Нийгэм
Нийслэл хотынхоо иргэдэд шинэ оны мэндчилгээ дэвшүүлж байна

Монгол Улсынхаа төв цэг, цохилох зүрх нь, гал голомт нь болсон нийслэл Улаанбаатар хотын хүндэт Иргэд ээ.
Хуанлийн хуудас эргэж, шинэ оноо угтах торгон мөч ойртож байгаа энэ үед улиран одож буй оныхоо ажлыг дүгнэж, ирж байгаа жилийнхээ зорилтыг тодорхойлдог нь дэлхийн хүн зоны уламжлал билээ. Нийслэлчүүд та бүхний дэмжлэгтэйгээр улиран өнгөрч байгаа 2018 ондоо бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг шат дараалан өрнүүлж, иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулах, ая тухтай нөхцөлийг бүрдүүлэх, тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд онцгойлон анхаарч ажиллалаа.
Ялангуяа дэд бүтэц, хот тохижилт, боловсрол, эрүүл мэндийн салбарт бодит ахиц гаргасан жил байсан гэдгийг тодотгон хэлье. Тухайлбал, эрүүл мэндийн салбарт “Шүд, эрүү нүүрний эмнэлэг”-ийг шинээр ашиглалтад оруулаад зогсохгүй Налайх, Багахангай дүүрэгт шинэ эмнэлгийн барилгаа хүлээн авч, иргэддээ үйлчилж эхэлсэн төдийгүй нийслэлийн төсвийн хөрөнгөөр улс, нийслэлийн 6 эмнэлгийн гадна талбайг тохижуулж, авто зогсоолыг нэмэгдүүлэн, иж бүрэн тохижууллаа. Хоёр жилийн хугацаанд 18 эмнэлгийн гадна тохижилтыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж чадсанаараа иргэддээ тохилог орчинд, тухтай үйлчлүүлэх боломжийг олгосон нь та бидний хамтын хүчин чармайлт юм.
Мөн 60 жилийн насжилттай Яармагийн гүүрийн шинэчлэл, өргөтгөлийн ажил бүрэн дуусч, олон түвшний огтолцол бүхий анхны гүүрэн байгууламжаа нийслэлчүүд авто замын салбарт хүлээн авлаа. Замын цагдаагийн уулзвар болон Сонголон, Баянзүрхийн гүүрийн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаагийн зэрэгцээ гадна тойруугийн авто замын сүлжээ эрчимтэй хийгдэж байгааг онцлоё.
“Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдах сургууль, цэцэрлэгийн 100 гаруй обьектын газар чөлөөлөлтийг 98 хувь хийж, бүтээн байгуулалтыг өрнүүлж чадлаа. Түүнчлэн “Зам чөлөөл”, “Явган зам” аяны хүрээнд иргэд, аж ахуй нэгжтэй хамтран ажилласнаар хууль бусаар хашсан 243 га газрыг нийтийн эзэмшилд эргүүлэн өглөө.
Гэр хорооллыг хөгжүүлэх шинэ бодлого төлөвлөлтийн хүрээнд агаар орчны бохирдлыг бууруулах зорилгоор Улаанбаатар хот анх удаа 200 өрх айлыг хамарсан “Сервис центр” байгуулах төслийг Чингэлтэй дүүргийн 7 хороонд хэрэгжүүлж, энэ оны эцэст ашиглалтанд оруулж байна. Ийм дэд бүтцийн төвийг 50 байршилд байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргасан юм.
2019 оны босгон дээр Нийслэл хот өргүй болж, төсвийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, ирэх онд хийж, хэрэгжүүлэх ажлынхаа зорилтыг ч НИТХ-аар батлууллаа.
Нийслэл хотын ажил өөдрөг, өнгөлөг, бүтэмжтэй байхад иргэн, өрх бүр, аж ахуй нэгж байгууллагуудын дэмжлэг, оролцоо чухал байдаг. Тиймээс ч та бүхэндээ талархахын ялдамд ирэх ондоо хамтдаа хотоо хөгжүүлэхийн төлөө гар нийлэн ажиллахыг хотын удирдлагын зүгээс уриалж байна.
Ирэх онд бид хөгжлийн эрчээ алдалгүй ажиллана.
Та бүхэн минь шинэ ондоо амжилт ололтоор дүүрэн, аз хиймориор өөдрөг байх болтугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН
ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Ж.БАТБАЯСГАЛАН

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.