Бусад
АЙЛУУДЫГ ДЭЛГҮҮРИЙН ӨРНӨӨС НЬ САЛГАЖ ЯВАА АВЬЯАСЛАГ ЗАЛУУС

“Х Түц” продакшны жүжигчин С.Батзориг, Н.Баясаа нар “Өрийн дэвтэр” влог хөтлөн, цар тахлын хүнд хэцүү үед одоогийн байдлаар гэр хорооллын 80 гаруй өрхийн дэлгүүрт тавьсан өрийг тэглэж өгөөд байгаа билээ. Иймд бид жүжигчин Н.Баясаатай ярилцлаа.
-“Өрийн дэвтэр” влогийг анх хэзээнээс эхлүүлж гэр хорооллын иргэдийн дэлгүүрт тавьсан өрийг төлж өгөх санаа гарсан бэ?
-С.Батзориг бид хоёр кино, рекпамд тоглоод олсон ашгийнхаа тодорхой хувийг сайн үйлсэд зарцуулая гэж ярьдаг байсан. Ингээд оны өмнө ажил хэрэг болгоё гэж шийдээд эхлүүлсэн. Тухайн үед шинэ он гарах гэж байсан мөн цар тахлаас үүдэж хүмүүсийн ажил зогсож, орлого муу байгаатай холбоотойгоор нэг айл ч гэсэн өргүй байг гэж бодоод энэ ажлыг эхлүүлсэн.
“Өрийн дэвтэр” влогийн эхлүүлэхдээ хүмүүс үзэхэд сонирхолтой байлгах үүднээс бид хоёр хоорондоо өрсөлдөөд ялагдсан нь айлын өрийг тэглэх санаа гарсан. Хамгийн эхний дугаарт би ялагдаж хоёр айлын өрийг тэглэсэн. Ерөнхийдөө арванхоёрдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл таван дугаар хийсэн байгаа.
-Аль дүүргийн ямар, ямар газруудаар явж нийт хэдэн айлын өрийг дарсан байгаа вэ?
-Арванхоёрдугаар сараас хойш нийт 80 гаруй айл өрхийн дэлгүүрийн өрийг дарсан байгаа. Газруудын хувьд Нисэх, био, Шар хад, Улиастай, Хужирбулан, долоон буудал, Тахилт гэх мэт газруудаар явсан байгаа. Бид хоёр аль болох хотын захын айлуудаар явахыг зорьсон учраас газруудаа сонгохдоо хотын захын зам дагуу дэлгүүрийг сонгоогүй гэр хорооллын гүнд байдаг жижиг түц, дэлгүүрүүдийг сонгосон. Зам дагуу дэлгүүрүүдэд хүмүүс тийм ч их өр тавьдаггүй юм билээ.
-80 гаруй айлын өрийг тэглэж өгөхөд нийт хэдэн төгрөг болсон вэ. Ер нь нэг айлын хэдээс хэдэн төгрөгийн өрийг дарж байгаа вэ?
-Дэлгүүрт ороод өрийн дэвтрийг харахад хүмүүс тийм ч их өндөр өр тавьдаггүй юм билээ. Дараа сарын цалин, тэтгэврээ буутал дээд тал нь 400-500 мянган төгрөг, хамгийн багадаа 5000 төгрөгийн өр тавьсан байсан. Ерөнхийдөө 80 гаруй айлын өрийг тэглэхэд нийт 3 сая гаруй төгрөг орсон.
-Өрийг нь дарж өгсөн хүмүүс та хоёртой холбогдож байна уу?
-Бид хоёр тухайн хүнд “таны өрийг дарсан шүү гэж” хэлье гэж боддоггүй. Хамгийн гол нь дэлгүүрийн худалдагч, бид гурвын дунд “энэ хүний өрийг дарлаа, орж ирэхээр нь өргүй болсныг л хэлэх” гэсэн итгэлцэл дээр тулгуурлаж явж байгаа.
-Дэлгүүрийн худалдагч нар хэрхэн хүлээж авч байна вэ?
-Дэлгүүрийн худалдагч нар нэг ч гэсэн айл өргүй байг гэсэн үүднээс тусалъя, дэмжье гэж үүднээс ханддаг. Ер нь орсон дэлгүүр бүр нээлттэй байсан.
-“Өрийн дэвтэр” влог цаашдаа үргэлжлээд явах уу. Цаашдын зорилго юу вэ?
-“Өрийн дэвтэр” влогийн хоёр дахь бүлэг гарч дахин таван дугаар хийнэ. Өмнө нь гарсан таван дугаарын эхний дугааруудын зардал бид хоёр гаргасан. Харин сүүлийн тав дахь дугаар дээр тусалъя, дэмжье гэсэн арваад хүний мөнгийг нийлүүлж нэг дэлгүүрийн өрийн дэвтрийг тэр чигт нь дарж өгсөн байгаа. Ерөнхийдөө 60-70 айлын 2.8 сая төгрөгийн өрийг тэглэсэн байгаа. Зөвхөн бид хоёр биш хүмүүсийн дэмжлэг туслалцаатайгаар илүү олон айлыг хамарсан учраас дараагийн хийх таван дугаар дээрээ бид хоёр ивээн тэтгэгчтэй орно гэж бодож байгаа. Үнэнийг хэлэхэд 100 хувь өөрсдөөсөө мөнгө гаргаж явах чанга байна.
-Энэ үйлдлээрээ залууст ямар үлгэр, үзүүлэхийг зорьсон вэ?
-Нэг ч гэсэн айлыг өргүй байлгах гэсэн энэ үйл бол бид хоёрын чин сэтгэлээс гарч байгаа үйлдэл, зөвхөн мөнгө гэж харж болохгүй. Мөнгөөр тооцвол энэ тийм их мөнгө биш. Залуустаа хандаж хэлэхэд хүнд тусалж, сайн үйл хийхэд мөнгө тийм ч чухал биш хамгийн гол нь тусалъя гэсэн чин сэтгэл байх хэрэгтэй. Тийм учраас аливаа зүйлийг чин сэтгэлээсээ хийж, хандаж байгаарай гэж хэлье.

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.