Нийгэм
Аж ахуйн нэгж байгууллагууд нийслэлийн 1050 байгууллагуудтай онлайнаар албан бичиг солилцох боломж бүрдлээ
Дэлхий нийтэд тархаад буй шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд байгууллага хоорондын албан бичгийг цахимаар солилцдог болсон талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Мэдээллийг Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, нийслэлийн Мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг, “Newsonic” компанийн захирал Д.Анхбаяр, Архивын газрын технологийн газрын дарга Х.Төмөрбаатар нар хийв.
Үндэсний хэмжээнд хэрэгжиж буй “Дижитал Монгол” хөтөлбөрийн хүрээнд цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх, хэрэглээг дэмжих болон олон улсад тархаад буй шинэ төрлийн коронавирус /Ковид-19/-ын цар тахалаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, биечилсэн харилцааг багасгах зорилгоор аж ахуйн нэгжүүд нийслэлийн харьяаны 1050 байгууллагуудтай онлайнаар тоон гарын үсгээр баталгаажсан цахим албан бичгийг солилцоход бэлэн болжээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч М.Халиунбат “Нийслэл 2014 оноос “Ухаалаг Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг, 2016 оноос төрийн ажлыг цахимжуулах ажил эрчимтэй хийгдсэний үр дүнд 54 үйлчилгээг ард иргэддээ цахимаар хүргэдэг болсон. Тэгвэл удахгүй ард иргэдтэйгээ харьцдаг үндсэн платформ болох Ulaanbaatar.mn хаягаа шинэчлэн хүргэх гэж байна” гэлээ.
Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг “Бид нийслэлийн 1100 гаруй байгууллагуудын дотоод албан хөтлөлтийг 2016 оноос цахимжуулж эхэлсэн. Энэ хугацаанд 800 мянга гаруй бичгийг хоорондоо солилцжээ. Албан бичгийг 1-2 хоногт, нэг албан бичгийг хүргүүлэх зардал 1500 төгрөг байсан. Харин цахим хэлбэрээр онлайнаар харилцсанаар нийслэлийн албан бичиг хүргэлтийн зардлыг 40-50 хувь бууруулсан. Нийслэлтэй харьцаж байгаа байгууллагууд, аж ахуйн нэгжүүд “Смарт оффис” системийг ашиглаж цахимаар албан бичгээ боловсруулж илгээх, солилцох боломж бүрдэж байна” гэв.
“Смарт оффис” системийг ашиглахын тулд аж ахуйн нэгжүүд Тоон гарын үсгийн Гэрчилгээ олгогч байгууллагаас тоон гарын үсгийн гэрчилгээ авсан байх шаардлагатай бөгөөд https://smartoffice.mn эсвэл нийслэлийн http://ulaanbaatar.mn/ цахим хуудасруу хандаж “Албан бичиг” цэсийг сонгон бүртгүүлснээр хандах эрхтэй болно гэдгийг “Newsonic” компанийн захирал Д.Анхбаяр онцолж хэлсэн юм.
Энэхүү ажлын хүрээнд аж ахуйн нэгжүүд нь тоон гарын үсгийн Гэрчилгээ олгогч байгуулагаас олгосон Тоон гарын үсгийн е-Токен төхөөрөмжөө ашиглан, “Смарт Оффис” /https://smartoffice.mn/ системээр дамжуулан нийслэл, дүүргийн харьяа байгууллагууд руу болон өөр хоорондоо албан бичиг илгээх, хүлээн авах, хянах боломжтой болж байгаа юм.
Аж ахуйн нэгжүүдээс цаасаар хүлээн авдаг албан бичгийг ийнхүү цахимжуулснаар нийслэлийн албан бичгийн харилцаа 100 хувь цахим хэлбэрт шилжиж байна.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.