос Хараат орчимд үр тариа тариалах болсон нь 1967 оноос атрын аянтай золгожээ. Гэхдээ тариа бригадын талбайг анх зохион байгуулсан нь яах аргагүй Ж.Баатар агрономичийн эхлүүлсэн ажил. Орхоны сангийн аж ахуй байгуулагдах хүртэл биндэрчүүд 2000 га-д эргэлтийн талбайтай болж амжсан байж. Өдгөө хувьчилж авсан хүмүүс 1000 га-гаас 500-гад үр тариа тариалах болжээ.
“Нэг айл 10 кг төмс тариад түүнээсээ 100 кг-ыг хурааж авах боломжтой”

Түүнийг “Бага талбайгаас өндөр ургац авдаг арвин гартай” гэлцдэг. Тэр юунаас эхтэй вэ гэвэл, Ж.Баатар ногооны агрономичоор ажиллаж байхдаа хагас га газарт байцаа тарьж, 20 гаруй тонныг хурааж авдаг. Нэг га газарт төмс тариад 40 тонныг хурааж авдаг байж. Хүнсний ногоог технологийн дагуу тарьсан хэн ч ийм амжилт үзүүлнэ. Гагцхүү технологи, горимын дагуу тариалалт хийдэг хүн цөөрсөн. Нөгөөтэйгүүр, технологи нь алдагдаад байна. Тарих хугацаа, үрийн хэмжээ, боловсруулалт, хэзээ хурааж авах, хэдийд борлуулах гэхчлэн календарьчилсан төлөвлөгөөний дагуу ажиллахгүй байгаагаас ургац бага авч байна хэмээн тэрээр ярьж байна. Энэ салбарт ажиллаж байхдаа тэрээр аймгийн аварга ногоочдыг төрүүлж, өөрөө аймгийн аварга мэргэжилтэн болж амжилтын буухиа тасраагүй. Түүний тарьсан нэг ширхэг байцаа 15 кг, сонгино 600-700 гр татаж улс, аймаг, бүс бүрт жил болгон зохион байгуулдаг “Алтан намар” үзэсгэлэнд магнайлж явсан удаа ч цөөнгүй. Ургацыг ямар хэмжээнд, яаж авах нь хүний хөдөлмөрөөс шалтгаалдаг. Нэг айлын хэрэгцээнд 10 кг төмс тариад түүнээсээ 100 кг-ыг хурааж авахад л болно. Ургац сайн жил 150 кг болох боломжтой. 50 ширхэг байцаа тарихад дунджаар 300 кг байцаа хурааж авах тооцоотой байдаг гэнэ.
Биндэр нутгийн хөрс үржил шимтэй. Тэр дотроо Ж.Баатар гуайн байгаа газар буюу тэдний хашааны орчим хөрсний өнгөн хэсгийн хар шороон давхаргын зузаан 70-80 см байдаг гэнэ. Тэднийх хашаандаа 30 гаруй жил ногоо тарьж ирсэн. Хажуугаар нь тахиа тэжээдэг. Сангас нь ямар ч химийн бордооноос илүү хамгийн сайн бордоо болдог. Ургац сайн авдаг бас нэг шалтгаан нь тэр гэнэ. 1990 оноос хойш тахиа үржүүлж, бас нутгийнханд тахиа үржүүлэх ач тусыг зааж иржээ.
Гэрийн эзэн хэлэхдээ “Би чадалтай байхдаа 20 гаруй төрлийн ногоо тарьж байсан. Нарийн ногоог бүгдийг тарина. Эрдэнэшиш, орин шиш хүртэл тарьж байлаа. Манайд нутагшсан сорт гэж байдаггүй. Хамгийн хэцүү нь тэр. Зах зээлд шилжсэнээс хойш янз бүрийн үр орж ирэх болсон, зарим нь нутагшихгүй. Хүмүүс ч бас хэрэглэж мэдэхгүй. Намайг анх ирэхэд нэгдэл хүнсний ногоо тариад малчдад өгөхөөр малдаа өгчихөөд өөрсдөө идэхгүй. “Ногоотой хоол иднэ” гэж ярих атлаа бууз хийчихнэ. Ногоо нь хаана байна гэхээр дотор нь сонгино байгаа шүү дээ гэх жишээтэй. Одоо хүн бүр хүнсний ногооны ач тусыг мэддэг болсон. Өрх бүрийн хэрэглээ болсон. Гагцхүү цаг агаарын хавчигдмал нөхцөлд /эрт сэрүү унадаг/ байгаа нь хэцүү. Нартай байх хоногийн тоо говь нутгийг бодвол цөөн. Гэхдээ л тохируулаад болгоод л байна” гэсэн.
“Нөөшилсөн ногоо хүний биед муу, байгалиар нь хадгалаад хэрэглээрэй”
Зах зээл дөнгөж эхлээд ногоо тарихыг хүмүүс зах зухаас нь ойлгож, Олон улсын “Дэлхийн зөн” байгууллага дөнгөж байгуулагдангуутаа айл өрхүүдэд ногооны үр тарааж, багаж өгч, аргачлалыг заах болсон. Тэр үед Ж.Баатар гуай Биндэр, Дадал, Батширээт, Цэнхэрмандал зэрэг таван суманд сургагч багшаар ажиллажээ. Ингэхдээ “Ховоор тарьдаггүй, номоор тарьдаг юм” гээд хэрэлдэж, хэлцэж ч явсан түүхтэй. Ногоо тарих, ургацаа хэрхэн хураахаас өгсүүлээд хадгалах, хөлдөөх, нөөшлөх бүхий л арга, технологийг нь тэрээр бусдад заажээ. “Одоо миний номоор явах нь явдаг л байх, мэдээллийн олон сүлжээнээс мэдээлэл авч суралцаж байгаа нь ч бий” хэмээн тэрээр хуучилсан.
Хашаанд нь хөвчийн ой тэр чигээрээ “нүүж ирсэн” учрыг лавлавал тэрээр “Би ер нь хангайд ургадаг бүх модыг хашаандаа ургуулах санаатай байдаг юм. Нарс, шинэс, гацуур, хус гээд арав гаруй төрлийн мод бий. Улиас, бургас бол энд тэндгүй байдаг учраас тариагүй. Их төлөв мөчрөөр юм уу, үрээр нь ургуулах зорилго тавьсан. Түүнээс уулнаас мод авчраад газарт булах амархан. Ургалаа ч өөр шүү дээ. Дөрвөн зээдээ зориулж гацуур, хуш тарьсан, зургаан жил болоход сайхан ургаж байна. Чацарганын мод ч бий” гэлээ.
Энэ дашрамд хүнсний ногооны хэлийг ойлгодог, тэдэнтэй “ярилцдаг” хүний хувьд ногоочдод, бас хүмүүст хэлэх хамгийн хэрэгтэй мэдээлэл юу болохыг сонирхоход санаанд оромгүй хариулт сонссон. Тэрээр “Би залуудаа хүнсний ногоо даршилж, нөөшлөх ажлыг их хийсэн. Сүүлийн жилүүдэд огт хийгээгүй. Дэмий юм байна лээ шүү гэдгийг хүмүүст хэлэх болсон. Нөөшилсөн ногоо хүний биед муу. Түүний оронд зооринд хийгээд байгалиар нь хадгалах, эсвэл уутлаад хөлдөөсөн нь дээр” гэлээ.
Биндэр нутагт намар айлчилж, нутгийн буурлууд ийм л яриа хөөрөөтэй налайж сууна.
Нутаг усаа хайрлаж, зөв амьдрахыг үлгэрлэж яваа буриад айлаар орж сурвалжлах хүсэлтэй байна гэхэд минь бидэнд хөтөч болж тэдэнтэй уулзуулсан хүн бол Биндэрийн “Элдэвтэй хүн” буюу Төмөртогоо хэмээх эрхэм байсан юм. Тэрээр насаараа тээврийн жолооч хийж, зах зээл эхлэнгүүт хашаандаа ногоо тарьж, худаг гаргаж, түүхий эд авч, гахай, тахиа маллаж амьдрах ухааны олон жимээр хөлөө олох гэж зүтгэсэн хөдөөгийн бодь эр. Тэгсэн атал аль нэг талаар оройд нь гараагүй эгэл боргил амьдарч ирсэн. Хамгийн гол нь ингэж амьдарч болох нь гэсэн жимийг гаргаж, ийм санааг бусдад өгч, залууст үлгэрлэж ирсэн олон талтай нэгэн. 1990-ээд онд “төмөр, яс авна” гэж зарлахад Биндэрийнхэн дээр доргүй хөдөлж, энд тэнд овоолсон хог хэдхэн өдөрт алга болсон гэлцэх юм билээ. Ингэж байгалиа ариун дагшин байлгах аргыг тэр тухайн үед олж харсан байгаа юм. Ийм хүнийг “Элдэвтэй” гэхээс аргагүй.
Биндэр сум бол Эзэн Чингис хаан, Их Монгол Улсын түүхтэй бүхий л сэжмээр холбогдож байдаг нутаг. Байгалийн үзэсгэлэнг нь бишрэхгүй байхын аргагүй. Эх түүхийн жимээр биднийг хөтөлсөн бас нэгэн хүндтэй эрхэм, Биндэр нутгийн газар зүй болоод түүхийн “архив” болсон хүн бол мөн л насаараа тээврийн жолооч хийсэн, нутаг усаа хайрлах үзлийг мөн чанарынхаа жигүүр болгосон Сэр-Одын Од хэмээх буурал ах байв. Аяллын хөтөч хийгээд зогсохгүй Монголынхоо түүх, газарзүйн байршил, аман яриа, домог түүхтэй нь ам хуурайгүй ярьсан нь сэтгэлд тод үлджээ. Энэ бүхнийг дурдахын учир Хан Хэнтий нутгаа хайрлаж, хамгаалж яваа хангайн нуруу шиг сайхан ах нар, үүх түүхээ үр хойчдоо өртөөчлөн үлдээж ирсэн ухаант буурлуудын сэтгэл, итгэл дээр Монгол минь мөнх оршин байна. Хэнтийн Биндэрт модод шарлаж, намар болсон ч хүмүүсийн сэтгэл зунаараа, өвгөдийн ухаан нь үеэс үед дамжих гүнээс гүн бөлгөө.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Бусад
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид дуудлагын дагуу аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Усанд автомашинтайгаа боогдсон байсан 4 иргэнийг уснаас гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна.
Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчиж, гол гатлахгүй байхыг анхааруулж байна.
Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм8 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Энтертайнмент5 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Энтертайнмент9 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Улс төр10 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм10 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм8 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм10 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм9 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