Энтертайнмент
Ямар хүн яаж амжилтад хүрдэг вэ
Америкийн, дараа нь английн эрдэмтэд аз жаргалтай өссөн хүүхэд том болоод илүү амжилттай, хөрөнгөлөг хүн болдог гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Энэ хүртэл барууны тун олон нийгэм судлаачид хүн амжилтад хүрэхийн тулд амжилттай гэр бүлд төрөх ёстой гэж үздэг байсан юм шүү дээ.
Амжилттай хүн гэдгийг өнөөдөр дэлхий даяараа мөнгө сайн олдог гэсэн утгаар хэрэглэж байгаа. Америкз английн эрдэмтдийн хийсэн судалгаанд үндэслээд Time сэтгүүл ямар хүн амжилттай байдаг вэ гэсэн өгүүлэл нийтэлсэн байна.
Хүүхэд, залуучуудын асуудал судалдаг Эрдэмтдийн үндэсний холбоо (National Association of Sciences Teenagers) хэдэн мянган залуусын дунд ажиглалт явуулсан байна. Өөрийнхөө амьдралд илүү сэтгэл хангалуун явдаг залуус 29 насандаа илүү их орлоготой ажиллаж байгаа нь харагджээ.
Амьдралдаа хэр сэтгэл хангалуун байгааг нь таван онооны системээр үнэлэхэд “аз жаргалын” оноо илүү авсан залуучууд 29 насандаа нэг оноо авсан нөхдөөсөө дунджаар найман мянган ам.доллараар илүү хөлстэй ажил эрхэлж байсан гэнэ.
Америкийн эрдэмтдийн энэ судалгаа английн мэргэжил нэгтнүүдийг нь бас сэрээж Лондонгийн Их сургуулийн коллеж, Уорикскийн их сургулуийн эрдэмтэд хамтраад арай өргөн хүрээнд судалгаа явуулахаар шийдсэн байна. Тэд “Эрүүл залуу” (Add Health) хөтөлбөрийн хүрээнд өсвөр насны 10 мянган хүүхдэд ажиглалт хийсэн байна. Гэтэл өсвөр насандаа уйтгартай дүнсгэрдүүхэн байсан хүүхэд үеийнхнээсээ 10 хувь доогуур орлоготой ажил эрхэлж байжээ.
Суут ухаантан байх хэцүү юу
Бизнес, урлаг, шинжлэх ухааны салбарт амжилт олж ажил амьдралдаа байнга өгсөхөд оюун ухааны чадвар гол хүчин зүйл болно гэж удаан хугацааны туршид үзсээр ирсэн. Бүр 1905 он францын сэтгэлзүйч Бине оюуны түвшин тодорхойлох анхны тест боловсруулсан байдаг. Харин өнөөдөр бол ийм шалгуур нэг мняга таван зууг даваад оюуны чадавхийг үнэлэх шинэ шинэ арга бий болсоор л байна.
1921 онд америкийн хэсэг сэтгэл зүйч профессор Макмоны удирдлагаар хүүхэд байхдаа оюун ухааны чадвараар 140-өөс дээш оноотой эрэгтэй эмэгтэй нийт мянган хүнийг ажиглаж эхэлсэн байна. Судалгаанд оролцогсдыг 50 нас хүрсэн 1956 онд үр дүнг нь тоооцож гаргаж.
Тэдний 700 нь “дунд зэргийн амжилттай” гэж хэлж болохоор байсан бол 100 нь л илүү их амжилттай, үлдэх 200 нь үндсэндээ амжилтгүй, азгүй гэж хэлж болохоор байжээ. Тэгэхээр оюун ухаан амжилтад хүрэх бүрэн баталгаа болж чадах уу.
“Зөв гэр бүл” амжилтад хүрэх эхний алхам
Макмоны судалгаанаас үзэхэд амьдралдаа амжилттай явах гол хүчин зүйл нь оюун ухаан биш, харин эцэг эхийн нөлөөлөл байх нь. Бусдаасаа илүү их амжилттай, өөрөөр хэлбэл илүү их орлоготой яваа, том компанийн захирал, өөрийн гэсэн томоохон ажил хэрэгтэй, эрдэмтэн, улстөрч 100 хүний 85-д эцэг эхийн сайн нөлөөлөл байсан гэнэ. Бас азтай 10 хүнд нь ойрын төрөл төрөгсөд сайнаар нөлөөлсөн байдаг.
Үүнээс үүдээд энэ судалгааг Макмоны араас үргэлжлүүлсэн сэтгэл зүйч Бреннан хамгийн гол зүйл бол зөв боловсрол, зөв гэр бүл гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Зөв боловсрол гэдэг бол зүгээр л нэг сайн зүйл төдий биш. АНУ-д өнгөрсөн зууны эхний
30 жилд хуульч, дараа нь сэтгэлзүйч, эдийн засагч, харин өнөө цагт бол компьютерийн технологийн мэргэжилтэн од болж байна. Нэг үгээр хэлэхэд цаг үе бүхэн өөрийн “баатруудыг” шаарддаг.
Зөв гэр бүл гэдэг нь Бреннаныхаар бол ажил мэргэжил хамааралгүйгээр орлого сайтай эцэг, холбоо харилцаа сайтай байх явдал гэнэ. Өөр нэг хүчин зүйл нь тухайн гэр бүл хоёроос илүүгүй хүүхэдтэй байх.
Амжилтгүй яваа, “азгүйчүүд”-ээс “амжилтад хүрч чадаагүйд тань юу нөлөөлсөн бэ” гэсэн санал асуулга тавихад эцэг эх, төрөл төрөгсдийн дэмжлэг байгаагүй, бүр эртнээс мөнгө олох шаардлагатай болсон, 23 наснаасаа өмнө эрт гэрлэсэн гэсэн хариу өгсөн байдаг.
