Энтертайнмент
Эминем: Бүх цаг үед гэрэлтэж байх миний чадах зүйл биш

Өдгөө 46 настай Америкийн алдарт реппер, продюсер Эминемийн “Interview magazine”-д өгсөн ярилцлагыг хүргэж байна. Багаасаа хүнд бэрх амьдрал, сорилтуудыг туулж өссөн түүний урлагийн амжилт 2000 оноос гэрлийн хурдаар өссөн юм.
-Алдартай одууд нийгмийн цахим сүлжээнд өдөр болгон юу идэж, өмсч байгаагаа оруулж, гялгар сэтгүүлийн нүүрэнд гарч байдаг. Гэтэл өөрөө огт энэ төрлийн хүн биш. Хүмүүс Эминемийг маш сайн мэднэ гэж боддог. Яг үнэндээ бид өөрийн чинь тухай юу ч мэддэггүй гэдэгтэй санал нийлэх үү?
-Миний амьдралдаа таарсан, заавар зөвлөгөөг нь мартахгүй санаж явдаг хүний нэг бол Дре. Би түүнээс маш их зүйл сурсан. Тэр надад хэлэхдээ “Хэрвээ чи алга болохгүй, үргэлж хүмүүсийн нүдэнд ил байвал хэн ч чамайг санаж үгүйлэхгүй” гэсэн юм. Бусдын өмнө үргэлж гэрэлтэж байх хэзээ ч миний чадах зүйл биш.
-Хүмүүс чамайг их түрэмгий гэж боддог. Гэтэл надад бол их дотогшоогоо зан авиртай санагддаг. Яаж урлагийн зам мөрийг хөөж эхэлсэн юм бэ. Хэн хамгийн их нөлөө үзүүлэв?
-Миний уран бүтээлийн анхны продюсер Доктор Дре тухай дахиад ярьж таарах нь. Лас Вегаст би түүнтэй анх удаа уулзсан үеэ их тод санаж байна. Тэр намайг Оуквүүд орон сууцанд аваачиж, сарын түрээсийг төлж байсан. Ингэж л би түүнтэй хамт уран бүтээл хийж эхэлсэн. Тухайн үед би маш олон цагаар дууны үг бичдэг байлаа.
-Одоо уран бүтээл туурвиж байгаа репперүүдийг сонсдог уу?
-Шинээр төрж байгаа уран бүтээлчдийн дууг аль болох л сонсохыг хичээдэг.
-Хэнийг сайн уран бүтээл хийж байна гэж боддог вэ?
-J.Cole, Travis Scott, Kendrick нарынх маш сайн. Миний найз Royce da 5’9 дуунууд гайхалтай. Дээр нь Joyner Lucas, Tech N9ne нар адилхан дажгүй шүү.
-Аялан тоглолт хийх таалагддаг уу?
-Аялан тоглолт хийх хэцүү ажил. Өөрийн карьерын эхэн үед их хөдөлмөрч байж өдөрт 2-3 шоу хийдэг байсан. Заримдаа аялан тоглолт хийгээд яваад байхаар ардаа амьдралгүй юм шиг мэдрэмж төрдөг. Гэхдээ энэ нь шоу тоглолт хийх дургүй гэсэн үг бас биш шүү.
-Амьдралдаа авч байсан хамгийн үнэтэй зөвлөгөө юу вэ?
-Би Дретэй хамтран ажиллахаар болсны дараахан өөрийн хамтлагийн гишүүдээ авчрахыг хүссэн юм. Гэтэл Дре надад “Найзуудаа урихаасаа өмнө эхлээд өөрийнхөө байшинг барьчих” гэж хэлсэн. Түүний зөв байсан шүү.
Ц.Анир

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
Энтертайнмент
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан “Чингэлтэй хайрханы хишиг”, Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.
Улсын аварга О.Хангай тэргүүллээ хадгалсаар байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтаараа чансааны хоёрдугаар байр руу дэвшлээ.
Энтертайнмент
“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно

Нийслэлийн иргэдийн дугуй унах соёл, хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөгийг тавдугаар сарын 10-ны бямба гарагт 10:00-18:00 цагийн хооронд төв талбайд зохион байгуулна.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулах уг өдөрлөгийг НЗДТГ, нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон Монголын дугуйн холбоо хамтран зохион байгуулж байна.
Мөн уг өдөрлөгөөр дугуйн клубуудын танилцуулга, дугуй, дугуйн дагалдах хэрэгслийн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ, банкуудын ногоон зээлийн танилцуулга, дугуй сонирхогчдын дунд чөлөөт худалдаа болно.
Түүнчлэн баланс байк хүүхдийн дугуйн тэмцээнийг хоёр ангилалд, засмал замын дугуйн тэмцээнийг долоон ангилалд зохион байгуулна. Баланс байк хүүхдийн дугуйн төрөлд бага нас 4-5 нас /эрэгтэй, эмэгтэй/ ангилалд тус бүр 200 метр уралдана. Засмал замын дугуйн төрөлд элит /эмэгтэй, эрэгтэй/, өсвөр үе /эмэгтэй, эрэгтэй/, сонирхогч /эмэгтэй, эрэгтэй/, мастер эрэгтэй ангилалд тус тус өрсөлдөж, шилдгүүдийг шалгаруулна. Засмал замын дугуйн төрөлд өрсөлдөж буй нийт тамирчин, дугуйчид 30 км, 40 км зайд тус бүр 20 тойрог өрсөлдөх юм.
“Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг нь төрөөс баримталж буй нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, иргэдэд эрүүл, зөв амьдралыг хэвшүүлэхэд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлж, дугуй унахыг бүх нийтийн спорт болгох, хүүхэд, залуучуудыг дугуйн спортоор сонирхон хичээллэхэд түлхэц болох, шинэ залуу залгамж үеийн тамирчдыг бэлтгэн гаргахад чухал ач холбогдолтой.