Энтертайнмент
Д.Пүрэвдорж: Чингис шүлэг
Тэмүүжин-нумын хөвчнөөс төрөөгүй юм
Тэмүүжин-сумын зэвнээс гараагүй юм
Тэмүүжин-Өэлүн эхээс төрсөн юм
Тэмүүжин-өрлөг түүхээс гарсан юм.
Амар заяа хомс доголон нулимст хорвоод
Аврах тавилан мөхөс долоон үеийн тэртээд
Атаа хорслын манцуйд Есүхэйн хүү өсч
Аян дайны онгодоор есөн тугаа тахисан юм.
Оонын халиун зоо шиг халхын саруул талд
Онгин цагаан тамга шиг гэрээ тэр барьсан юм
Онон мөрний савд хур шиг шаагих адуунаас
Онгон хоёр загалыг мөнгөн хяруунд сойсон юм.
Эх орноо өмчилсөн гурван хасгийн хүрээлэнг
Элгэн ургаа өмөөрсөн дөрвөн тотгоор түшүүлж
Тулгар төрийн баганыг хорол тоононд өргөн
Туурга тусгаар Монголын голомтыг тэр тулсан юм.
Омог билгүүн төгс тэнгэр эзний жигүүрт
Од мэт сарнисан овгийн өдөс гуурсалж
Хөнөөх аюул хөмөрсөн ахуй цагийн үймээнд
Хөө хуяг нөмөрсөн их Монгол дэвсэн юм.
Хатуу цагийн эрх, хүнд мөрийг дархлаж
Хасаг их тэрэгний хүрд дугуйг түлхэж
Түмэн-Эхийн харайсан эх нутгийн бэлчирт
Түмний газар зурайсан цагаан тоос татсан юм.
Хөх Монголын дэвээн тэнгисийн шуургыг ярж
Хөмхий зуусан ертөнц Чингисийн өмнө сөхөрсөн юм
Хүлэг морьдын туурай өрнө дорныг цөмлөж
Хөл нүцгэн хорвоо халуун нурам гишгисэн юм.
Тиймээ! Дайны мөрөөр цагаан сүү урсаагүй
Тиймээ! Дайчдын сүрийг цагийн саалт мартаагүй
Тиймээ! Чингис өндөр Алтайн зартай юм
Тиймээ! Чингис өнөөдөр ч гэсэн нэртэй юм.
Хойч үедээ тэр хар буруу санаагүй
Хорин гангийн гачаалд хатан Онон ширгээгүй
Чингисийн их Монгол ядарсан, гутарсан, задарсан
Чиний хөх Монгол ялсан, хөгжсөн, мандсан
Ямар ч байсан Чингис Хангарьд шиг хальж
Ял гавьяа хоёроо хойч үедээ даатгасан юм.
Гал усанд элэгдсэн буурал замбуутивийн магнайд
Ган сэлмийнхээ ирээр Монгол гэж бичсэн юм
Чингис-нумын хөвчнөөс төрөөгүй юм
Чингис-сумын зэвнээс гараагүй юм
Чингис-Өэлүн эхээс төрсөн юм
Чингис-Өрлөг Монголоос гарсан юм.
Энтертайнмент
Монголын хэл хуурчдын анхдугаар чуулган боллоо
Монгол угсаатан Хэл хуурчдын холбооноос санаачлан Соёлын яам болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл Урлагийн Газар / Culture and Arts Authority, Соёлын Өвийн Үндэсний Төв, Tumen Ekh ensemble/official page/, Монголын Үндэсний Соёл, Амралтын хүрээлэн дэмжин Монголд анх удаа Хэл хуурчдын анхдугаар чуулганыг зохион байгууллаа.
Чуулга уулзалтаар хэл хуур тоглооч, өвлөн уламжлагч, судлаач, урлаачдыг бүртгэлжүүлэх, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэхийн зэрэгцээ хэл хуурыг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлах, хэл хуур хөгжмийн хэрэглээг нэмэгдүүлж, шинжлэх ухааны үндэслэлтэй судлан, хэл хуур хөгжмийн үйлдвэрлэл болон тоглолтын стандартыг бий болгох Монгол Угсаатан Хэл Хуурчдын Холбооны хэтийн зорилго, зорилтыг хэлэлцэж, Монголын Хэл хуурчдын Үндэсний наадмыг жил бүр Соёлын яамны ажлын хүрээнд зохион байгуулж байх боллоо гэж Соёлын яамнаас мэдээллээ.
Энтертайнмент
“Улаанбаатар Арт Вийк-2024” өдөрлөг зохион байгуулагдана
Дүрслэх урлагийн 7 хоног буюу “Art week” арга хэмжээ нь 2021 оноос Соёлын яамны санаачлагаар Соёлын бүтээлч сар аянаар хөгжүүлсэн төсөл хөтөлбөр бөгөөд МУЭ-тэй хамтран 3 дахь жилдээ энэхүү зохион байгуулагдаж байна.
