Бусад
ГУРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН ТӨЛӨВ

Цаг уурын байгууллагаас гуравдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргасан байна. Энэ сард агаарын дундаж температур нутгийн баруун өмнөд хэсгээр буюу Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд хагас, Увс, Завханы баруун өмнөд хэсэг болон Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Цаг агаарын муудалтын (хүйтрэлт) үеүдийг авч үзвэл нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 5-10°С-аар хүйтэрнэ.
Харин хур тунадасны хувьд нутгийн өмнөд хэсгээр буюу Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн өмнөд хэсэг, Дорноговийн өмнөд захын сумдын нутгаар олон жилийн дунджаас бага байх бол Хэнтийн хойд хэсэг, Дорнодын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орно.
Мөн нэг болон хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр баруун, төв, зүүн зүгийн нутгаар цас орж, салхины хурд зарим газраар 15-18 м/с, ялангуяа хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр баруун болон говь талын нутгаар зарим үед 18-24 м/с хүртэл ширүүсч, шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Баян–Өлгий, Ховд, Говь–Алтайн нутаг, Увс, Завхан, Өвөрхангайн баруун өмнөд хэсэг болон Баянхонгорын өмнөд хагаст олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Говь–Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэг, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 3-8°С-аар хүйтэрнэ. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхэн болон гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 4-9 м/с, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурна.
Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3-8°С-аар хүйтэрнэ.
Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арв хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй. Салхи ихэнх хугацаанд 4-9 м/с, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар 15-18 м/с, зарим үед түр зуур 20 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Харин хур тунадас Хэнтийн хойд хагас, Дорнодын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 5-10°С-аар хүйтэрнэ. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 12–18 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Өмнөговийн өмнөд хагас, Дорноговийн өмнөд захын сумдаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хоёр болон гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 5-10°С-аар хүйтэрнэ. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар 18-20 м/с, зарим үед түр зуур 24-28 м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Эх сурвалж: Цаг уур орчны шинжилгээний газар

Бусад
Олон улсын стандартад нийцсэн IBAN дансны дугаарлалтыг нэвтрүүллээ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд зааснаар Үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-242 дугаар тушаалаар бүх иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарлалтыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ашиглахыг зогсоож, олон улсын дансны нэгдсэн дугаарлалтад бүрэн шилжүүлэхээр Монголбанк нь банк, төлбөрийн системийн нийт оролцогчидтой хамтран ажилласан.
Энэ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн дансны хуучин дугаарыг дөрөвдүгээр сараас эхлэн ашиглагдахгүй болж харин IBAN дансны дугаарлалтын зааврын дагуу шинэчлэгдсэн бүтэцтэйгээр төлбөр тооцоо дамжиж эхэлсэн.
Та бүгдийн үндсэн дансны дугаарт өөрчлөлт орохгүйгээр улсын код, хяналтын орон, банкны болон дансны дугаар гэсэн бүтэцтэй нийт 20 оронгийн урттай болж байна. IBAN дансны дугаарлалттай болсноор олон улсын гүйлгээ илүү хурдан, найдвартай, эрсдэлгүй болж, алдаатай гүйлгээ буцаагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ аль банкны данс вэ гэдгийг шууд мэдэх боломжтой зэрэг давуу талтай боллоо.
Бусад
АТГ: Эрүүгийн 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын 2 хэрэгт нийт 18 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв гэж АТГ-аас мэдээллээ.
Бусад
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/214 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийслэлийн есөн дүүргийн 770 нийтийн байрнуудын нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. Тус ажлын хүрээнд нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг шалгаж, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлтийг боловсруулах юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн 770 байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна. Мөн үүнээс зөвхөн 285 нь татвар төлдөг болохыг хяналт шалгалтын үеэр илрүүллээ. Галын аюулгүй байдал алдагдсан 11 төрлийн нийт 5730 зөрчил илэрч 132 буюу 2.3 хувийг тухайн цаг мөчид арилгуулж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг даалгалаа.
2025 оны 02 сарын байдлаар 770 нийтийн байр шалгалтад хамрагдсан бөгөөд давхардсан тоогоор 26 төрлийн 7,985 зөрчил илэрч, хууль тогтоомжийн хэрэгжилт 45,6%-тай байна.
- Галын аюулгүй байдал 40%
- Эрүүл ахуйн 34%
- Байгаль орчин 57%
- Гэмт хэрэг, хэв журам 75%,
- Барилга байгууламж 22.3%
НЦУГ-аас гаргасан 2025 оны 02 дугаар сарын мэдээгээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 120, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн 142 нийтийн байр байна. Мөн Нийтийн байр түрээслэгч 11129 иргэнийг бүртгэсэн. Нийт есөн дүүргийн 383 иргэн аж ахуйн нэгжээс 175 буюу 45.8% нь хөрсөнд шингээдэг нүхэн жорлонтой бөгөөд стандартад нийцсэн, бохир сордог нүхэн жорлонгийн тоо 201 буюу 52,5% харин төвлөрсөн шугамд холбогдсон 7 буюу 2% байна. Шалгалтаар дүүргийн худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд 96% огт бүртгэлгүй байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдахгүй явж ирсэн юм.