Энтертайнмент
“Шилүүс” кино Каннын кино наадмын уралдаант хэсэгт шалгарчээ
Монголын залуу найруулагч П.Лхагвадуламын найруулсан “Шилүүс” богино хэмжээний кино Каннын кино наадмын уралдаант хэсэгт сонгон шалгарчээ. Каннын олон улсын кино наадам аравдугаар сарын 27-носс 29-ний өдрүүдэд “Cannes Special” гэдэг бэсрэг хувилбараа зохион байгуулсан. Энэ тусгай наадам залуу уран бүтээлчдийг онцлон, богино хэмжээний киноны уралдаант хэсгээ олон нийтэд үзүүлсэн байна.
Уг богино хэмжээний кино нь өнгөрсөн зургадугаар сард Каннын олон улсын кино наадмын “Богино хэмжээний киноны уралдаант хэсэг”-т шалгарч, шилдэг 11 бүтээлийн нэгээр шалгараад байсан юм. Тодруулбал, 2020 оны Каннын кино наадмын “Богино хэмжээний киноны уралдаант хэсэг”-т дэлхийн 137 орны 3810 кино бүтээл ирснээс шүүгчид 12 орны 11 киног шалгаруулсан байна. Шалгарсан 11 киноны таван кино нь эмэгтэй найруулагчийн бүтээл байжээ.
Тус киноны эвлүүлэгч Мадлен Сийгхартслайтнер Германы “Edimotion” буюу “Кино Эвлүүлэх Урлаг” наадмын шагналд “Шилүүс” богино хэмжээний киногоор нэр дэвшээд буйг киноны уран бүтээлчид дуулгалаа. Киноны гол дүрд “Fill” студийн найруулагч М.Аззаяа, “Х-ТҮЦ” продакшны жүжигчин Г.Дөлгөөн нар тоглосон бол кино продюсерээр Ц.Ариунаа, зураглаачаар Энэтхэг улсын залуу зураглаач Криш Махижа, эвлүүлэгчээр Австрийн уран бүтээлч Мадлен Сийгхартслайтнер ажиллаж, Португалийн Лиссабон хотын “Dmix” студид дууны найруулгыг хийжээ.
Уг кинонд зүрхний өвчтэй охин ээжийнхээ шахалтаар бөөд үзүүлэхээр очно. Дурамжхан очсон охин төсөөлөөгүй мэдрэмж, сэтгэл тайллыг тэндээс олж авч буй талаар өгүүлэх аж.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.