Дүрслэх урлагийн салбарын шилдэг уран бүтээлчдийн нэн орчин үе болон бусад бүтээлүүдээс бүрдсэн “Art week 2024” дүрслэх урлагийн 7 хоног өдөрлөг “Чингис хаан Үндэсний музей”, Монголын Урчуудын Эвлэлийн Арт галерей, МУЭ-ийн Пассаж төв, МУЭ-ийн Уран бүтээлчдийн нэгдсэн урлан зэрэг нийт 4 объектын 3000м2 талбайд болно.
Дүрслэх урлагийн 7 хоног арга хэмжээний хүрээнд орчин үеийн дүрслэх урлагийн бүтээлийн үзэсгэлэн, холбогдох сургалтууд зохион байгуулагдахаас гадна Монголын урчуудын эвлэлийн сан хөмрөгт хадгалагдаж буй Чингис хааныг хаан ширээнд залж байгаа үйл явдлыг дүрсэлсэн Монголын хамгийн том 12х5 метрийн хэмжээтэй “ЧИНГИС ХААН” зээгт наамлын бүтээлийг “Чингис хаан үндэсний музей”-д дэлгэн үзүүлэх юм.
Түүнчлэн тус нэгдсэн үзэсгэлэн арга хэмжээний хүрээнд Монголын урчуудын эвлэлийн урлангууд, МУЭ-ийн 21 аймгийн уран бүтээлчдийг хамруулан “ARTFAIR” буюу дүрслэх урлагийн бүтээлийн үзэсгэлэн, уран бүтээлчидтэй уулзах уулзалт, бүтээлийн худалдаа, сургалтуудыг орон даяар 2024 оны 5 дугаар сарын 05-12-ны өдрүүдэд зохион байгуулах юм.
Ийнхүү энэ удаагийн “УЛААНБААТАР АРТ ВИЙК-2024” дүрслэх урлагийн үзэсгэлэн, арга хэмжээ нь хамрах хүрээ, ач холбогдлын хувьд өмнөх жилүүдээс илүү өргөн хүрээнд уран бүтээлчдийн болоод төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог ханган олон талт байдлаар зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж байна гэж Соёлын яамнаас мэдээллээ.
Энтертайнмент
Үндэсний номын сангийн шинэ барилгыг тавдугаар сард нээхээр төлөвлөж байна
Үндэсний номын сангийн шинэ барилгын бүтээн байгуулалт дуусч, тавдугаар сард нээгдэхээр төлөвлөж байна.
Шинэ барилга нь 11 давхар, 10,000 м.кв талбайтай, 16 уншлагын танхимтай бөгөөд нэгэн зэрэг 530 хүнд үйлчлэх боломжтой. Цаашлаад, тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан уншлагын танхим, дэвшилтэт технологийг ашигласан орчин үеийн дэд бүтцээр тоноглогдсон.
Үндэсний номын сан шинэ барилгадаа үйл ажиллагаагаа эхлүүлснээр иргэдэд үзүүлэх номын сангийн үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэнэ. Ном, хэвлэмэл бүтээгдэхүүний эргэлт сайжран, соёлын салбарт шинэ түлхэц үзүүлнэ.
Иргэд шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдлэгээ дээшлүүлэх, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, бусадтай туршлага солилцох боломжтой болно. Номын сан нь зөвхөн мэдээлэл олж авах газар төдийгүй, иргэдийн хөгжил, суралцах үйл явцад хувь нэмэр оруулах соён гэгээрлийн төв болно. Үндэсний номын сангийн шинэ барилга нь манай улсын соёлын салбарт Чингис хаан Үндэсний музейн дараа орох томоохон хэмжээний бүтээн байгуулалт болно гэж Соёлын сайд Ч.Номин мэдэгдлээ.
-
Спорт11 цаг өмнө
Э.Цэндбаатар мэргэжлийн боксын рингэнд 10 дараалан ялалт байгууллаа
-
Нийгэм11 цаг өмнө
Г.Буяндорж нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв
-
Нийгэм11 цаг өмнө
Хөвсгөл, Төв аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа
-
Улс төр5 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм
-
Нийгэм5 цаг өмнө
Говь-Алтай аймагт “Төрийн бүтээмжийн сэргэлт-цахим эрүүл мэнд” сургалт боллоо
-
Нийгэм11 цаг өмнө
Хоёр шалаанзны голд хавчуулагдсан иргэний амь насыг аварчээ
-
Нийгэм8 цаг өмнө
“Эрдэнэс таван толгой” хувьцаат компанийн нэрийг ашиглан залилах гэмт хэрэг үйлдэж байна
-
Улс төр7 цаг өмнө
Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо