Нийгэм
Бараа бүтээгдэхүүний түгээлт, татан авалтыг шөнийн цагаар зохион байгуулахаар төлөвлөж байна
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын 26 мянга гаруй албан хаагчид коронавирусийн халдварын үед цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Нийслэлийн онцгой штабаас өчигдөр /2020.11.17/ зохион байгуулж хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар танилцууллаа.
НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар “ Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссоос гаргасан хотоос гарах, орох хөдөлгөөнд хязгаарлалт хийх зохицуулалтын хүрээнд Баруун түрүүн, Эмээлт, Гүнт, Өлзийт, Баянзүрх, Багахангай, Налайх дүүргүүдийн товчоодод хяналт тавин ажиллаж байна. Хотоос гарах ачаа тээвэр, хүнсний хангамж үйлчилгээ, эм, шатахуун борлуулалтын үйлчилгээ, стратегийн чухал ач холбогдол бүхий бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд оролцож байгаа ачаа тээврийн хэрэгслүүдийг саадгүй нэвтрүүлж байна. Мөн зөвхөн хотын харьяалалтай иргэд, ачаа тээврийн хэрэгслийг хотруу оруулж байгаа. Өнөөдрөөс /2020.11.18/ эхлэн 07:00-10:00, оройны 17:00-20:00 цагаас бусад үед иргэдийн хөдөлгөөнийг хориглосон. Тиймээс бараа бүтээгдэхүүний түгээлт, хүргэлтийн ажлыг шөнө буюу 22:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд зохион байгуулахаар төлөвлөж байна” гэв.
Өнөөдрийн байдлаар Нийслэл хотын хэмжээнд хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 35-120 хоногийн нөөцтэй байгаа аж. Мөн хүн амын усны хангамжийг хангах 327 ус түгээх худаг хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна. Нийслэлд сайжруулсан шахмал түлш борлуулах 161 цэг дээр өдөрт 2500-3000 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлж, түгээлтийг хийж байна. Нийслэлийн хэмжээнд одоогийн байдлаар сайжруулсан шахмал түлшний дутагдал үүсээгүй байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.