Нийгэм
Олон улсын төслийн удирдлагын хурлыг “Эрдэнэс Монгол” ХХК гурав дахь жилдээ хамтран зохион байгуулж байна

Олон улсын төслийн удирдлагын шилдэг туршлага, шинэ хандлагыг нэвтрүүлэх зорилготой “Ирээдүйг бүтээлцэх төслийн удирдлага” олон улсын төслийн удирдлагын хурал Улаанбаатар хотноо эхэллээ. Байгалийн нөөцийг үр ашигтай удирдах замаар улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд жинтэй хувь нэмэр оруулахаар ажиллаж буй “Эрдэнэс Монгол” ХХК энэхүү олон улсын хурлын хамтран зохион байгуулагчаар гурав дахь жилдээ оролцож байна.
Энэхүү хуралд Монгол Улсын ашигт малтмалын стратегийн ордууд дахь төрийн төлөөллийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий “Эрдэнэс Монгол” ХХК-ийг төлөөлж Хөрөнгийн удирдлагын газрын дарга Б.Батмагнай оролцож, компанийн хэрэгжүүлэхээр зорьж буй төсөл, хөтөлбөрүүдийг танилцууллаа. Тэрбээр “Эрдэнэс Монгол” компанийн хэрэгжүүлэхээр зорьж буй төслүүд төдийгүй Монгол Улсын уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд чадавхтай, туршлагатай хүний нөөцийг бүрдүүлэх нь чухал гэдгийг онцлоод “Энэ ч утгаараа “Эрдэнэс Монгол” ХХК нь “Пи Эм Ай Монголиа Чаптер” компанитай гурван жилийн өмнөөс түншилж, хамтын ажиллагааны хүрээнд тус байгууллагаас зохион байгуулагддаг сургалтуудад ажилтнуудаа тогтмол хамруулж байна. Улс орны нийгэм-эдийн засагт томоохон дэмжлэг болох төсөл, хөтөлбөрүүдийг товлосон цаг хугацаанд, төсөв төлөвлөгөөнд нь багтааж, амжилттай хэрэгжүүлэхийн тулд олон улсын төслийн удирдлагын шилдэг туршлага, шинэ хандлагыг цаг ямагт нэвтрүүлэх хэрэгтэй. Үүнд “Пи Эм Ай Монголиа Чаптер” компанийн оролцоо хувь нэмэр чухал юм” гэлээ.
Дашрамд дурдахад, Олон улсын төслийн удирдлагын институт нь төслийг амжилттай хэрэгжүүлэх чиглэлээр удирдлага, зохион байгуулалтын мэдлэг, туршлагыг түгээх, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх үйл ажиллагааг дэлхийн 190 орны 700 мянга гаруй гишүүн, 270 салбар байгууллагаараа дамжуулан явуулдаг төслийн удирдлагын хамгийн том ба мэргэжлийн, сайн дурын байгууллага юм.
Боловсруулсан Б.Даваатогтох

Нийгэм
Хилийн боомтоор нүүрс тээвэрлэж байгаа ААН-үүдийг шалгана

Зам, тээврийн яамнаас төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр болжээ. Тодруулбал, Зам, тээврийн сайдын 2025 оны нэгдүгээр сарын 09-ний өдрийн А/03 дугаартай тушаалаар баталсан “Улс хоорондын ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох, ашиглах, хяналт тавих үйл ажиллагаанд баримтлах удирдамж”-ийн дагуу хилийн боомт тус бүрээр улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх аж.
Мөн нийт тээврийн хэрэгсэлд нэгдсэн тооллого зохион байгуулан тээврийн хэрэгслийн техникийн ерөнхий шаардлага хангаж байгаа болон тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочтой эсэхэд дүгнэлт гаргаж, шаардлагатай арга хэмжээг авах юм.
Төлөвлөгөөт бус хяналт шалгалтад долоон аймгийн есөн боомтоор улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд хамрагдана.
Хяналт шалгалтыг 2025 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс 25-ны өдрийг дуустал хийж гүйцэтгэх бөгөөд шаардлагатай тохиолдолд хугацааг уртасгах юм байна.
Нийгэм
УЕПГ: Гуравдугаар сард мөрийтэй тоглоом тоглох зөрчил буурчээ

Улсын хэмжээнд 2025 оны гуравдугаар сард нийт 212.374 зөрчил бүртгэгдсэн нь хоёрдугаар сартай харьцуулахад 26.7 хувиар буурчээ.
Нийт зөрчлийн 73.3 хувь нь Нийслэлд, 26.7 хувь нь орон нутагт бүртгэгдэж, 97.7 хувийг нь Цагдаагийн байгууллага, 2.3 хувийг нь Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг бусад байгууллага шалган шийдвэрлэсэн байна.
Дээрх хугацаанд 205.939 хүн, 783 хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан байна. Нийт зөрчлийн хэргийн 96.2 хувийг газар дээр нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.
Өнгөрсөн гуравдугаар сард гарсан зөрчлийг хоёрдугаар сартай харьцуулахад Мөрийтэй тоглоом тоглох зөрчил 83.3 хувиар, Татварын хууль зөрчих зөрчил 67.8 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 28.5 хувиар, Хулгайлах зөрчил 26.7 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 21.2 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Харин Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 66.7 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 17.1 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 14.4 хувиар өссөн байна.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 479 болжээ

