Нийгэм
ГАШУУНСУХАЙТЫН НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТЭД ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙНА

Хятадын талаас нүүрс татан авалт буурсантай холбоотойгоор Гашуунсухайт-Цагаанхад боомтод нүүрс тээврийн дараалал нэмэгдэж, хүндрэл үүсээд байгаа билээ. Энэхүү асуудлыг шийдвэрлэхээр Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв болон хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагуудаас ажлын хэсэг томилогдон Өмнөговь аймагт ажиллаж байна.
Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төвөөс тээвэр зохион байгуулалттай холбоотой шуурхай арга хэмжээ авч, уурхайн ачилтуудыг түр зогсоон хил, гаалийн байгууллагуудтай хамтарч нүүрс тээвэрлэлт хэвийн болох хүртэл лац олгохгүй байхаар зохион байгуулжээ.
Одоогийн байдлаар тус чиглэлийн замд 91 км-ийн дараалалтай байгаа бөгөөд дээрх зохицуулалтыг хийснээр нүүрс тээврийн дараалал нэмэгдэхгүй гэдгийг албаныхан хэллээ. Дараалалд зогсолт хийсэн жолооч нарын аюулгүй байдалд анхаарч, хоол унд, амрах байраар хангах үүрэг чиглэлийг ЗТХЯ, АТҮТ-өөс томилогдсон ажлын хэсгийнхэн тээвэрлэгч аж ахуй нэгжүүдэд өгчээ.
Өнөөдөр Монголын хилээр 83 тээврийн хэрэгсэл гарсан боловч Хятадын талаас таталт аваагүй тул хилийн дундын бүсэд байрлаж байгаа талаар мэдээллээ.
Дашрамд дурдахад, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нийт 12000 гаруй тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэлт гүйцэтгэж буй бөгөөд Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас хил нэвтрэх С төрлийн зөвшөөрлийн бичгийг 6200 тээврийн хэрэгсэлд олгосон байдаг. Үлдсэн 6000 гаруй тээврийн хэрэгсэл нь уурхайгаас хил хүртэл уртын тээвэрлэлт гүйцэтгэж байна.
Хил нэвтрэх С зөвшөөрлийн бичгийн хугацаа дууссан асуудлаар өмнө нь Хятадын талтай уулзалт хийж тохиролцсоны дагуу хугацаа дууссан зөвшөөрлийн бичгүүдэд сунгалт хийсэн нь цаашид нүүрс тээвэрлэлтийг хэвийн хэмжээнд үргэлжлүүлэх боломж бүрдсэн хэмээн холбогдох албаны эх сурвалж мэдээллээ.
Н.БАЯР

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.