Дэлхий дахинд
БНАСАУ-аас Италид суугаа Элчин сайд алга болжээ
БНАСАУ-аас Италид суугаа Элчин сайд алга болсон талаар БНСУ-ын Тагнуулын агентлаг мэдээлжээ.
Энэхүү мэдэгдлийн дараа Пёньяны тэрхүү дипломат нэгэн барууны оронд орогнох хүсэлт гаргаж байсан тухай батлагдаагүй мэдээлэл таржээ. Хойд Солонгосоос Ромд сууж байсан Элчин сайд Жо Сон Гил нь Хойд Солонгосын өндөр албан тушаалтнуудын хүү, хүргэн гэнэ.
Үүнээс өмнө буюу 2016 онд тус улсаас Лондонд суугаа Элчин сайдын орлогч Тэ Ён Хо албан тушаалаа орхин, эхнэр, хүүхдүүдийн хамтаар Өмнөд Солонгост дүрвэж байжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Элчин сайд Жогийн бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлээр дуусгавар болсон бөгөөд тэрбээр Элчин сайдын өргөөг арваннэгдүгээр сарын эхээр орхин явсан байна. Хойд Солонгосоос дүрвэн ирсэн иргэдийг хариуцсан БНСУ-ын үндэсний тагнуулын алба түүнтэй холбоо тогтоогоогүй гэж мэдэгдэв.
Италийн Гадаад хэргийн яам Элчин сайд Жо тус улсад цагаачлах хүсэлт гаргаагүй гэж мэдэгдсэн бол Өмнөд Солонгосын “JoongAng Ilbo” сонинд Жо болон түүний гэр бүл аюулгүй газар байгаа тухай дипломат эх сурвалжийг иш татан бичсэн байна.