Энтертайнмент
ЕВГЕНИЙ ЖЕРБАЕВ: МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС БАРИЛДАХ ХҮСЭЛТЭЙ
Буриадын нийслэл Улаан-Үдэд саяхан болсон ОХУ-ын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээний 70 кг-ийн жинд Евгений Жербаев мөнгөн медаль хүртсэн билээ.
Түүнтэй “Буряад үнэн” сонины сурвалжлагч уулзан ярилцжээ.
Тамирчны замналаа эхэлсэн талаар
“Александр Сергеевич Урбагаев намайг ирээдүйтэй, сайн тамирчин болж чадах нь гээд дасгалжуулагч Валерий Николаевич Ивановд хөтлөн аваачсанаар эхэлсэн гэхэд болно. Бэлтгэл маш хүнд байлаа. Орой нь заримдаа уйлна. Гэрээ санаад л. Өөр хотод суралцахаар явсан хүүхэд болгон л тэгдэг байх. Дараа нь дасаад Улаан-Үд хот ч таалагдаж эхэлсэн. Одоо энд бүх юм сайхан байна”
Кавказ өрсөлдөгчдийн талаар
“Яагаад Кавказад хүчтэй сайн бөх олон байдаг вэ? Яагаад гэвэл хүн ам их. Манай Буриад хүн ам цөөхөн мөртөө архи уудаг хүн олон. Харин Дагестанд бараг бүх айл 8-10 хүүхэдтэй. Тэднийг багаас нь архи ууж, тамхи татаж болохгүй гэж сургадаг. Ингээд бүгд спортоор хичээллэнэ. Ялангуяа бөх. Эрүүл саруул хүүхдүүд төрнө, өрсөлдөөн их тул жинхэнэ аваргууд болдог. Дасгалжуулагч багш маш сайтай. Манайд хүүхдийг Дагестан шиг хатуу хүмүүжүүлдэггүй”
Ирээдүйнхээ талаар
“Хэрэв спортоор хичээллэдэг бол үнэхээр дуртай байх ёстой. Аварга хүн шиг сэтгэн бодож, аварга болохыг хүсдэг байх хэрэгтэй. ОХУ-ын улсын аваргын тэмцээн өрсөлдөөн ихтэй. Кавказын бөхчүүд хүчтэй. Орос агуу том орон. Маш олон бөхтэй ч тэднээс найман хүн л олимпод явна. Харин Монголд Орос шиг их өрсөлдөөн байхгүй. Амьдрал ганцхан шүү дээ, Хэрэв Монголын өмнөөс барилдах боломж гарвал шууд ашиглана”
Шүтээнийхээ талаар
“Бөхчүүдээс шүтээн минь Бувайсар Сайтиев. Арсен Фадзаевын барилдааныг үзэх дуртай. Өөр спортод хөнгөн атлетикаас Усейн Болт, холимог тулаанаас Жон Жонс, Конор Макгрегор таалагддаг”
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.