Энтертайнмент
“АРДЫН ЖУРАМТ ЦЭРГИЙН МӨРӨӨР” ШОУ НЭВТРҮҮЛЭГ ӨНӨӨДӨР ЭХНИЙ ДУГААРАА ХҮРГЭНЭ
Үндэсний тусгаар тогтнол, сэргэн мандалтын үндсийг тавьсан Ардын хувьсгал ялсны 100 жилийн ойд зориулсан “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлэг өнөөдөр буюу “Монгол цэргийн өдөр”-өөс эхлэн үзэгчдийн хүртээл болно.
Нэвтрүүлгийн эхний дугаар өнөөдөр 20:30 цагаас цацагдах бол цаашид долоо хоног бүрийн бямба гаригт энэ цагтаа эфирт гарна.
“ТВ8” телевизийн шинэ бүтээл “Ардын журамт цэргийн мөрөөр” түүхэн сэдэвт шоу нэвтрүүлгийг үндэсний контент хөгжүүлэгч “Эрхэт Монгол” медиа группээс санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд Ардын хувьсгал ялсан түүхэн үйл явдал, Монгол Улсын тусгаар тогтнолын бахархалт түүхийг тайз дэлгэцийн бүтээл болгон, уран сайхны хэлбэрээр хүргэх юм.
Тус шоунд тайз, дэлгэцийн авьяаслаг жүжигчин Д.Дэлгэрсайхан, Д.Түвшинтөр, Т.Баттулга, О.Амгаланбаатар, Р.Отгонбаяр, П.Баярмагнай, Б.Бадамцэцэг, Ц.Номин, Б.Мишээл, М.Намуунцэцэг нарын уран бүтээлчид хоёр багт хуваагдан өрсөлдөнө.
Багууд “Хиагт хотыг байлдан авсан нь”, “Баруун замын байлдаан”, “Баруун хязгаарын байлдаан, “Зүүн хязгаарыг чөлөөлсөн нь”, Хөвсгөлийн хязгаар дахь байлдааны ажиллагаа, “Нийслэл Хүрээг эзлэн ардын хувьсгалын ялалтыг тунхагласан нь” зэрэг ялгуусан ялалттай холбоотой зургаан сэдвээр жүжигчилсэн тоглолт бэлтгэн, үзэгч та бүхний мэлмийд толилуулах болно.
Шүүгчээр түүхийн ухааны доктор, Төрийн шагналт түүхч Д.Өлзийбаатар, Монгол Улсын Гавьяат жүжигчин, найруулагч О.Бат-Өлзий, Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн штабын дарга, Бригадын генерал Л.Онцгойбаяр нар ажиллаж, шилдэг багийг шалгаруулна.
Шүүгчдийн үнэлгээгээр “Ардын журамт цэргийн мөрөөр” шоу нэвтрүүлгийн дугаар бүрт нэг баг ялагчаар тодорч, 2,500,000 төгрөгийн шагнал хүртэх бол цорын ганц шилдэг оролцогч 3,000,000 төгрөг, зургаан дугаарын төгсгөлд шоуны ялагч баг 10,000,000 төгрөгийн эзэн болох юм.
Та бүхнийг Ардын хувьсгалыг түүхийг өгүүлэх “Ардын журамт цэргийн мөрөөр” нэвтрүүлгийг таалан соёрхохыг урьж байна.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.