“Петрушкийн хууль”-иар амьдрах
Дахиад л оюун ухаан амжилтад хүрэхэд ямар байр суурь эзэлдэг юм бэ? гэсэн асуулт. Бреннан удаан хугацааны туршилтынхаа эцэст амжилтад хүрхэд нөлөөлдөг гол хүчин зүйлүүдийн нэгдүгээрт зөв гэр бүл, хувийн харилцаа холбооог тавьсан байна. Гэтэл өнөөх оюун ухаан нь дөрөвдүгээрт оржээ. 70-аад оны төгсгөлөөр хийсэн нэг судалгаагаар АНУ, Их Британид жилдээ 20 саяас илүү орлого олдог, фирмийн захирлуудын 40 хувь нь оюун ухааны түвшингээр дундаас доогуур байсан гэнэ.
Бреннан өөрийнхөө оюутнуудад “Петрушкийн хууль” гэдгийг би хүн бүр дээшээ өгсөхийг хичээдэг ч өөрийнхөө боломжийг бүрэн дайчилдаггүй, итгэл найдвар муутайгаас хүссэндээ хүрч чаддагүй байхыг хэлнэ” гэж тайлбарладаг байна. Оюутнуудаа инээлдэхэд тэрээр энд ямар ч инээдтэй зүйл байхгүй, энэ хуулиас зугтаж чдаахгүй л бол тиймэрхүү л хүний нэг болно гэж хэлдэг байна.
1990-ээд он гэхэд хувь хүний амжилтад хүрэхэд нөлөөлөх хүчин зүйлд бас өөрчлөлт орж, нөхцөл байдал өөрчлөгджээ. Албан тушаал ахих, амжилтад хүрэхэд тухайн хүний нийгмийн харилцааны ур чадвар нөлөөлдөг болжээ. Энэ бол хамт олноороо ажиллах, нийтэч байдал гэсэн үг.
Германы нийгмийн сэтгэл судлаач Шмидт “Мэдлэг, оюун ухаан амжилтад хүрэх нэг хүчин зүйл, анхны алхам мөн үү гэвэл мөн. Харин танилууд, хувийн харилцаа дээш ахихад дундаас дээш хүчин зүйл болно. Энэ хоёрын дунд нийгэм дэх таны харилцаа байгаа” гэсэн байна.
Амжилтыг дагалдаад…
Бүр 1926 онд канадын физиологич Ханс Селье нийгэмд өндөр байр суурь эзэлж, амжилттай яваа хүмүүс бусад хүмүүсээс илүүтэй зүрх судасны өвчин, бухимдалтай байдгийг тэмдэглэсэн байна. Үүнийгээ амжилттай ахиж дэвшиж яваа хүмүүс ихэвчлэн тогтсон ажлын өдөр цаг гэж байдаггүйтэй холбон тайлбарлажээ.
Харин 1985 онд америкийн профессор Жон Рэйгийн удирдсан зүрх судасны эмч нар үнэхээр энэ өвчин, амьдралын амжилт хоёр зарим талаараа холбоотой болохыг тогтоосон байна. Ийм хүмүүсийг тэд “А хэлбэрийн хувь хүн” гэж нэрлэжээ. Ийм хүмүүс нь бүр хүүхэд байхаасаа л хувийн эрх ашгаа илүүд үздэг, жаахан түрэмгийдүү, тогтворгүй, цаг хугацаанд ач холбогдол өгч тодорхой зүйлийг цаг хугацаанд нь хийхийг эрмэлздэг байсан нь харагдсан байна. Энэ хүмүүс бусад хүмүүсийг бодвол зүрхний шигдээсээр өвчлөх эрсдэл гурав дахин их байдаг гэдгийг Рэй тогтоожээ.
Амжилтад хүрэх найман хүчин зүйл
Ингэхээр улс төр, бизнес, урлаг соёл, ер аль ч салбарт амжилтад хүрч, өндөр ашиг орлоготой байхад юу нөлөөлөх юм бэ, хамгийн гол хүчин зүйл нь юу юм гэсэн асуулт гарч ирж байна. Олон орны олон газрын эрдэмтэд өөр өөрөөр үнэлж дүгнэж,сургууль номд өөр өөр тайлбарлаж зааж сургадаг. Судлаач Ричард Сент-Жон амьдралынхаа 10 жилд хамгийн амжилттай яваа 500 хүнтэй уулзаж, амжилтын үндсийн тухай 1000 гаруй судалгааны материал судлаад “Их найм” гэсэн ном бичсэн байна.
Тэрээр амжилтад хүрэх найман гол хүчин зүйлийг дараах байдлаар тодорхойлжээ.
- Дур сонирхол: Амжилттай хүмүүс хийж байгаа ажилдаа дуртай байдаг
- Хөдөлмөрч: Тэд тууштай хөдөлмөрлөдөг
- Төвлөрөл: Тэд бүх зүйлд биш нэг зүйлд төлвөрч хөдөлмөрлөдөг
- Өөрийгөө ялах чадвар: Өөрийгөө захирч ажилладаг
- Бүтээлч чанар: Шинэ шинэ санаа олж чаддаг
- Өөрийгөө хөгжүүлэх: Ямагт өөрийгөө, өөрийнхөө ажлыг сайжруулж байдаг
- Хүмүүст үйлчлэх чадвар: Тэд чанартай үйлчилгээ үзүүлж чаддаг
- Шаргуу байдал: Зорьсондоо хүрэхийн тулд тууштай хөдөлмөрлөдөг
гэсэн байна.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.