Нийгэм
Ц.Энхтүвшин: Ах аа, дээлтэй бүжиглэхээр жаахан эвгүй харагддаг юм гэж хэлсэн
Өнгөрсөн амралтын өдрүүдэд шинэ жилийн арга хэмжээний үеэр дээлтэй бүжиглэсэн залуу болон түүнийг дээлтэй бүжиглүүлэхгүй гэж суудалдаа суухыг шаардсан даргын тухай асуудал олон нийтийн анхаарлыг татаж багагүй шуугиан дэгдээв.
Тодруулбал, өнгөрсөн бямба гарагт болсон нэгэн шинэ жилийн баярт Монгол дээлээ өмсөж ирсэн малчинг бүжиглүүлэхгүй хэмээсэн Нийслэлийн аялал жуулчлалын газрын дэд дарга олны дургүйг нэлээд хүргэсэн байна.
Тиймээс бид дээлтэй бүжиглэсэн залуутай уулзаж ярилцлага авахаар холбогдсон боловч аймагтаа оччихсон, сум руугаа явж байна гэсэн тул утсаар байр суурийг нь сонслоо.
-УЛААНБААТАР ХОТОД ШИНЭ ЖИЛД ОРНО ГЭЭД ХАГАС САРЫН ӨМНӨӨС Л ДЭЭЛ ХУВЦАСАА БЭЛДСЭН-
Түүнийг Б.Буяндэлгэр гэдэг. Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм багийн иргэн. Аялал жуулчлалын компанид 2001 оноос хойш тэмээчнээр ажилласан учраас тус шинэ жилийн үйл ажиллагаанд урилгаар оролцжээ.
-Шинэ жил болдог өдөр яг юу болсон юм бэ. Таныг үндэсний хувцастай бүжиглэж болохгүй гэхэд яаж хүлээж авав?
-Эхлээд их гайхсан ч, за, ойлголоо гэж хэлсэн. Би бодохдоо ийм баярт Монгол дээлтэй ирж болдоггүй юм байна л гэж бодсон. Уг нь Улаанбаатар хотод шинэ жилд орно гээд хагас сарын өмнөөс л дээл хувцасаа бэлдсэн. Эхнэр маань шинэ дээл цамц оёж өгсөн.
-Нийслэлийн аялал жуулчлалын газрын дэд дарга тантай холбогдож, уучлалт гуйсан уу?
-Өнөөдөр өглөө /өчигдөр/ надтай холбогдоод “Уулзаж уучлалт гуйх гэсэн юм аа” гэсэн. Би аймагтаа ирчихсэн сум руугаа явж байна гээд хэлсэн чинь “Гомдоосон бол уучлаарай. Шинэ жилийн мэнд хүргэе. Сайхан баярлаарай” гэсэн.
-Та тэгээд юу гэв?
-За гээд л учраа ололцоод утсаа салгалаа.
Харин дараа нь бид Нийслэлийн аялал жуулчлалын газрын дэд дарга Ц.Энхтүвшинтэй холбогдож байр суурийг нь сонссон юм.
-“АХ АА ДЭЭЛТЭЙ БҮЖИГЛЭХЭЭР ЖААХАН ЭВГҮЙ ХАРАГДДАГ ЮМ” ГЭЖ ХЭЛСЭН-
Тэрбээр, “Шинэ жилийн арга хэмжээн дээр миний сууж байсан ширээний хажууханд дээлтэй ах бүжиглээд байсан учраас би “Ах аа дээлтэй бүжиглэхээр жаахан эвгүй харагддаг юм” гээд ахыг суулгасан. Тэрнээс биш хүмүүсийн яриад байгаа шиг шинэ жилд оруулахгүй, бүжиглүүлэхгүй гэж муудалцсан юм байхгүй. Би өнөөдөр өглөө /өчигдөр/ Б.Буяндэлгэр ахтай утсаар холбогдоод ярьсан. Аймгийн төв дээрээ байгаа юм байна лээ. Гомдоосон бол уучлаарай ах гээд уучлалт гуйгаад учраа олсон” гэв.
Т.Гэрэл
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.