Нийгэм
Х.Түмэнбаяр аа! Эх орноо, Монголчуудыг бүү басамжил
Хууль хяналт чангарч, ил далд байсан хэргүүд илэрч байгаа нь нэн таатай. Гэвч ардын хүүхдийг алагчилж, авилгач нараа хаацайлах хандлагатай байгаа тул нэгэн хэргийг сануулая. “Таван толгой”-н Х.Түмэнбаяр гэх нэрийг Өмнөговийнхон андахгүй. Өмнөговь төдийгүй улс орон даяар нэрээ дуурсгасан энэ зальт эдгээдэд “Хэрэг хуучирдаггүй шүү!” гэдгийг дахин хэлье. Бүхэл бүтэн улсыг 200 тэрбумын төгрөгийн өрөнд оруулчихаад огт хариуцлага хүлээлгүй нам жим байгаа нь юуны учир вэ? Тухайн үедээ АТГ-аас мань хүнийг шалгаж, баривчилж, хорих 0461-р ангид хорьсон ч хэргийг нь сэмхэн хаасан түүхтэй. Их хэмжээний мөнгө өгч суллагдсан гэдэг яриа ч байдаг юм.
Х.Түмэнбаярын хуучраагүй хэрэг – 1
АТГ-аас Х.Түмэнбаяр нарыг “Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн МҮ-011943 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайн хөрсийг овоолж, хулгайгаар нүүрс олборлож, улсад 200 ТЭРБУМ төгрөгийн хохирол учруулсан гэдгийг мөрдөн байцаалтын шатанд тогтоогоод байсан. Хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн ч түүнээс хойш нам жим болсон. Хэргийн талаар сануулахад Х.Түмэнбаяр БНХАУ-ын 100 хувь хөрөнгө оруулалттай “Пүшин Говь” ХХК-ийн ерөнхий захирал Ван Же Чантай “Нүүрс худалдах, худалдан авах тухай” болон тус улсын “Шунфэнг” ХХК-ийн захирал Ли Зжи Зунгтай “Түрээсний гэрээ” зэргийг хийж, улмаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд ХУУЛЬ БУСААР нүүрс олборлосон гэх үндэслэлээр шалгагдаж байсан юм. ГЭВЧ ХЭРЭГ ХУУЧИРДАГГҮЙ…
Х.Түмэнбаярын хуучраагүй хэрэг – 2
“Таван толгой” ХК-ийн 45 жилийн ой 2010 онд тохиосон бөгөөд тус компанийхан ойн баяраа угтаж Тавантолгой тосгонд бүтээн байгуулалтын ажил хийсний нэг нь стандарт бус усан оргилуур. Үхлийн аюул дагуулсан ЦАХИЛГААНЖСАН ус бүхий усан оргилуурыг ашиглалтанд оруулсныг тус компанийн удирдлагууд мэдсэн боловч асуудлыг шийдээгүйгээс хоёр хүү амиа алдсан. Тухайн үед мэргэжлийн хяналтын байгууллага нотолж “Усан байгууламжийн цахилгаан тоног төхөөрөмжийг Монгол Улсын барилгын тухай хууль болон бусад хууль, дүрэм журмыг зөрчиж суурилуулан ашигласан учраас энэ хэрэг гарах үндсэн шалтгаан болсон” гэсэн дүгнэлт гаргасан ч Х.Түмэнбаяр захирал алгын чинээхэн хоёр хүүг “Амиа хорлосон” хэмээн гүрийгээд зогсохгүй цагдаагийн байгууллагаас амиа хорлолт гэх дүгнэлт гаргуулснаар энэ хэрэг намжсан юм. ГЭВЧ ХЭРЭГ ХУУЧИРДАГГҮЙ…
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
НИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 18 дугаар тогтоолоор нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730,000 байхаар тогтоосон.
Үүнтэй холбоотойгоор арваннэгдүгээр сарын 8-наас импортоор орж ирсэн автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байхаар шийдвэрлэсэн.
Дээрх тогтоолыг цуцлах, тээврийн хэрэгслийн бүртгэлийн шалгуур үзүүлэлтийг цуцлах хүсэлтийг энэ сарын 14-ний өдөр “Эко автомашин импортлогчдын холбоо” ТББ-аас ирүүлсэн.
Энэ хүрээнд НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзаж, тэдний хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэдгийг тайлбарлалаа.
Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний эрчим, авто замын багтаамжийн барьцаа буюу VCR 1.5-2.2, хөдөлгөөний дундаж хурд 8 км/цагаас бага, хөдөлгөөний чанарын үзүүлэлт “E-F” түвшинд байна. Уг үзүүлэлтүүдээс харахад Улаанбаатар хотын гол, гудамж замын ачаалал хэвийн хэмжээнээс 2 дахин их байгаа бөгөөд өдрийн 12 цагийн 70 хувьд түгжрэлтэй байдаг. Энэ нь хөдөлгөөний эрэлт, хэрэгцээ багтаамжаас хэтэрсэн гэсэн үзүүлэлт юм. Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлээс шалтгаалсан нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд тулгарч буй сөрөг нөлөөллийг багасгах зорилгоор дээрх шийдвэрийг холбогдох инженер, мэргэжилтнүүдийн дүгнэлтэд үндэслэн гаргасан. Тиймээс нийтийн эрх ашгийн төлөө уг хүсэлтийг хүлээн авах боломжгүй. Мөн нийслэл хотод автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох шалгуур үзүүлэлтийг ХЗДХЯ бүртгэсэн” гэдгийг хэллээ.
Автомашины улсын бүртгэлийн дугаарыг тодорхой шалгуур үзүүлэлтийн хүрээнд олгож байгаа бөгөөд автомашины импортод ямар нэгэн байдлаар хязгаарлалт тогтоогоогүй юм. Ташрамд, Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн дундаж хурдыг 25км/цаг байлгахын тулд замын чадамжийг жолоочийн самбаачлах хугацаа, бүрэн зогсолтын замын урт, тээврийн хэрэгслийн урт, нэг тээврийн хэрэгсэлд ногдох зай зэргийг авч үзэн 250,000 орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох боломжтой гэж тооцоолсон. Гэтэл энэ тоо 3 дахин их буюу 804 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.