Нийгэм
Цар тахлаас эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах УИХ-ын ажлын хэсэгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар орлоо
УИХ-ын дарга Г.Занданшатар Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн ййД.Ганбат болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, бусад албан тушаалтнуудтай цахим уулзалт хийж зээл, зээлийн хүүг бууруулах асуудлаар мэдээлэл сонсон, санал солилцож, үүрэг даалгавар өглөө.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн банкны төлбөр тооцоо хэвийн явж байгаа бөгөөд цаашид цахим төлбөр тооцоог түлхүү ашиглах шаардлага үүсэж байгааг мэдээлэв.
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан зээлийн хүүг хойшлуулах, царцаах нь тохиромжтой арга хэмжээ биш. Бизнес эрхлэгчид, аж ахуй эрхлэгчид, иргэдэд яваандаа нэмэлт ачаалал үүсгэнэ. Үүний оронд зээлийн хүүг бууруулах, боломжтой бол түр хугацаанд тэглэх арга хэмжээ авах нь илүү оновчтой. Энэ талаар Монголбанкнаас Банкуудын холбооныхонтой ярилцаж, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байна. Юуны өмнө бага, дунд орлоготой иргэдийн зээл авдаг банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоод, ломбард зэрэг байгууллагын зээлийн хүүг бууруулах, тэглэх бүрэн боломжтой. Учир нь эдгээр байгууллагад зээлийн эх үүсвэрийн зардал үндсэндээ байхгүй гэлээ.
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар өдрийн орлоготой болон орлого багатай иргэд, нийгмийн эмзэг бүлгийнхэн, тэтгэврээс өөр орлогогүй өндөр настнууд эрсдэлд хамгийн түрүүнд өртөх магадлалтай тул тэдгээрт чиглэсэн тодорхой арга хэмжээ авах шаардлагатай байна гэсэн санал хэллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Дотоодын нийт бүтээгдэхүүний 66,4 хувь, дотоод худалдааны орлогын 87.0 хувь, улсын хэмжээнд бүртгэлтэй 187.126 аж ахуйн нэгжийн 140.722 нь нийслэлд байна. Эдгээрээс үйл ажиллагаагаа явуулж байгаа нь улсын хэмжээнд 93 мянган аж ахуйн нэгжээс 63 мянга нь буюу 67.2 хувь нь байна. Иймээс том хотын эдийн засгийг эрсдэл багатай авч гарах зайлшгүй шаардлага өнөөдөр тулгараад байна” гэлээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтын төгсгөлд Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсгийг УИХ-аас байгуулж, “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийг хэрэгжүүлэх, зээл, зээлийн хүүг бууруулах асуудлаар шуурхай арга хэмжээ авах, хугацаатай үүрэг даалгавар өглөө.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.